Энэ сарын 15-ны өдөр Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яаманд Монгол-Японы соёл утга зохиолын төвийн дарга, судлаач Дэлэгийн Төмөрбаатарт Японы Цог жавхлант Эзэн хааны одон хүртээх юм байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, судлаач Д.Төмөрбаатарт Япон Улсын Эзэн хааны “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий алтан туяа” зэрэглэлийн одон гардуулах аж. “Япон судлаач” нэрээрээ илүү олонд танигдсан Д.Төмөрбаатар Японы утга зохиолын шилдгүүдээс монгол уншигчдадаа толилуулсан манай нэртэй орчуулагчдын нэг.
Д.Төмөрбаатар Кавабата Ясүнаригийн “Изүгээр яваа бүжигч бүсгүй” (1991), Ито Сачиогийн “Хээрийн удвал цэцэгсийн дундах шарил” (2001), Шиба Рёотарогийн “Сүүлчийн шёогүн” (1996), “Мэйжи хэмээх төр улс” (2000) түүхэн романууд, Насүдо Минорүгийн “Огторгуйд дүүлэн одох моторт дугуй”(2000), Нитобэ Иназогийн “Бүшидэ” гүн ухаан, ёс зүйн тууж (2007) зэрэг олон гайхалтай зохиол бүтээл орчуулж олны хүртээл болгосон билээ.