Стресс, бухимдал нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. Хааяа бидний ажил бүтэхгүй, амьдрал болохгүй үе байдаг. Ийм үед хэн нэгэнд уур, бухимдлаа өөрийн мэдэлгүй гаргачихдаг. Эсвэл дотроо тээгээд, шаналж явах нэгэн байхад архи, тамхи хэрэглэж түүр зуур зовлонгоо мартахыг хүсэх хүмүүс ч олон.
Тиймээс стресс тайлах шалгарсан аргуудыг уншигч та бүхэнд хүргэж байна.
ӨӨРИЙГӨӨ ТАНЬ
Та өөрөөсөө ямар нэгэн сайхан зүйлийг олж харахыг хичээ. Толинд хар, сайхан хувцас өмс, өөрийнхөө сайн чанарыг, сайхан явсныг сана. Өөрийгөө зөв үнэл. Шүүмжлэлтэй хандсан ч бүр “ухах” хэрэггүй.
ЭРГЭН ТОЙРНООСОО САЙН САЙХАН ЗҮЙЛИЙГ ОЛЖ ХАРАХЫГ ХИЧЭЭ
Замын бөглөрөл, амжаагүй ажил, хоол хүнс цуглуулахаас залхаж байна уу. Ингэж амьдарснаас гэх мэтээр ойр ойрхон гутардаг уу. Хэрэв та иймэрхүү бодол гутралаас салж чаддаггүй бол өвдөж ч мэднэ шүү. Та эргэн тойрноо сайн хар л даа. Нар гараад ямар гоё байна. Бас нэг мод шинээр суулгачихаж. Энэ мэт жижиг сажиг зүйлийг анзаарахад л хангалттай. Уур бухимдал дорхноо тайлагдана шүү, итгээрэй.
ХЭРҮҮЛ, МАРГААНААС ХОЛ БАЙ
Олон нийтийн газар, гудамж, талбайд юу эс болдог билээ. Автобус унаанд хэрүүл, дэлгүүр, зах зээлийн газар мөн хэрүүл, маргаан үүсч байдаг. Харин та үүнд тайван хандаж ач холбогдол бүү өгөөрэй. Соёлгүй биеэ зөв авч явж чаддаггүй хүмүүстэй маргах, зөв бурууг нь шүүх гэж хайран цаг зав, мэдрэлийн эд эсээ үрэх хэрэггүй.
ЦАГИЙГ ЯМАГТ ЭРХЭМЛЭ
Тэнд ч очиж хүн муулаад, энд ч маргаан мэтгэлцээн өрнүүлээд явдаг нөхөд бий. Хэрэв та өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьдаг бол энэ мэтийн хэрэггүй зүйлээс хол бай. Учир нь үр ашиггүй явган яриа, хов жив нь таны хайран цагаас хороож, тэр хэмжээгээр ажил бүтэлгүйтнэ. Энэ нь стресст автуулах давхар нэрмээстэй. Найз нөхдийнхөөрөө орох, амны зугаа гаргах цаг хугацаа гэж тусдаа байх ёстой. Бүх зүйл төлөвлөгөөтэй, дэс дараалалтай байвал хүн бухимдахгүй.
ИНЭЭМСЭГЛЭЖ ЯВ
Эргэн тойронд хөмсгөө нумлан зангидсан хүн олон. Түүний асуудалд бүх хүн буруутай юм шиг уурладаг нөхдүүд элбэг бий. Ингэснээр хүн юу ч хожихгүй. Харин ч мэдрэлийн эд, эсээ үхүүлж байгаа хэрэг. Харин та инээмсэглэ. Дэлгүүрт ороод ганц талх авсан ч чин сэтгэлээсээ талархалтай ханд. Та эелдэг байвал бүх хүн тийм байна.
Стрессийн шинж тэмдгүүд
- Ойр, ойрхон чимээтэй амьсгалах
- Зүрхний цохилт хурдсах
- Нүүр халуу оргих
- Хуруу салгалах
- Хөлрөх
- Ам хатах
- Цээжин дээр дарах мэдрэмж төрөх
- Дуу гарахаа болих
- Хөл, гар хүйт даах