Америкийн “SpaceX” компани Ангараг гариг руу нисэхэд зориулагдсан “Starship” сансрын хөлгийнхөө туршилтын загварыг босоо чигт газардуулж чаджээ.
“Starship” сансрын хөлгийн загвар болох “SN15” хөлөг хэдэн минутын дотор 10 км-ийн өндөрт хөөрч, дараа нь Бока Чика хот дахь сансрын буудлын хөөргөх цогцолборын хажууд байрлах талбайд газардсан байна. Лхагва гарагт явуулсан туршилтаа “SpaceX” компани “YouTube”-ээр шууд дамжуулжээ. “Starship амжилттай газардлаа” гэж “SpaceX”-ийн тэргүүн Илон Маск туршилтын дараа твиттер хуудастаа бичсэн байна.
Гуравдугаар сарын 30-нд хийсэн туршилт амжилтгүй болж, хөлөг газардахдаа дэлбэрсэн юм. 2020 оны 12 дугаар сард болон энэ оны хоёрдугаар сард явуулсан ийм туршилтуудын үеэр мөн л газардахдаа дэлбэрсэн. Харин гуравдугаар сарын эхээр “SpaceX” компанийнхан сансрын хөлгөө босоо чигт буулгаж чадсан боловч хэдэн минутын дараа дэлбэрсэн юм.
Лхагва гаргийн туршилтын үеэр хөлгийн доод хэсгээс хэдэн минутын турш гал ассан боловч унтрааж чадсан байна. “Starship” туршилтын нислэгээ хийсний дараа “амжилттай газардсан” бөгөөд энэ үеэр хөлгийн гурван хөдөлгүүрийн нэг нь төлөвлөсний дагуу унтарлаа” гэж шууд дамжуулалтын хөтлөгч хэлжээ.
Дахин ашиглах боломжтой “Starship” сансрын хөлгийг Ангараг гараг руу болон гараг хоорондын бусад нислэгт зориулан бүтээсэн бөгөөд 100 хүний багтаамжтай байна. Дэлхийн тойрог замд анхны туршилтын нислэгийг энэ жил хийх боломжтой ч төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй гэж Маск өмнө нь мэдэгджээ.