Categories
мэдээ цаг-үе

​СТА, найруулагч Ц.Батнайрамдал: Миний хүрч ажиллаагүй урлагийн салбар нэг ч байхгүй


Билгүүн номч Бямбын Ринченгийн “Бэр цэцэг” найраглалаас сэдэвлэн “LEGEND” энтертайнмент шоуг өв соёлоо дээдлэгч хүн бүхэнд зориулан бүтээж байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах энэхүү энтертайнмент шоугдолдугаар сарын 7-12-ны өдрүүдэд 19 цагаас“Corporate Hotel & Convention Centre”-ийн концертын их танхимд тоглогдаж байгаа. LEGEND” энтертайнмент шоуны найруулагч Ц.Батнайрамдал өнөөдөр Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдлаа. Түүнтэй хэсэгхэн хором ярилцсанаа уншигчдадаа хүргэж байна.


Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдаж буй энэхүү агшин дахь сэтгэгдэлээ хуваалцаач?

Төр улсдаа, түмэн олондоо баярлалаа. Би Монголын урлагт гуч шахам жил ажилласан. Гуч шахам жил ажиллахдаа Монголын бүх л мэргэжлийн урлагийнхантай хамтран ажиллаж байлаа. Миний хүрч ажиллаагүй урлагийн нэг ч салбар байхгүй. Төр маань цаашдаа улам ихийг хийж бүтээх урам зоригийг өглөө.

Өчигдөр таны найруулсан “LEGEND” шоу нээлтээ хийсэн. Сэтгэл огшоод л, үндэсний урлагаараа бахархаж суулаа. Үндэснийхээ урлагийг дэлхийд таниулах гайхалтай шоуг бүтээсэнд баяр хүргэе?

Дэлхийн урлагийн хөгжил цэцэглэлттэй хөл нийлүүлж, ардын урлагаа дэлхийд гаргая гэвэл бид бүгд нэгдэж дэлхийн түвшний техник технологи, орчин үеийн шийдэлтэй хольж синтез хэлбэрээр үзүүлэх ёстой. Энэ бол зөвхөн эхлэл нь байгаа. Цаашдаа маш их зүйлийг хийнэ. Балет, ардын урлаг, циркийн төрлүүд хуучин бие дааж уран бүтээлээ туурвидаг байсан. Харин “LEGEND” шоунд нэг зохиол, нэг санаа, нэг зорилгын дор нэгдэн ажиллаж байна. Энэхүү шоу маань аялал жуулчлалын томоохон брэнд болно гэж итгэж байгаа.

Энэ цаг мөчид цаашдаа хийж бүтээх илүү том зорилгыг өмнөө тавьж байгаа байх?

Шагнал гэдэг хүнийг урмаар ташуурдах төрийн маань бодлого л доо. Уран бүтээлчдэдүзэгчдийн алга ташилт хийж бүтээх урам зориг нэмж, ахин шинэ уран бүтээл хийх сэдлийг төрүүлж байдаг. Төр маань намайг үнэлж, төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасанд урамшин эх орныхоо төлөө улам ихийг хийж бүтээх, ардын урлагаа дэлхийд гаргахад гар бие оролцох зорилгыг өөртөө тавьж байна.

Үндэсний их баяр наадам маань удахгүй болох гэж байна. Та бүхэн өөрийнхөө дотоод далд ухамсарт нойрсон буй оюуны нүүдлээ сэрээж дэлхийн хөгжил цэцэглэлтэй хамт үндэсний өв уламжлалаа аван бидэнтэй хамт нүүхийг уриалж байна. Бид бүхэн нүүж эхэлсэн. Харин та бидэнтэй хамт нүүх үү, үлдэх үү?

Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *