Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Стругагийн яруу тансаг үдшүүд ба Охридын үзэсгэлэн DNN.mn

Үргэлжлэл

Охрид нуур болортон цэлийж, үдийн нарны алтан цацраг толион дээр нь гялалзан гялтганана. Яруу найрагчид “Biser” зочид буудлын задгай талбайн хашлаганы наана зогсож нуурын үзэсгэлэнд уусан баясч, дурсгалын гэрэл зураг татуулна. Шинэхэн бүтээлэгтэй дугуй ширээнүүдийг тойрон сууцгааж кофе, цай, ус уун хүүрнэлдэнэ. Нуурын чийглэг агаар, аясын салхи, үдийн нарны ээсэн элч энэ бүхэн юутай таатай. Цаг хугацаа зогссон мэт. Эсхүл энд цаг зогсдог гэмээр бүгд юунд ч эс яаран урт аянаас зогсоолдоо ирсэн хөлөг онгоц аятай тус тусын сандалдаа тухлан нуурын зүг хүзүү сунгана. Ингээд олон улсын яруу найрагчдын “Circles” яруу найргийн уншлага эхэллээ.

Хойд Македонийн яруу найрагч Христо Петрески:

…Эхний хуудас нь байхгүй ч

Хоёр дахь хуудсыг эргүүлээрэй

Гурав дахь хуудас нь байхгүй байсан ч

Дараагийн хуудсыг эргүүлээрэй

Унгарын яруу найрагч Кристина Рита Молнар:

…Нарны сул гэрэл өвсөн дунд налайна. Энгийн нэгэн зуны өглөө. Дулаахан чулуун шалан дээр хөл нүцгэн гишгэнэ. Шинэхэн сүү, зөгийн бал түрхсэн талх. Өнөөдөр амьдрал Холбейн шиг сайхан байна. Учир нь өдөр бүр, өнөөдөр, маргааш ч ийм байсан, ийм байх болно.

Хойд Македонийн яруу найрагч Зоран Петковски:

…Ганцаараа унтавч

Дэлхийг тойрон нисч байна

Алтан тоосоор оддыг шүршиж байна гэж

Зүүдэлж байхдаа ганцаардаагүй ээ

Туркийн яруу найрагч Кан Еигит Тунгман:

…Бид бурхан болоочдоо хардаггүй ч

Зүүдэндээ хамт байдаг

…Жинхэнэ шарх зүрхэнд байдаг

Хойд Македонийн яруу найрагч Кристина Николовска:

Люксембургийн яруу найрагч Гая Хелмингер: Тэрбээр шүлгээ сэтгэл хөдлөлтэй уншдаг бөгөөд драмын жүжигчин лүгээ царай төрх, дуу хоолойгоо хувьсган шүлгээ ийн дуудав.

…Өглөө эрт

Кофе уух цагаар яагаад мөргөлийн тухай бодно вэ

Магадгүй

Бурханы амьсгалыг сонсох гэж

Орой бүгд гэрлээ бүдгэрүүлдэг болохоор тэр байх

Хойд Македонийн яруу найрагч Братислав Ташковски:

…Миний үг бол миний нулимс

Хэн нэгэн надаас илүү ярихад

Яаж сонсохоо би мэддэг.

Монголын яруу найрагч Д.Гансаруул:

…Атгаж ирсэн ганц үр

Амуу болоод арвайн үр

Талыг хучиж ургаад л…

Хөндийг нөмөрч халиураад л…

Алтран алтран найгаад л…

Амрагхан минь чи

Арвай тариалаад л…

Алган дээр минь асгаад л…

Хорватын яруу найрагч Иван Херцег:

Варшав, Варшав, хараал идсэн хот!

Чи бас хоёр хүнд хайртай юу

Алийг нь сонгохоо мэдэхгүй

Амиа бас хорлох уу

Хойд Македонийн яруу найрагч Виолета Танчева-Златева:

…Намрын манан буухдаа

Нүдний чинь галыг ч бөхөөж

Дуу хоолойг чинь ч бүдгэрүүлнэ.

Германы яруу найрагч Биргит Крейпе:

…Бид

Хөөс үү, хөвд үү

Хясаан дахь замаг уу

Намар самраа гөвдөг мод уу

Туркийн яруу найрагч Гонса Озмен: Тэрбээр “Memet” гэх өвөрмөц шүлгээ түргэн хэллэг уншиж байгаа мэт дуржигнуулж гарлаа. Зочид алга ташицгаав.

…Намайг чи дэрэн дээрээ толгойгоо тавин хүлээ

Алим цаг нь болохоор модноосоо унадаг шиг

Хүлээ

Хойд Македонийн яруу найрагч Славица Гадзова Свидерский:

…Хүүхэд насныхаа байшинд орохоос

Хүүгийнхээ зурсан байшинд орох дуртай

Хана нь юу ч нэвтэршгүй бат бөх

Үүдний хаалга нь зүүдний түлхүүрээр онгойдог

Өрөөнүүдээс нь шанцайтай боовны шинэхэн үнэр сэнгэнэдэг

Эсгийгээр зөөллөсөн шат нь

Үзгээр зурсан сар руу хөтөлдөг

Хүүхэд насныхаа байшинд орохоос

Хүүгийнхээ зурсан байшинд зочлох дуртай…

Охридын эрэг дээр ийм 13 яруу найрагч шүлгээ эх хэлээрээ уншихад бусад нь англи орчуулгыг нь харан сууж байв. Нэг нэгэндээ алга ташилтаар бэлэг барьцгааж, хаашаа л харна, инээмсэглэсэн царайгаараа бие биедээ урам хайрлаж, уншлагыг улам халуун дулаан болгож байлаа. Дугуйрч суусан яруу найрагчид ширээ ширээнээ шүлгээ ярилцан, номдоо гарын үсэг зурж нэгэндээ дурсгана.

Зочид буудалдаа эргэн ирж үдийн хоолоо зооглонгоо яриа өрнүүлнэ. Өчигдрөөс өнөөдөр, өглөөнөөс өдрийн хоолон дээрээ улам ч дотно, найзалж нөхөрлөжээ

Зууш, лоолийн зутан шөлөө оочлонгоо нутаг нутгийнхаа хоол унд, сонин хачнаас ярьцгаана. Оройны уншлага хүртэл чөлөөт цаг. Өрөөндөө орох нь орцгоож, гадуур дэлгүүр хэсэх нь хэсч, нуурын эргээр зугаалах нь зугаалцгаахаар болцгоолоо.
Испанийн яруу найрагч

Испанийн яруу найрагч Чема Паз Гаго нутагтаа нуурын эрэг дээр байшинтай. Өглөө нууранд тогтмол сэлдэг бөгөөд энд ирээд өглөө, оройд Охридод сэлж байгаа тухайгаа ярилаа. Түүнтэй Охрид нуур руу хамт алхлаа.

Европ тивийн хамгийн гүн, цэнгэг нуур шүү дээ. Яруу найрагчдын ирэхийг хүсдэг газар, македоничуудын “Охрид минь… одоохон чамдаа очлоо” гэж олон зууны өмнөөс магтан дуулсаар ирсэн нуур нь. Нутгийнхан энэ нуурын усыг ариун хэмээн

итгэж усанд нь шумбаад гараад ирэхэд муу муухайгаас салдаг гэж ярилцаж аж.
Эрэг дээрх наран шарлагын ор, сандлуудыг сүлжиж, сүүдрэвчүүдийнх нь доогуур алхсаар эрэг дээр нь ирлээ. Номин ногоон Охрид бүлээхэн усаараа хөл илбэнэ. Эргийг эмжээрлэж нааш цааш алхаж, долгиог нь мэдэрч, усаа хаялахыг нь анирдлаа. Намуухан юм аа. Эргээ хаялахдаа хөөсөрч, тургиж сүр үзүүлсэнгүй. Зөөлхөн, үл мэдэгхэн хаялгатай санж. Өглөөнөөс хойш амрагч, зугаалагчдын хөлд дарагдсан ч тунгалаг хэвээрээ, наран бөхийж, оройн үүлсийн цаагуур шургалсан ч ус нь бүлээхнээрээ. “Ийм гоё байгаль, ийм сайхан нуур, диваажин шиг амар амгалан бүрдсэн энэ нутагт амьдарч байгаа хүн шүлэг бичихгүй яах юм бэ. Бурханы бэлэг л гэж энэ байх даа” гэж дуу алдсаан. Яагаад Македоничууд, Стругагийн иргэд, Охрид нуурын оршин суугчид яруу найрагт дуртай юм, яагаад энэ улс Дэлхийн яруу найргийн их наадмыг 62 дахь жилдээ зохион байгуулж, Засгийн газрынхаа түвшинд энэ наадамд анхаардаг юм гэсэн асуултууд ар араасаа хөвөрнө. Асуултуудын хариулт бол ердөө л сайхан байгаль. Сайхан юм, сайхан зүйл харсан хэний ч сэтгэл баясч, түүний эрчим долгионыг биеэрээ мэдэрвэл тэгээд л сэтгэлийн нандин утас гээч нь хөндөгдөж дуулмаар, бүжмээр, мөр холбомоор болдог биз ээ.
Ер нь Балканы хойг дахь хүмүүс байгалийн ааш аягаа дагаад ч гэх үү зөөлөн, аядуу юм. Маш зочломтгой, дуу шуутай. Элгэмсэг гэж жигтэйхэн. Хойд Македони дахь Монголын Өргөмжит консул Леетив гуай ч үүнтэй санал нэгдэж толгой дохисон шүү.
Охридод шөнө айлчиллаа. Залуухан саран нууран дээр хөөрч, зочид буудлын дэргэдэх парк тоглоомуудынхаа гэрлэн чимэглэлийг асаажээ. Энд тэнд шоу цэнгээн, бүжиг наадам болж дуу, бүжиг, хөгжим наадам эхэллээ. Араб чигийн диско хэмнэлтэй дуу нээлттэй цонхоор адуу түжигнээд ойртох шиг сүртэй гэгч нь цуурайтна. Парк дээр тоглож буй хүмүүсийн хашгираан, инээд ч тэр бүгдтэй холилдоно. Яруу найргийн үдшийн уншлагын дараа ядарцгаасан улс өрөө өрөө рүүгээ орцгоолоо.
Үүрийн 05:00 цаг. Мөнөөх мөргөлийн дуу ч дуулдлаа, ноход ч хуцалдлаа даа. Хөшигний завсраар шагайвал үүр цайж байна, тэнгэрийн хаяанаас тоорын ягаан туяа татжээ.
07:00 цагт нуурын эрэгт очлоо. Хүн байсангүй. Эргийн хамгаалалтын ажилтан бололтой эмэгтэй хураалттай сандал, орнуудын дундуур алхаж, бага сага хог түүх аж.
Охрид нуурын ус тунгалгаас тунгалаг, цэнгэгээс цэнгэгшиж хоножээ. Өнгө өнгийн чулууд нь нүд баясгаж, загас жараахай сүлжилдэнэ. Яасан ч загас элбэгтэй юм. Эргээс хагас километрийн зайд загасчны завь залхуутайяа нүүнэ. Загасчин нь үл мэдэг бөхийжээ.
Өчигдөр очиж шүлэг уншсан Калишта хавьцаа нар мандаж байна аа. Наахан завинуудын тавцан дээр нэгэн амрагч хоёр нохойгоо хөтөлсөөр гарч ирлээ. “Үсэр” гэхэд өнөөх хоёр нь ус руу ороод сэлж эхэллээ. Томхондуу биетэй нь тэгсхийгээд залхуураад эзэн рүүгээ эргэтэл “Буц” гэхэд буцаад сэлнэ. Харин жижиг хав нь овоо сэлдэг бололтой. Тэр хавиар нааш цааш сэлсээр. Өөр хэд хэдэн амрагчид нохойгоо хөтөлсөөр эргээр гүйж өнгөрлөө.
Ээ тэгтэл таньдаг хүн ирэв. Торонтогоос ирсэн яруу найрагч Кристина Е.Крамер. Эрэг дээр өглөө таарсандаа баярлалдан мэнд мэдэлцлээ. Кристина өглөө бүр сэлдэг юм байна. Ойр зуурыг хөөрөлдөж, өнөөдөр хэд хэдэн уншлага, номын нээлттэй мөн Хуучин хот, “Софиягийн сүм”-ийн аялал байгаа тухай төлөвлөгөөгөө ярилаа. Тэгтэл Кристина жижиг чулуу авч нуурын мандал дээгүүр шидэж байна. Өнөөх чулуу нь пүлхийгээд л орчихов. Бид хоёр хэн нь чулуугаа олон ойлгож үсэргэхээ үзэхээр шийдлээ. Нимгэн хавтгайдуу, жижиг чулуу сонгоод үсэргэж гарлаа. Кристинагийн дээд амжилт нь чулуугаа дөрөв үсэргэлээ. Харин би тав үсэргэв. Ингээд олимпийн алтан медалийн эзнээр намайг шалгаруулж, Кристина мөнгөн медалийн эзэн боллоо, хүүхэд шиг л инээлдэж хөгжилдөж авлаа. Бид энэ агшинаа дараа нь дурсана шүү хэмээгээд зураг дарууллаа. Сэтгэл нь хөөрсөн Кристина “Lovely memory” гэж дахин дахин хэлнэ. Түүнд бага насыг нь санагдуулжээ. Кристина “Манай ах Монголд очиж байсан. Одоогоос таван жилийн өмнө байх шүү. Говь гэдэг газрыг нь үзээд ирсэн. Би аз тохиовол Монголд очно, чамтай холбоо барина шүү” гэж цайлганаар инээсээр зочид буудал руугаа хамт алхлаа.
Д.ГАНСАРУУЛ
Үргэлжлэл бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *