Categories
мэдээ улс-төр

Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлд Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг ААН, байгууллагын дансыг Монголбанкинд байршуулж, мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог гүйцэтгэдэг болох зохицуулалтыг тусгажээ. Ингэснээр гадаад валютын нөөцийг нэмэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах боломж бүрдэнэ хэмээн хууль санаачлагч үзсэнийг ЕТГ-ын дарга З.Энхболд байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Т.Аюурсайхан, Д.Эрдэнэбат нарын гишүүн хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Гишүүдийн зүгээс Монголын баялгийг гадагш гаргаж буй бүх ААН төлбөр тооцоогоо Монголбанкаар дамжуулдаг болох нь туйлын чухал гэдгийг онцолж байв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын гишүүд мөн Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэх нь зөв гэдгийг хэлж байлаа.

Мөн Б.Жавхлан гишүүн энэ асуудлыг заавал хуульчлахгүйгээр стратегийн орд ашиглах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх хэрэгтэй гэсэн санал хэлэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *