Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Стивен Сигалын эхнэр Б.Эрдэнэтуяа: Монголын иргэнээрээ үлдсэн минь миний сонголт байсан

Стивен Сигалын үзэсгэлэнт гэргий гэдгээр манайхан андахгүй Батсүхийн Эрдэнэтуяатай ярилцлаа.


-Таныг хэвлэл мэдээлэлд төдийлөн нээлттэй нэгэн биш гэдгийг мэднэ. Юуны өмнө ярилцлага авах урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Ер нь сүүлийн үед хүмүүс сошиал орон зайгаас мэдээллээ авч, бас бусдад түгээдэг болжээ. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Бид яалт ч үгүй мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Хүссэн, хүсээгүй бидний амьдарч байгаа цаг үе маань өөрөө ийм сошиал ертөнцийг бий болгочихож. Энийг бид бүгд өөрсдөө л бүтээсэн, өөрсдөө л эерэг сөрөг бүх үр дүнг нь үзээд, үүрээд явж байгаа. Худал үнэн сүлэлдсэн, хэрэгтэй, хэрэггүй элдэв мэдээлэл холилдсон энэ орчин, энэ орон зай бол хүн төрөлхтний хөгжил дэвшил, аюулгүй байдал, хүний оюун санаа, ухамсрын түвшинд сайнаар нөлөөлөхгүй гэж боддог. Мэдээж сайн сайхан давуу тал бий, гэхдээ муу нь илүү юм уу гэж хардаг. Хүн уншсан, сонссон байтугай, харсан зүйлдээ ч итгэхэд бэрх болсон цаг үе байна шүү дээ.

-Өөрийн тань сошиал орчинд нээлттэй хүргэдэг сургамжтай үгс, шүлэглэсэн үгсийг тань дагаж хүлээдэг хүмүүс цөөнгүй болжээ. Ер нь хэдийнээс ингэж бичих болсон бэ. Хүмүүс хэрхэн хүлээж авч байна, тэр нь танд яаж мэдрэгдэж байна вэ?

-Миний номын багш их мундаг хүн байдаг юм. Тэр багштайгаа учирч, адис хүртсэнээс хойш ингээд л өөрөө урсаад байдаг болсон. Одоогоос дөрвөн жил хагасын өмнө юм байна. Багш маань хүний сүнс, өөрийнх нь өгөгдлийг сэрээж өгдөг увдис чадалтай хүн л дээ. Багш маань энэ судар сургаал, бичвэрүүдээ нийтэд тавих цаг болсон гэж зөвлөсний дагуу олонд түгээдэг болоод одоо бараг хоёр жил шахуу болж байх шиг байна. Монголчууд минь тэнгэр язгууртай, тээсэн их буянтай, суу билигтэй, сургаал судартай агуу сайхан ард түмэн гэдэг нь нийтлэл доорх сэтгэгдлүүдээс маш тодорхой харагддаг. Ард түмэн минь сэрж ухаарч, авьяас билгээ хөглөж, уг язгуураа өнгөлөн гоёж, өдрөөс өдөрт дэлгэрч байгаа гэдэгт бат итгэлтэй байдаг.

-Бүсгүй хүн эрхэлсэн ажил мэргэжил, хашиж байгаа алба, авьяас чадвар бас хань нөхрөөрөө ч овоглогдож явдаг. Та эмэгтэй хүнд харьяалагддаг олон цол гуншингаас чухам алинаар нь нэрлэгдэхийг хүсдэг вэ?

-Би чинь их олон янзын нэр, цол гуншинтай хүн шүү дээ. Аав ээждээ шар охин, анд нөхдөдөө Эрка, америк сургуульдаа Эрика, алс нутагт Эль, амраг ханьдаа Кандро, алаг үрдээ Ээж, Маам гэх мэт. Бурхны шашинд Ренбүчи хүний гэргийг Кандро (Хандмаа) юм уу Санюма гэж хүндэтгэн дууддаг. Монголоор дагина гэж орчуулж болох. Хань минь намайг нэг бол Кандро нэг бол Маам гэж дууддаг. Хүмүүс намайг бүжигчин гэдгээр нь ихэвчлэн мэддэг байсан, харин одоо шүлэгч, найрагч гэж бодоод байх шиг байгаа юм. Миний бичвэрүүд уг нь шүлэг найраг биш юм байгаа юм. Бичвэрүүд маань их энгийн байдаг. Учир нь би үгийн урныг хөөдөггүй, уянгын халилд автдаггүй, үгийн хүчийг ашиглаж, үнэн жам мөрийг сануулж, түмэн олондоо хайр ухаарал илгээхийн төлөө бичдэг. Энэ олон нэр, гуншингийн дотроос “Ээж” хэмээн дуудуулах л миний хувьд хамгийн эрхэм дээд хувь ерөөл юм даа. Үртэй байхын жаргал бол дээдийн жаргал.

-Анзаараад байхад танай гэр бүл, тэр дундаа та Монголдоо багагүй хугацаанд байна. Жилийн 12 сарын хэдэд нь аль улс оронд амьдарч байна вэ?

-Манай гэр бүлийг жинхэнэ орчин үеийн нүүдэлчин гэр бүл гэж хэлж болох байх шүү. Нэг газраа тогтвортой суурин амьдарна гэж бараг байхгүй. Уран бүтээлч, тэр тусмаа кино урлагийн хүмүүсийн амьдралын хэв маяг гэж хэлж болохоор. Америкт амьдардаг нэртэй, алаг дэлхийгээ тойроод л нүүдэллээд л байна. Сүүлийн гурав, дөрвөн жилийн 70 хувьд нь би Монголдоо амьдарсан гэж хэлж болно. Хүүгээ монгол хэл бичиг, оюуны дархлаатай, монгол сэтгэлгээтэй болгохын тулд Монголдоо амьдарч, хүүгээ монгол сургуульд сургаж, эмээ өвөө, элгэн садантай нь ойр байлгаж, их зүйлийг хүүдээ сургаж чадсандаа маш их баяртай байгаа. Хүү маань одоо монгол англи хос хэлтэй, энэ жилээс орос хэл сурч байгаа. Манайх АНУ-аас нүүх төлөвтэй, одоогоор Орост төвлөрч амьдарч, ажиллаж байна даа.

-Нүүгээд байхаар хүүхдийн сургуулийн асуудал хөндөгддөг. Үүнийг хэрхэн шийдэж байна вэ. Бас хүү нь монгол хэл соёлыг хэр хүлээн авч, тусгаж сурсан бэ?

-Хэдийгээр хань бид хоёр байнга аялдаг ч, хүүгээ Монголд хоёр жил яс сургасан. Одоо хүү маань Москвагийн Олон улсын сургуульд шилжин суралцаж байгаа. Бид хоёр гадагшаа явах үед эмээ өвөө нь ирж хүүгээ харж өгдөг. Аав ээж хоёр маань хүүдээ амь болохоор дуудангуут л уухайн тас хүрээд ирнэ шүү дээ. Хүү маань монгол сургуулиасаа явахгүй гэж зөндөө л юм болсон. Өчнөөн гуйж учирлаж байж зөвшөөрүүлсэн. Миний хүү чинь Монголдоо маш их хайртай, монгол сэтгэлгээтэй хүүхэд. Монгол хэл нь англи хэлнээсээ илүү, одоо хэл ам нь гүйцэгдэхгүй болсоон.

-Стивен Сигал Оросын иргэн болсон, амбан захирагч ч болж магад гэсэн яриа сонстож байсан. Танай гэр бүл алсын Америкаас наашаа дөхөөд л байгаа юм байна…

-Манай хүн хэдэн жилийн өмнөөс ОХУ-ын иргэн болж, иргэний паспортоо В.Путин ерөнхийлөгчөөс гардаж авсныг дэлхий нийт харсан шүү дээ. АНУ, ОХУ-ын давхар иргэншилтэй гэсэн үг. Нөхрөө дагаад намайг бас Америк, Оросын иргэн болсон гэж хүмүүс боддог шиг байгаа юм. Би чинь зөвхөн Монголдоо гэдэг шиг хүн шүү дээ. Манай улс давхар иргэншил зөвшөөрдөггүй болохоор Монголын иргэнээрээ үлдсэн нь миний сонголт байсан. Харин Оросын зүүн хязгаарын амбан захирагч болох тухай яриа бол хэвлэлийнхний тараасан худал цуу шүү. Нэг арга хэмжээн дээр “Манай муж захирагчгүй байгаа, та манай захирагч болчих л доо” гээд хүн тоглоод хэлэхээр нь “Өө тэгье л дээ” гээд бас тоглоод хариулсан юм. Тэгсэн энэ нь 30 минут ч хүрэлгүй мэдээ болоод дэлхийгээр нэг цацагдаж байж билээ. Ийм л цаг үед бид амьдарч байна. Сэтгүүлчдийн ёс зүй хаа сайгүй амаргүй байна аа.

-Таны нөхөр Стивен Сигал ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй тун ойр. Тэр ч утгаараа өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр танай гэр бүлийнхэн нэлээд тод харагдаж байсан. Тэдний нөхөрлөлийн талаар сонирхуулаач…

-Миний хань В.Путин ерөнхийлөгчийг дэлхийн хамгийн шилдэг удирдагч гэж үздэг. Түүний алдар гавьяа, амжилт ялалт, арга ухааныг нь асар их үнэлж, хүндэлж, үйл хэргийг нь ямагт дэмнэж, үнэн сэтгэлээр зүтгэж яваа. Ханийг маань ОХУ-ын Гадаад Хэргийн Яамны Онцгой Эрхт Элчин Сайдаар томилсон нь Ерөнхийлөгч Путин болоод ОХУ-ын Засгийн газрын зүгээс ханийг маань хэрхэн үнэлж хүндэлдэг, мөн ямар их итгэл найдвар хүлээлгэж байгаагийн тод илрэл гэж би хувьдаа боддог. Миний хань Орос Америкийн харилцааг сайжруулахын төлөө эцсээ хүртэл зүтгэнэ гэж ярьдаг хүн. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд уригдсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг байсан.


-Хүйтэн дайн дууссан гэдэг ч өнөөдрийн нөхцөл байдалд өрсөлдөөн үргэлжилсээр байна. Таны хань С.Сигал энэ харилцааг хэрхэн сайжруулах гэж?

-Хүйтэн дайн далдуур үргэлжилсээр байгаа нь америк хүмүүсийн Орос оронд хандах хандлагаас тод ажиглагддаг. Хэвлэл нийтлэл, мэдээллийн сувгуудаар байнга Оросын эсрэг буруу ташаа мэдээлэл цацаж, америкчуудын тархийг угаана, Оросын эсрэг турхирна, айлгана, хамгийн аюултай улс орон гэж сурталчилна. Гэтэл бодит байдал бол тийм биш гэдгийг өнгөрсөн зуны хөл бөмбөгийн дэлхийн аварга харуулсан шүү дээ. Наад захын америк хүн Орос орон руу зүглэхээс айдаг гээд бод доо. Гэтэл эсрэгээрээ Америк өөрөө хамгийн аюултай орон болчихлоо шүү дээ. Миний хань энэ буруу ташаа ойлголтыг засахад хувьдаа хичээж хаана ч арга хэмжээ, уулзалтанд оролцохдоо энэ тухай нээлттэй хэлдэг, залруулдаг, сошиал хуудсаараа нийтэлдэг. Өөр өөр улс гүрний иргэд хүмүүсийг холбож, ойлголцуулж, ойртуулж чаддаг гүүр бол ямагт урлаг, спорт байдаг. Тэр дундаа кино уран бүтээл бол хүнд бодрол ухаарал хайрлах тал дээр маш далайцтай, өгөөжтэй, наалдацтай байдаг шүү дээ. Миний хань энэ том салбаруудын том төлөөлөл болсон хүний хувьд давуу талуудаа ашиглаж, Орос, Америкийн харилцааг сайжруулахад хүчин зүтгэж яваа.

-Тангараг өргөх ёслолын үеэр та гоёмсог шар дээлтэй харагдсан нь нүдэнд тусч байсан. Гадны хэвлэлийнхний анхаарлыг ч ихээр татсан. Тэр үеэр зориуд үндэсний дээлээрээ, тэр дундаа тод өнгөөр гоёхоор шийдсэн үү?

-Тийм хүндэтгэлтэй том арга хэмжээнд үндэсний хувцсаараа гоёхгүй бол өөр юугаараа гоёх билээ. Би уг нь дэрвэгэр хормойтой хар ногоон дээл авч очсон байсан юм. Тэгсэн нэг л болдоггүй, хань маань ч таалдаггүй. Тэгээд л ээжтэй яриад, яаралтай цэвэрхэн, энгийн монгол дээл хийгээд явуулах арга байна уу гэлээ. Тэгсэн аав ээжийн минь цагаан сараар надад бэлэглэсэн тэр шар торго гэрт байж таараад, ээж минь тэрийгээ аваад л оёдолчин руу гүйсэн байсан. Тэгээд л нэг шөнийн дотор оёулаад, үүрээр Москвагийн онгоцонд дайж, би шууд тосч аваад л тангаргийн ёслолд өмсөөд зогсож байлаа шүү дээ. Тийм содон дээл болж олны анхаарлыг татна чинээ огт бодоогүй ээ. Би тэр өдөр тэр ёслолд тэр алтан шар дээлийг өмсөөд зогсож байх ёстой байсан болоод л бүх юм ингэж бүтсэн байх даа.

-Стивен Сигал жүжигчин монгол цустай гэгддэг. Бас орос цустай ч гэж сүүлхэнээс ярьж байна. Танай хүү бол тун монголжуу төрхтэй хүү байдаг. Хүүдээ хэл, соёлыг нь сургах дээр хичээдэг талаар бас дээр ярилаа. Сайхан санагдаж байна…

-Манай хүн чинь ээж талаасаа индиан цустай, эцэг талаасаа якут буюу түрэг урианхай ястай хүн. Бүгд л хөх толботой үндэстэн, ястангууд шүү дээ. Тийм болохоор хүү минь хөх толботой, монгол төрхтэй төрөлгүй яахав. Зарим нэг хүмүүс намайг харь хүнтэй суусан гээд их бухимдана аа. Монгол гэдэг нэр томьёо чинь асар өргөн цар хүрээтэй, зөвхөн өнөөгийн Монголын гурван сая хүнийг л монгол гэх юм бол асар өрөөсгөлийн дээр бид өөрсдийгөө асар их хумьж, жижгэрүүлж байгаа хэрэг болно. Дэлхийгээр нэг түгсэн монгол яс, цус байгаа гэдгийг мартаж болохгүй л дээ.

-Таныг гадны хүнтэй гэрлэсэнд бухимдах нь танд эхэндээ ямар санагддаг байсан бэ, он жил өнгөрөхөд тэр хүмүүсийн хандлага өөрчлөгдөж мэдрэгдэв үү?

-Хүмүүс мэдэхгүй юмаа мэддэг юм шиг ярьж бичдэгт нь л бухимдал төрдөг. Манай хүний жинхэнэ гарал үүсэл, язгуур яс цусыг нь огт мэдэхгүй байж л харь хүн, гадаад хүн гэцгээдэг. Гадаад улсад төрсөн гадаад иргэн бүхэн харь хүн биш шүү дээ. Миний хань хөх толботон хүн, мөн улааны шашны Ренбүчи хүн. Хүмүүс мартчихдаг юм уу, эсвэл атаацаад байдаг юм уу, нэг л их миний үр удмын яс цусанд санаа зовсон улс. Сошиал хуудсаараа орчлон хорвоогийн тухай бичиж байхад л, орж ирээд хувь хүн над руу дайрах хүмүүсийг би гайхдаг. За тэгээд хүн аль юм болгон амьдралаа, алив бүхнээ хүнд тайлагнаж явах вэ дээ. Буянаараа болог гээд л орхичиход их амар байдаг. Гэхдээ зууны ерэн найман хувьд нь хүмүүс их сайхан эерэг хандлагатай байдаг шүү.

-Та анх Америк тивийг зорьсноос хойш олон жил өнгөрчээ. Харь нутагт олон жил амьдрахад өөрөөр тань монгол бүсгүйн гоо үзэсгэлэн, монголчуудын талаар ойлголт авч байсан хүмүүс их байсан байх. Хэр нэр хичээж амьдарч ирсэн бэ?

-Өө, хичээлгүй яахав, чадлаараа л хичээнэ шүү дээ. Нэр хугарахаар яс хугар гэж, хүн хаана ч явсан нэр хичээж, буянд мөрлөж, сайнд тэмүүлж явах хэрэгтэй. Алхсан гишгэсэн, амьсгалсан газар бүхэнд тань мөр тань, үнэр тань үлдэж байдаг. Би хар багаасаа л сургуулиа, сумаа, аймгаа, улсаа төлөөлөөд уралдаан тэмцээн, хурал чуулган, баяр наадамд явдаг байсан болохоор багаасаа биеэ дааж, өөрийгөө олны өмнө хэрхэн зөв авч явах уу, би эх орон элгэн түмнээ яаж зөв сайхан сурталчлах уу гэж ихэд хичээж ирсэн. Монгол бүсгүйчүүд ийм хаттай, ухаантай, чадалтай, боловсролтой, шударга дайчин хүмүүс байдаг юм байна гэдэг урмын үгсийг үргэлж сонсч ирсэндээ бахдалтай байдаг.

-Монголоос гараад амьдрахаар бараг илүү эх оронч, илүүтэй их улсынхаа нэрийг боддог гэлцдэг. Энэ үнэн үү?

-Тэр миний л хувьд маш үнэн. Цаг явах тусам улам л Монгол руугаа тэмүүлдэг болсон. Тэмүүлсээр байгаад Монголынхоо хаяанд ирчихлээ шүү дээ. Монголоо бодохоор л нүдэнд минь нулимс хурж, хоолой минь зангирч, сайн сайханд нь баясан бахдаж, саар мууд нь сэтгэл чилж, өдөр бүр өргөл ерөөлөө өргөж, өөдөлж дэвжээсэй, өв уламжлал минь сэргээсэй, өсөх залуус минь сэрээсэй, өндийгөөсэй гэж байнга залбирч явдаг.

-Таны олон нийтэд шүлэглэн хүргэдэг санамж сэрэхүйгээс өв уламжлал, ёс заншлаа гэсэн сэтгэл нэвт мэдрэгддэг. Түрүүнд номын багшаасаа адис хүртээд урсаад байдаг болсон гэж хэлсэн. Буддын шашны багш уу, эсвэл өөр үү?

-Миний багшийг Ичинноровын Мөнхсаруул гэдэг. Аль нэгэн шашинд харьяалагддаг нэгэн биш, бөө удган биш, лам хувраг ч биш, йогчин бясалгагч бас биш. Тэртээх он цагуудыг туулаад монголчуудыг цөвүүн цагийн зовлонгоос гэтэлгэхийн төлөө, дэлхийд энх амгаланг цогцлоохын төлөө тэнгэрээс илгээгдсэн амьд Дарь-Эх л дээ. Өндөр дээд зөн билигтэй, өгөгдсөн их шид хүчтэй, хосгүй их ур увдистай, хорвоод ховорхон хүн дээ. Ертөнц, байгалийн хууль, орчлон хорвоогийн жам ёс, амьдрахуй оршихуйн учир жанцан гээд өвгөд эмгэдийнхээ таньсан их билгүүнээс тархи оюундаа татан буулгаж, хөх зөнгөө чимээлж, хүрэн зүрхээ уудалж, хүн оршихуйг цэвэрлэхийн төлөө амсхийх чөлөөгүй, алдарч унах сэхээгүй ихийг хийж, үйлдэж бүтээж яваа хүн. Монгол түмнээ сэрээж, мартагдсан бүхнээ сэргээж, ёс болгож үйлддэг зан үйл болгоны цаадах их гүн ухаан, өвгөд эмгэдийн эрдэм ухааныг таниулахын төлөө улс орон даяар олон нийтэд олон удаа айлдвар тавьсан, хүмүүс таньдаг болсон байх учиртай. Манай монголчууд чинь сурсан зангаараа янз бүрээр л хүлээж авч, ярьдаг шиг байгаа юм. Айлдвар дээр нь нэг удаа ирж үзээгүй байж их хүн шүүнэ ээ. Би ханиа дагаад олон дээрхийн гэгээнтэн, лам хувраг, гүрү багш нартай уулзаж явсан, олон ч мэргэн түргэн хүмүүстэй уулзаж учирч явлаа. Миний багш бол хорвоод хосгүй хүн гэж л хэлэх байна.

-Ер нь ингэхэд өөрөө ямар мэргэжлийн хүн билээ. Хүүхэд байхаасаа бүжиглэдэг байсныг нь мэдэх юм?

-Би МУИС-ийн ОУХДС-ийн Япон судлалын анги төгссөн. Сургуулиа төгсөөд Япон улсад магистрын сургалтанд явах гээд бүх юмаа зэхчихсэн байсан үед ханьтайгаа учирсан л даа. Тэгээд кино продакшндаа ажиллах санал тавьснаар Японд сурахаа хойш тавьж, би гэдэг хүн алсын Америк тивийг дахин зорьж байж билээ. Дахин гэдэг нь урьд нь оюутан солилцооны шугамаар нэг жил Америкт сурч амьдарсан юм. Бүжгийн хувьд таван настайгаасаа л бүжиглэж эхэлсэн. Сэвжидийн Сүхбаатар багш маань намайг Хөгжим Бүжгийн Коллежид оруулаагүй юм. Миний охин ясны бүжигчин хүн, тэнд сурах хэрэггүй, харин хэл сурч, тархи оюунаа цэнэглэж ав гэж зөвлөсний дагуу Чойроос хот руу нүүж ирээд, гадаад хэлний сургалттай 38 дугаар сургуулийн англи хэлний ангид шилжин суралцаж байж билээ.

-Өөрт чинь амьдралдаа үүний оронд тэрийг хийсэн бол, тэндээ сурсан бол гэдэг ч юм уу өөрчлөхийг хүсдэг зүйл байдаг уу?

-Би бүжгээсээ хөндийрсөндөө харамсаад байдаг юм. Ханьтайгаа учрахад амьдралын минь нэгэн шинэ хуудас нээгдэж, алдарт Холливудын ертөнцөд хөл тавьж, кино урлагт орсон. Хичнээн цаг наргүй ажиллаж байсан ч бүжгээ хажуугаар нь хийгээд явах боломж байсан л байх даа гэж өөрийгөө жаахан зэмлэж суудаг. Гэхдээ би одоо өнгөрсөн, одоо хөгширсөн гэж огт боддоггүй. Хүн хэд ч хүртлээ дуулж, хөгжимдөж, урлан бүтээж болохтой адил, хүн хэд ч хүртлээ бүжиглэж бас болох. Манайд нэг тийм нийтлэг буруу хандлага байгаад байдаг. Бүжгийн урлаг биед халтай, хатуу урлаг, 40 хүрээд тэтгэвэрт гарсан нь дээр гэж. Бүжиг бол бурхнаас бидэнд заяасан хамгийн сайхан, тансаг ур авьяас. Хүн яагаад тодорхой насанд бүжиглэхээ болих гэж. Саяхан нэг олон улсын арга хэмжээнд Японы бүжгийн ансамблийн тоглолтыг үзсэн. Тэгэхэд талаас дээш хувь нь 50-иас дээш насны бүжигчид байсан шүү, зарим нь 70-аас дээш. Надад гайхалтай санагдсан. Манай хөөрхий ахмад бүжигчид хааяа нэг тоглолтонд орохоороо нүүрэнд нь оч бадраад л цээжинд нь гал дүрэлзээд байдаг. Би удахгүй нэг сайхан уран бүтээл хийнэ дээ гэж боддог, тэгээд үхэн үхтлээ бүжиглэнэ гэж боддог хүн шүү дээ. Хэн юу гэх бол гэж бодож эмээлгүй хүн өөртөө л үнэнч байж, авьяас билгээ өнгөлж, аз жаргалтай байхыг хүсдэг.

-Гоо сайхнаа удаан хадгалж үлдэх гэдэг багагүй ухаан, хичээл зүтгэл шаарддаг. Өөрөө энэ тал дээр хэрхэн анхаардаг вэ?

-Гоо байх гэдгийг би их өргөн цар хүрээтэй ойлголт гэж боддог. Миний хувьд аливаа хүн бие, хэл, сэтгэл, бүхий л оршихуйгаараа гоо орших ёстой гэж боддог учраас тийм байхын төлөө хувьдаа хичээж явдаг. Энэ боломжтой юу гэвэл туйлын боломжтой. Хичээл зүтгэл, хүчин чармайлт, эрдэм боловсрол, уйгагүй хөдөлмөр, тууштай зан мэдээж шаардагдана. Гэхдээ тэнгэр бурхан, өвгөд дээдэс, аав ээжээс заяасан энэ сайхан амьдрал оршихуйг тултал нь сайн сайхан, гэрэл гэгээтэй авч явж чадахгүй бол энэ бидний л арчаагүйнх. Сайн явах, саар явах ихэнхдээ бидний сонголт байдаг гэж боддог шүү.Хүн уг нь зөв хооллоод, зөв ярьж сэтгээд, зөв үйлдэл хийгээд явахад л цаанаасаа гэрэлтээд байдаг юм шдээ. Түүнээс яаж ч оёж шидээд, татаж тэлээд, будаж шунхдаад дотроо пад хар бол, гаднаа мянга гялалзаад яах юм бэ. Зүс биеэрээ тоглох бол сайн зүйл яавч биш гэж санадаг.

-Хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо манайхан юун дээр алдаад байгаа харагддаг вэ?

-Хүн уг нь төрж өссөн газар шороо, нутаг усныхаа уламжлалт хоол хүнсээрээ хооллох нь хамгийн зөв байгаа юм. Гэхдээ ямар хүнсийг хэзээ, ямар үед, хэр хэмжээтэй, яаж бэлтгэж, ямар хольцтой идэх үү гэдэг тун нарийн. Манайхан гадны хамаа замбараагүй янз янзын хүнс, хоол, ундаа жүүсийг маш ихээр идэж ууж “хордож” байна. Тэр дундаа хятад, солонгос, турк хүнс, түргэн хоол, чихэр шоколад, боов жигнэмэг маш ихээр идэж хэрэглэж байна. Хамгийн органик, ориг, сайн хүнстэй ард түмэн атлаа, хамгийн муу хогон хүнсээр хооллоод, үр хүүхдээ тэжээгээд байх юм. Тэгээд дээрээс нь байгаа сайхан органик мах өөх тос, гурил будаа, сүү, сүүн бүтээгдэхүүнээ дандаа хэтрүүлж, буруу цагт буруу хольцтой хэрэглэнэ. Өвгөд эмгэд эртнээс мах сүүг хольж иддэггүй, бүр нарийн яривал арвай хүртэл сүүн голтой ургамал тул мах гурилыг ч хольж иддэггүй байсан байдаг шүү. Мах, элсэн чихэр, цагаан давс, цагаан гурилны хэтэрсэн хэрэглээ, мах сүүгээ хольж хэрэглэсний, гадны хогон хүнс болоод архи дарс их хэрэглэсний хор уршгийг ард түмнийхээ дундаж наслалтын тооноос харж болно. Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд, сайн гэсэн бүхнийг аваад шууд хэрэглэлгүй, орц найрлагыг нь сайн харах хэрэгтэй. Олон химийн найрлага орсон байвал арьсаар тань нэвчээд, биед тань хор бохирдол болдог гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Аль болох байгалийн бас цөөхөн орц найрлагатай, үнэр багатай, чанартай бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна. Чанартай, сайн бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна арьсны өдөр тутмын уйгагүй арчилгаа маш чухал.

-Нээрээ өөрийн чинь нэгэн гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царай болж, бүжиглэж байгаа рекламыг харж байсан. Стивен Сигалын гэргийг бүжиглүүлсэн, өнгө будаг гоётой сайхан энергитэй сурталчилгаа санагдаж байсан шүү…

-Тийм ээ, “Decello Cosmet­ics” гоо сайхны брэндийн нүүр царай болоод бараг жил болох гэж байна. Би олон жилийн өмнөөс химийн найрлагатай гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээс татгалзаж, органик, байгалийн бүтээгдэхүүнүүдийг сонгон хэрэглэсээр ирсэн. Үнэртэй ус, духи бол бүр огт түрхэхээ больсон хүн. Хоёр жилийн өмнөөс энэ брэндтэй танил болж, өөрийн гэсэн судалгаа, туршилт хийсний үр дүнд арьсанд минь маш сайн зохиж, үр дүн нь мэдэгдэхүйц сайн байсан болохоор брэндийн нүүр царай нь болооч гэхэд дуртайяа зөвшөөрсөн. “De­cello Cosmetics” бол дэлхийн гоо сайхны ертөнцөд шинэ хувьсал хийж чадсан, хүний арьс толигор зөөлөн, нөсөө толбогүй байхад хамгийн их нөлөөтэй амин хүчлүүд, пептид уургийн агууламж маш өндөр бөгөөд байгалийн цэвэр тос, ургамал, жимсний найрлагатай байдаг нь надад таалагддаг.

-Та бол дэлхийн хөгжлийн түрүүнд нь яваа тэр нийгэмд амьдарч ирсэн хүн. Түрүүлж алхаж байгаагийн алдаа тэр улсын хүмүүст тусдаг уу, магадгүй хоцроод явж байгаа нь зарим талдаа давуу болох ч юм уу. Тэр харьцааны заагийг хамгийн сайн анзаарч байгаа байх гээд асууж байна л даа…

-Хөгжил гэдгийг аль утгаар нь харж ойлгохоос шалтгаалаад маш олон янзаар хариулж болох. Миний хувьд нийтлэг хөгжингүй гэж хэлэгддэг улс орнууд үнэхээр хөгжөөд байна уу, хөглөөд байна уу гэдгийг хэлэхэд амаргүй санагддаг. Дэлхий даяараа улс төр, эдийн засгийн байдал тун тогтворгүй болсон, хямрал, дайн дажин, терроризм, өвчин зовлон, гэмт хэрэг, худал хуурмагууд олширсон маш амаргүй цаг үед бид амьдарч байна. Миний эх оронд төр хямарсан, түмэн олон минь зүдэрсэн гээд амьдрал төдийлөн таатай биш байгаа ч дайн дажингүй байна аа гэдэг чинь л асар их аз буян гэж боддог. Би Монгол минь яана даа гэж бодохоос илүү Америк орныг яана даа гэж хувьдаа хардаг. Төр нийгмийн бодлого, улс төр, эдийн засгийн байдал, хэвлэл мэдээлэл, түмэн олны хандлага, хил хязгаар, цагаачдын асуудал, терроризм, гэмт бүлэглэлүүдийн асуудал гээд маш олон хүчин зүйлүүдийг хараад амаргүй ирээдүй хүлээж байгаа улс нийгэм гэж харж дүгнэдэг. Гэхдээ улс орон ямар ч бай, тухайн улс гүрний нэгж бүрэлдэхүүн болсон хүн гээч бодгалийн хувь хөгжил, боловсрол, ухамсар гээч зүйл хамгийн чухал юм байна гэж ойлгож яваа.

-Байгаа бүхнээ ерөөж амьдрах хэрэгтэй талаар “Ерөөлийн хүч” гэсэн бичвэр тань сошиалд дөрвөн мянга хол илүү шэйрлэгдсэн байсан. Үгэнд, сэтгэлд их хүч байна аа даа. Та сэтгэлээ хэрхэн чөлөөлж, хэрхэн ариун амгалан байлгахыг хичээдэг вэ?

-Миний хувьд амандаа хийж байгаа бүхнээ, амаараа хэлж буй бүхнээ, алд биеэрээ үйлдэж буй бүхнээ хянадаг. Дээр нь йогоор хичээллэдэг, бясалгадаг, өөрийгөө магтдаг, ерөөлийг ерөөдөг, байгаа бүхэндээ талархдаг, өвгөд дээдэстээ залбирдаг, газар тэнгэртээ сүсэлдэг, заяа тавилангаа хүндэтгэдэг. Ер нь сэтгэлээс бүх юм угтай. Сэтгэлийг зөв залахад хүний үг, үйлдэл зөв болоод л, царай зүс хүртэл аятай таатай болоод ирдэг. Хүний сэтгэл оюун, махан бие тун нарийн холбоотой тул сэтгэлийг зөв залахын тулд хүн махан биеэ бас эрүүл зөв авч явах хэрэгтэй. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг чинь ээ дээ ихийг хэлээд байдаг юм. Хүний ааш аяг, уцаар бухимдал, гуниг гутрал гэх мэт хүний сэтгэлийн сөрөг өнгө бүхэн махан биеийн өвчин эмгэг, зовлон зүдгүүрийн толь байдаг. Эсрэгээрээ сайн сайхан эрчим, тайван амгалан ааш аяг, баяр баясал, өөдрөг сэтгэл гэх мэт эерэг сэтгэлийн өнгө нь эрүүл саруул бие оршихуйн толь. Хүний бие эрүүл байхад цэвэр агаар, цэвэр ус, зөв зохистой хоол хүнс, дасгал хөдөлгөөн, зөв сайн амралт гэсэн үндсэн хэдэн чухал зүйлтэй л сайн тулж ажиллах хэрэгтэй байдаг.

-Холливудын одод шашин тэр дундаа буддын шашинг ихээр шүтэж эхэлсэн. Нэг үе маш хүчтэй давлагаа бий болж байсан. Тэр нийгэмд буддын шашны үзэл санаа чухал байсных уу, эсвэл мода болж байв уу?

-Би түрүүнд цухас дурдаад өнгөрсөн. Ямар ч нийгэмд хувь хүний хөгжил нэн чухал юм гэж. Америк орны соёл хүмүүжил, боловсролын бодлого нь хувь хүний хөгжил дээр түлхүү анхаардаг шиг санагдсан. Эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг улсын хувьд ард иргэд нь шашны эрх чөлөөтэй, санаа бодлоо нээлттэй илэрхийлдэг, оюун санааны аливаа хувьсал, хөдөлгөөн, үзэгдэлд маш анхаарал сонирхолтой ханддаг, сайныг дагаж дуурайхдаа их шаргуу сайн гэж боддог. Амьдрал нийгэм хэцүү болж, хүмүүсийн бие сэтгэлийн дархлаа унаж, стресс бухимдал, өвчин зовлон нэмэгдээд ирэхийн хэрээр амьтай бүхэн амар амгаланд тэмүүлж, аль сайн сайхан арга ухаанд суралцахаар тэмүүлж байна гэж хардаг. Дан ганц Америк гэлтгүй дэлхий нийтээрээ дорнын гүн ухаан, үзэл баримтлал, йога бясалгал, анагаах дом эрдэмд татагдаж үй олноороо энэ зүг руу хуйларч байх шиг. Түүнчлэн Хятад, Түвдээс оргон дайжиж, амь гарч Энэтхэгт хүрч дийлсэн олон олон хутагт хувилгаад, номын багш нар, ренбүчи нар Америкт олноор ирж багшилж, ном тавьж, өөрсдийн сүм хийдээ босгож, олон олон шавь дагагсадтай болсон байхыг олонтаа харж байсан.

-Танай гэр бүлийн хүн хэдийнээс шашин шүтэж эхэлсэн бэ. Ренбүчи гэдэг цолыг бол бас зүгээр ч хүнд өгөөд байдаггүй байх?

-Энэ тухай би урьд нь тайлбарлаж байсан л даа. Ренбүчи гэдэг нь эрдэнэт нэгэн гэсэн утгатай түвд үг бөгөөд эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд эргэж эх дэлхийдээ ирсэн түмэн олныг зовлонгоос гэтэлгэж гэгээрэлд дагуулах андгай тангарагтай, үүрэг хариуцлагатай, тэнгэрийн тамгатай хүмүүс байдаг. Тэд төрмөл болохоос олдмол биш юм л даа. Таалал төгсөтлөө улааны шашны тэргүүн хэмээн өргөмжлөгдөж явсан Дээрхийн Гэгээнтэн Пэнор (Бадамноров) ренбүчи миний ханийг 1997 онд Түвдийн Номун Хаан Гүртэн Чундагдорж хувилгааны хойд дүрээр тодруулсан байдаг юм.

-Стивен Сигал бол тулааны урлагийн томоохон төлөөлөл. Биеийн хүчний дасгал, бэлтгэлээ хийж байгаа юу, орхисон уу. Одоо ер нь ямар чиглэлд ажиллаж байгаа вэ?

-Манай хүн “Тэншин Дожо” Айкидогийн сургуулийн тэргүүн мөн ОХУ-ын Айкидогийн нийгэмлэгийн тэргүүн, гранд мастер. Нийгэмлэгийнхээ ажлын хүрээнд олон улсын сургалт семинар, тэмцээн уралдаан зохион байгуулж, байнга зааж сургаж, бэлтгэл сургуультай л байдаг. Одоо гол нь ОХУ-ын ГХЯ-ны элчин сайдын томилолт ажлаа хийж байна. Мөн Айкидогийн нийгэмлэгийн ажлаа хийж байна. Хажуугаар нь кино бүтээл, урлаг уран сайхны ажлаа ч давхар хийж байгаа. Монгол жүжигчдийг ч кинонд тоглуулах тал дээр бид чадах ядахаараа туслахыг боддог. Сайн англи хэлтэй сайн жүжигчин бас тэр бүр олддоггүй. Жүжигчин Баярцэцэгийг Тайландад хийсэн “Атришёон” кинондоо тоглуулсныг манайхан санаж байгаа байх. Энэ мэтчилэн олон олон монгол уран бүтээлчдээ гадны кино компани, продакшнтай холбох гүүр болж чадна гэж итгэж явдаг.

-Бид дотроо байгаа болохоор хуучин буруу зуршил, хэв маягаа анзаарахгүй мэдрэхгүй байх нь бий. Танд гаднаас нь харахад зөвлөж хэлмээр санагддаг зүйл юу вэ?

-Манайд мухар сүсэг их байна, атаа жөтөө маш их байна, шунаг шунахай хүмүүс их олширч, худал хуурмаг бүр дэндэж, нүүдэлчин монгол суурин Монгол болох замдаа хурдтай явж байна. Өөрсдөө хийхгүй, зүтгэхгүй, сэтгэхгүй байж, хийж бүтээж чадаж байгаа нэгэндээ бүр хонзонтой мэт атаархаж, муулж, элдэвлэж, ухаж төнхөцгөөдөг, нэгнээ дэмждэггүй тийм нэг атгаг муухай зангаасаа болоод л нийтээрээ хөгжихгүй, дэвжихгүй байна гэж хэлмээр. Нэгэн хэсэг нь Христ, Мүүн шүтээд явчихсан, үлдсэн хэд нь Бурхны шашинтан гэсэн хэрнээ бурхны гүн ухаан, ном сургаалын мөн чанарыг огт ухахгүй, өөртөө оршоохгүй, зөвхөн маань мэгзэм унших, Гандан хийдэд ном уншуулж, ламаар засал хийлгэх төдийхнөөр болчихлоо гээд явж байдаг, бас л овоо уужуухан хүмүүс юм даа гэж боддог шүү. Өвгөд дээдсийнх нь өвлүүлж үлдээсэн бэлэн эх орон, эрхэт төр, эрдэм ухаан, эм дом, газар нутаг, хэл соёл, ёс заншил байна, бид үүн дээрээ л түшиглэж санаж сэрж, харж ухаарч, хийж бүтээж, өсч дэвжих хэрэгтэй. Гэхдээ нэгэн үеэ бодоход монголчууд маань асар ихээр сэрж, агуу ёс заншлаа сэргээж, өөрийгөө болоод өвгөд дээдсээ таньж, өгөгдөл хүчээ уудалж, өв их соёл, өгөөж баян нутаг усаа хамгаалахын төлөө сэтгэл нэгдэж, хүчин зүтгэж эхэлснийг харахад тун таатай байдаг шүү.

-Ярилцсанд баярлалаа.

-За танд бас гялайлаа. Таны ажил амьдралд аз жаргал, амжилт бүтээлийг хүсэн ерөөе өө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *