Categories
мэдээ цаг-үе

“Стэнд бай”-гаас өөр дэмжлэг хүсч эдийн засгаа тэлэх боломж байна

Олон улсын валютын сангийнхан ирчихсэн хэлэлцээр ид дундаа байна гэсэн мэдээлэл Сангийн яамыг зүгээс дуулдаж буй. Валютын сангийнхан дөнгөж өчигдөр манай талд нөхцөлүүдээ тавьсан болохоор бэлтгэл хийнэ, ярьж ойлголцоно энэ тэр гэсээр эцсийн шийдвэр ирэх сараас гарч магадгүй бололтой. Валютын сан засагт 13 нөхцөл тавьсан аж. Тэгэхээр доллар орж ирэх наад захын хугацаа дөрөвдүгээр сар болж таарч байна. Ямартай ч дөрвөн жилийн дотор таван тэрбум ам.доллар авах яриа хөөрөө эхэлсэн бололтой. Богино хугацаанд, бараг жил орчим л 450 сая ам.доллар авна гэсэн мэдээлэл давтамжтай цацагдаж байсан ч гэнэт таван тэрбум ам.доллар гэсэн том тоо дуулдаад эхэлчихлээ. ОУВС 1952 оноос гишүүн орнуудын төлбөрийн балансын тэнцлийн хэвийн бус байдлыг арилгах зорилгоор “Богино хугацааны хөтөлбөр” буюу “Стэнд бай”-г хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Анхандаа бүх гишүүн улсдаа хэрэгжүүлдэг байсан ч Солонгос, Япон зэрэг орнууд хөгжлөөрөө цойлж эхэлсэн учраас дундаж орлоготой орнуудад хэрэгжүүлсэн юм. Бага орлоготой орнуудад хэрэгжүүлж эхэлсэн хугацаа нь 2009 он. 12-24 сар, ихдээ гэхэд 36 сараас хэтэрдэггүй учраас богино хугацааны хөтөлбөр гэж онцолдог. Дөрвөн жилийн хугацаанд таван тэрбум ам.доллар гэхээр “Стэнд бай”-гаас арай өөр хувилбар яригдаад эхэлсэн байж мэдэх юм.

Нэг бол хэтрүүлж хэлсэн тоо байхыг үгүйсгэхгүй. Валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг доноруудын санхүүжилт дөрвөн жилдээ багтаж орж ирж болно. Улстөрчдийн хэлээд байгаа таван тэрбум ам.долларын яриа хэтрүүлэг, ОУВС-гийн мөнгө доноруудын санхүүжилттэй нийлээд ихдээ 1.5 тэрбум ам.доллар орж ирэх тооцоо бий. Ч.Хүрэлбаатар гишүүний хувьд валютын санг дэмждэг, үүнээс өөр гарц байхгүй гэсэн хатуу итгэлтэй улстөрчдийн нэг. Тэр өнгөөрөө Сангийн яам, Хөгжлийн банкныхны цаг алдалгүй баталъя гээд байгаа Хөгжлийн банкны хуулийг эсэргүүцэж ийм яриа гаргасан байх талтай. Маргаан дэгдээсэн энэ асуудалд Валютын сан ямар бодол, байр суурьтай яваа нь тодорхой биш, ерөөс бүх мэдээлэл хаалттай хэвээр байна. ОУВС-гийн яг ямар хөтөлбөрийг нь хэрэгжүүлэх талаар засаг ам ангайхгүй байгаа учраас энэ мэт элдэв таамаг хөврүүлэхээс өөр арга одоохондоо алга.

Нөгөө талаас нөхцөл шаардлагуудаа тавиад эхэлчихлээ. Засгийн газраас ч эрх ашигтаа нийцсэн гарц, арга замыг хайх ёстой. Шуудхан хэлэхэд, валютын сангийн өгсөн мөнгөөр эдийн засгаа сэргээнэ гэдэг үлгэр. Компаниуд дажгүй нөхцөлтэй зээл авч, томоохон төслүүд хэрэгжээд явах боломж бүрдэхгүй. Валютын сангийнхан хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 40 хувьд олго гэж дуугарснаас гадна Нэмэгдсэн өртгийн албан татварыг 15 хувьд хүргэ гэсэн тулгалт хийсэн гэх мэдээлэл чих дэлсч байна. Элгээрээ хэвтчихсэн, зээлээ төлж чадахгүй аргаа барж байгаа компаниудад татварын нэмэгдэл гэдэг цаазын тавцангаас ялгаагүй эд. Тэгэхээр эдийн засгаа сэргээх мөнгөө засаг яаж харж байгаа нь яалт ч үгүй анхаарах сэдэв. Найман сарын турш хөшгөө хаасан засаг төлөх өр хаяанд ирсэн ийм цагт хувийн компанийн наймаанд орж, худалдаад авчихсан хувийг нь мөнгө төлж төрд буцааж авна гэсэн яриа үүсгэж хөрөнгө оруулагчдыг гайхшруулж суугаа нь яг нарийндаа цагаа олоогүй тэнэг хандлага.

“Стэнд бай” хөтөлбөрийг олон удаа хэрэгжүүлж байгаад эдийн засгаа босгочихсон жишээ Туркээс эхлээд яригддаг. Гэхдээ газрын баялаг ихтэй, хэрэгжих том төслүүд шилээ дарсан манайх шиг улсад өөр гарц боломж бас байгаа. Эдийн засагчид ДНБ -1.6 хувиар агшчихсан, дөрвөн сар дараалаад дефляци болсон, нийт эрэлт хумигдсан, банкны системд зээлийн тасалдлын шинж тэмдэг илэрсэн, бараг бүх салбарын бизнес гацсан энэ үед зогсолт хийхэд хэрэгжүүлдэг “Стэнд бай” тэгтлээ хүсч дурлахаар хувилбар биш гэж байна. Нэгэнт зогсолт хийчихсэн, эдийн засаг хүрч болох доод цэгтээ оччихсон энэ үед эдийн засгаа тэлэх хөтөлбөр авах гарц байгаа юм билээ. Тэг зогсолтоос зөв замаар эдийн засгаа алгуурхан тэлэх хөтөлбөр авахад болохгүй юмгүй. Валютын санд ийм хүсэлт тавих боломж бий. Тодруулж хэлбэл валютын сан уян хатан зээлийн шугамтай. Илүү том хэмжээтэй ирдэг. Нөхцөл нь илүү уян байдаг. Тэгээд ч авч байгаа орныхоо эдийн засагт үзүүлэх нөлөө нь арай дээр. Мексик гэхэд яг ийм шугамаар чамгүй хэдэн тэрбум ам.долларыг валютын сангаас авчихаад явж байгаа.

Энэ шугамыг нээхийн тулд манай улс нэг том болзлыг биелүүлэх ёстой. Засгийн газрын бодлого валютын сангийн зөвлөмж хоёр яг таг нийцсэн байх учиртай. Бодлого дээрээ тохирчихвол аваад ашиглаа л гэдэг. Валютын санг бурхан мэт тахиж, үгийг нь дагаад доллар авахаас аргагүй гэж байгаа энэ үед болохгүй гэх газаргүй. Саяхан баталсан эдийн засгийг сэргээх хөтөлбөртөө валютын сангийн санаа оноог сонсоод багахан өөрчлөлт оруулаад явахад асуудал байхгүй. Та нартай бодлогоо нэгтгэе, уян хатан зээлийн шугамаа л нээчих гээд суух боломж бий гэх гээд байна л даа. Тэгэхгүй гэвэл валютын сан хатуу нөхцөлөө тавина, нэг дагачихвал гарахад хэцүү. Дахиад хэлэхэд зогсолт хийсэн эдийн засагт тэлэх тухай яриа гарахгүй. Хүссэн санхүүжилтээ авч чаддаггүй юмаа гэхэд том төслүүдээ хөдөлгөх гэх мэт сайн мэдээ дуулгах ёстой. Том төслүүдээ хөдөлгөж байж их мөнгө орж ирнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *