Францын Страсбург хотноо гурван хүн алагдаж, 12 хүн шархадсан талаар тус улсын Дотоод хэргийн сайд Кристоф Кастаньер мэдээллээ. Хэргийн гэрчүүдийн мэдээлж буйгаар тэд арваад буун дуу сонсчээ. Хохирогч болох долоон хүний биеийн байдал тун муу байгаа гэнэ. Буудсан этгээд цагдаа нартай буудалцаж шархадсан байж болзошгүй аж. Түүнийг эрэн хайх ажилд аюулгүй хүчнийхэн оролцож эхэлжээ. Энэхүү хэрэг Страсбург хотын Клебер талбайд зул сарын баярын яармаг худалдааны үеэр болжээ. Одоогийн байдлаар цагдаагийнхан хотын дүүргийг хааж, тээврийн хөдөлгөөнийг зогсоожээ. Алан хядах үйл ажиллагаа гэж сэжиглэн эрүүгийн хэрэг нээсэн байна. Францын ерөнхийлөгч Э.Макрон амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Дотоод хэргийн яамнаас гэмт этгээд хэн болохыг тогтоосон гэдгийг онцлоод өмнө нь ч нэг бус удаа гэмт хэрэг үйлдэж хууль сахиулахынхны хараанд өртсөн нэгэн хэмээн мэдээлжээ. Өнгөрсөн мягмар гаригийн өглөө 29 настай уг гэмт этгээдийн гэрт отолт хийсэн ч тэрээр зугтаж амжсан гэнэ. Түүний гэрээс гар бөмбөг олдсон байна.
Страсбург хот нь Францын зүүн хэсэгт байрладаг. Европын холбоо, парламент, мөн Европын холбооны олон байгууллага энд байрладаг юм. 2015 онд лалын хэт даврагсад хэд хэдэн халдлага үйлдсэний дараа Францад аюулын өндөржүүлсэн байдал зарлажээ. Энэ хориг одоо хэр нь цуцлагдаагүй байгаа юм. Үүнээс гадна “Шар хантааз” тэмцэл Францын өнцөг булан бүрт өрнөсөн учир аюулгүй хүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан билээ.
Т.БҮРЭН