Өнөөдөр Streetstyle буюу Гудамжны стийл нь бие даасан урлаг төдийгүй бизнесийн том салбар болон хөгжөөд байна. Иймд энэхүү загварын түүхийг “https://www.vogue.com/fashion/street-style” сайтаас авч товчлон хүргэж байна.
Шинэ мянганы эхэн үед Стрит стайл гэдэг үг зөвхөн “New York Times” сонины “On The Street” нэртэй буланд л бичигддэг байжээ. Гудамжны загварын энэхүү анхдагч буланг алдарт фото зурагчин Билл Каннингем хөтөлдөг байв. Тэрээр гудамжаар хөлхөх хүмүүсийн онцгой зургийг авч нийтлэхдээ “Нью-Йоркийн анхны цастай өдөр хүмүүс ямар гутал сонгосон байна вэ” эсвэл “Марафон гүйлтэд оролцогчид ямар майк өмсөв” зэрэг сонирхолтой сэдвүүд хөндөн өөрийн ажиглалтыг хөгжилтэй, уран байдлаар бичдэг байсан нь стритстайл урлагийн эхлэл гэж тооцогддог аж.
2004 оноос “New York Magazine” сэтгүүл гудамжинд алхах эгэл иргэдийн стилийг онцлон бичдэг булан эхлүүлж, сэтгүүлч Эми Ларокка хариуцдаг болсон байна. Тэрээр долоо хоног бүр санамсаргүй байдлаар тааралдсан өвөрмөц стилтэй нэгэн хүний тухай нийтлэл бэлтгэн гаргаж, зөвхөн тэр хүмүүсийн стил гэлтгүй тэдний шоппинг хийх дуртай газрууд болон хувцсаа сонгох стайлинг хийдэг өвөрмөц аргачлалуудаас нь хуваалцдаг байсан нь уншигчдын сонирхлыг ихэд татдаг болсон гэнэ.
Харин Стритстайлийн бие даасан өөрийн блогийг эхлүүлэхээсээ өмнө Скотт Шуман гэх залуу бүхий л цаг заваа гэр бүлдээ зарцуулдаг байсан бөгөөд үүний хажуугаар гэрэл зургийг хобби болгон сонирхдог байв. Тэр үеэс л Шуман “The Sartorialist” блогоо эхлүүлэхээр шийдэж, блогтоо гудамжинд өнгөрөх танихгүй хүмүүсийн өнгөлөг зургуудыг нийтлэх болжээ. Хоёр жилийн дараа гэхэд тэрээр Style.com вебсайтад зориулан долоо хоног болгон онцгой загваруудын зургийг даран сурвалжилдаг болжээ.
Канадаас гаралтай Томми Тон гэх загварт дуртай нэгэн өөрийн Jak & Jill стритстайл блогыг үүсгэн байгууллаа. Jak & Jill блогийн хуудаснаа анх Торонто хотын сонирхолтой стилтэй иргэд нийтлэгддэг байсан бол удалгүй Томми Нью-Йорк, Милан ба Парис зэрэг томоохон нийслэлүүдийн загварын долоо хоногт хүрэлцэн ирж буй зочин бүрийн зургийг даран блогтоо оруулдаг болсон юм. Загварын салбарт чухал нөлөө үзүүлсэн өөр хоёр блог 2006 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тодруулбал, Иван Родикын “FaceHunter” болон Фил Оугийн “Street Peeper” гэх блогууд Парис болон Нью-Йорк хотуудын стритстайлыг цаг алдалгүй сурвалжлан хүргэдэг болсон билээ.
Тэгвэл стритстайл нь нас хамаардаггүй урлаг болохыг анх зурагчин Ари Сет Коэн ойлгуулсан байдаг. Тэрээр Advanced нэртэй блог үүсгэн байгуулж Нью-Йорк хотын 60-аас дээш насны загварлаг иргэдийг онцолдог болсон юм. Блог үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 2008 онд “New York Magazine” сэтгүүл тус блогийг “Ахмад настнуудад зориулагдсан The Sartorialist” хэмээн өргөмжилсөн байдаг.
“Burberry” брэнд фото зурагчин Скотт Шуманд шинэ цуглуулгынхаа сурталчилгааг даатгаж, гудамжны уур амьсгалтай зураг авалт хийхийг хүслээ. Үүний үр дүнд зурагчин брэндийн тренч цувыг өмсөн гудамжаар алхаж буй хүмүүсийн зургийг дарсан нь тухайн үедээ маш шинэлэг санаачилга болсон гэдэг. Энэ нь стритстайл урлаг загварын бизнесийн нэгэн хэсэг болсон түүхэн явдал гэгддэг.
Стритстайлд зориулагдсан булан “Vogue.com” вебсайт дээр гарч ирлээ.
“New York Times” 2012 онд стритстайл баатруудын үнэнийг илчилсэн нэгэн шуугиан тарьсан нийтлэл гаргажээ. Уг нийтлэлд үзэгчид стритстайл загвараас үнэн шударга байдлыг хүсдэг боловч сүүлийн үед стритстайл баатрууд том брэндүүдийн амьд сурталчилгааны самбар болж хувирсантай холбогдуулан үнэн худлын зааг арчигдсан болохыг дурдсан байлаа. Жилийн дараа стритстайл блогеруудыг буруутгасан бас нэгэн шуугиан дэгдээсэн нийтлэлийг Сюзи Менкес бичжээ. Тэрээр загварын долоо хоногийн зочдыг “тогоснууд” хэмээн нэрлэж, тэднийг толгой эргэм хээтэй даашинзууддаа дарагдан өндөр өсгийт дээр арай гэж тогтож байгаа харагддаг хэмээн ёжлон бичсэн юм. Менкес мөн тэднийг “Facebook-ийн ачаар олонд танигдаж, үнэгүй онгоцны тийзийн төлөө брэндүүдийн хувцсыг өмсөж хүмүүсийн толгойг эргүүлдэг” хэмээн буруутгасан байдаг. Загварын алдарт шүүмжлэгчийн эдгээр хатуу үгс салбарынханд хүчтэй нөлөөлж зарим стритстайл баатрууд нэн даруй гэмшиж буйгаа мэдэгдсэн юм. Жишээ нь “The Man Repeller” вебсайтын үүсгэн байгуулагч Леандра Медин шүүмжлэлтэй санал нэгдэн брэндүүдээс бэлэг авах ёсгүй байснаа хүлээн зөвшөөрсөн бол, Сьюзи Баббл “блогер” гэдэг уг сүүлийн үед ёс журамгүй гэсэн үгийн тодотголболж байгааг онцолсон юм. Мөн АНУ-ын эрдэмтэн, антропологич Брент Луваас гудамжны загварын хөгжлийг “Стритстайлын каннибализм” хэмээн тодорхойлсон байдаг. Түүний хэлснээр стритстайл урлаг нь загварын сэтгүүл, сонинуудаас ялгагдах юмгүй болсон ба маш богино хугацаанд өөр өөрийгөө “идэж” үгүй хийсэн аж. Тэрээр зурагчид анх зөвхөн өөрийн стиль ба дүр төрхөөрөө сонирхол татах гудамжны үл таних хүмүүсийн зургийг дардаг байсан бол одоо загварын шоуны зочдыг л онцолдог болсныг ийн тодорхойлсон байна.Тун удалгүй нэг л янзын зочдын нэгэн хэвийн зургийг дардаг зурагчдыг эсэргүүцсэн “антистритстайл зурагчид” хэмээх шинэ төрлийн уран бүтээлчид гарч ирснээр илүү сонирхолтой контентууд бий болов. Тэдгээр шинэ үеийн зурагчид дунд Парисын гудмаар “тэнүүчлэн” хажуугаар өнгөрөх үл таних хүмүүсийн зургийг дурандаа буулгадаг Дэвид Лураши, эсвэл “21 дүгээр зууны хүмүүс” нэртэй төслийг санаачилсан Ханс Эйкельбум зэрэг чадварлаг зурагчид бий. Ханс эгэл иргэдийн зургийг дардаг ч өөрийн нарийн мэдрэмжийн ачаар ягаан өнгийн майк, цэцгэн хээтэй өдөн куртка, ажилчны хүрэм, леггинс дээгүүр давхарлан өмссөн жийнсэн юбка зэрэг трендүүдийг анх үүсгэсэн байдаг. Энэ үед урьд өмнө стритстайлын гол хэв маяг байсан хэтрүүлэгтэй глэм төрхүүд моодноос гарч, оронд нь нормкор гэх шинэ стил ноёрхож эхэлсэн байдаг. Нормкорын гол санаа нь бусадтай адилхан харагдахаас эмээхгүй байж, хувцас биш харин хувь хүний зан чанараараа бусдаас ялгарахыг уриалдаг аж. Мөн энэхүү загварын нэрт төлөөлөгч Томми Тон мэргэжил нэгт зурагчдадаа хандан нэгэн уриалга гаргасан нь Ази блогеруудад бүдүүлэг ханддаг явдлыг зогсоох санаачилга байсан юм. Ази блогерууд ихэвчлэн загварын шоуны зочид дээр очин тухайн өдөр юу өмссөн байгааг нь асууж тэмдэглэж авдаг ба энэ нь зурагчдад ажлаа хийхэд нь саад болдог гэх шалтгаанаар зарим зурагчид тэдгээр блогеруудад бүдүүлэг ханддаг байсан юм. Харин Томми Ази блогеруудыг хамгаалан “Бидний ажиллаж байгаа энэ олон тэрбум долларын салбарт стритстайл баатрууд ямар брэндийн, ямар загвар өмссөн байгаа нь брэндүүдийн борлуулалтыг ихэсгэж буй чухал мэдээлэл болоод байна. Харин та бүгдийн дарсан өөгүй сайхан зургууд үүний дэргэд тийм ч чухал зүйл биш болон хувирчээ. Тэдгээр ази эмэгтэйчүүд рүү хашхиран бүдүүлэг зан авир гаргадаг зурагчдыг харахаас залхаж байна. Тэдгээр эмэгтэйчүүдийг би болон та бүгдийн зургийг нь дарах дуртай стритстайл баатрууд ч хүртэл хамгаалах болно. Бид бүгд л энэ циркийн нэг хэсэг. Тиймээс бие биедээ муухай хандах шаардлага байхгүй” гэжээ. Мөн 2017 онд 50 гаруй зурагчид нэгдэж зохиогчийн эрхийн зөрчлийн эсрэг “#NoFreePhotos” хөдөлгөөнийг санаачиллаа. Одоо эдгээр зурагчид өөрсдийн дарсан зургуудыг нийтлэхдээ дээрх хэштагийг хавсаргадаг ба брэндүүд болон алдартай инфлюэнсерүүд тэдний зургийг зөвшөөрөлгүй ашиглахгүй байхыг шаарддаг болжээ. “Компаниуд болон брэндүүд бүтээгдэхүүнийг нь сурталчилсны төлөө инфлюэнсерүүдийг цалинжуулж эсвэл шагнал, урамшуулал олгодог. Ингэхдээ тэд албан ёсоор зурагчин хөлслөн ажлаа даатгахын оронд бидний зургуудыг үнэ төлбөргүй ашигладаг. Ер нь бол энэ нь оюуны өмчийн хулгай бөгөөд зурагчид энэ байдлаас одоо залхаж байна” хэмээн “Le21eme” төслийн үүсгэн байгуулагч, зурагчин Адам Кац Синдинг “BURO”-д өгсөн ярилцлагадаа ярьсан байна. Гэтэл үүний хариуд инфлюэнсерүүд “Бидэнд стритстайл зурагчид хэрэгтэй гэхээс илүү зурагчдад бид хэрэгтэй” гэсэн мэдэгдэл хийсэн байдаг.
Шинэ арван жил рүү шилжин орохдоо хүн төрөлхтөн стритстайлаас бага зэрэг уйдсан байдалтай байгаа ч олон нийтийн сүлжээн дэх стритстайл зургуудыг үзсэн хэвээр л байна. Тэр дундаа хөлд эвтэйхэн гутал, олон халаастай ажилчны хүрэм зэрэг илүү амьдралд ойр хувцасласан баатруудыг харах сонирхол бидэнд хэвээр үлдсэн байна. Жишээ, нь загварын шоунуудад цахилгаан самокаттай хүрэлцэн ирдэг System сэтгүүлийн үүсгэн байгуулагч Элизабет фон Гуттман зэрэг орчин үеийн ухаалаг стилтэй бүсгүйчүүдээс бид хэзээ ч уйдахгүй биз ээ.
“Зурагчны хувьд хэлэхэд би цаашид нэгэн хэвийн туфль, цүнх, хувцаснуудыг ахин дахин харах ямар ч хүсэлгүй байна. Энэ бүхэн нь маш хиймэл, төлбөртэй контент мэт харагддаг. Би яг одоо загварын шоунд хүрэлцэн ирсэн зочдоос илүү ажлаа дуусгаад өөрийн хүссэн хувцсаа өмсөөд гараад явж буй моделиудыг харах дуртай. Тэд ихэвчлэн маш чөлөөтэй, энгийн хувцасладаг тул хэт хичээсэн зочдын дэргэд илүү cool харагдаж чаддаг. Үүнээс гадна хамгийн сүүлд болж өнгөрсөн хавар-зун 2020 улирлын загварын долоо хоногууд намайг ихэд баярлууллаа. Шинэ сэтгэлгээ, шинэ дүр төрхүүд гарч ирж байгаад догдолж байна” хэмээн BURO.-гийн стритстайл зурагчин Есений Арасланов ярьсан байна.
Г.АМАРСАНАА