Categories
мэдээ нийгэм

Спортын төв ордны барилгыг шинэчилнэ

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар өнгөрсөн баасан гаригт Спортын төв ордныг шинэчлэн барих санамж бичигт гарын үсэг зуржээ. Спортын ордныг шинэчлэн барих ажлыг гүйцэтгүүлэхээр “Буянт-Ухаа” цогцолборыг барьсан БНХАУ-ын төрийн өмчит “Шанхай констракшн” компанитай гэрээ байгуулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Олимп-2040” санаачилга, Дэлхийн оюутны спортын “Универсиад 2033” их наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “…Нийслэлд олон улсын стандартын дагуу 50 метрийн усан бассейн байгуулна” гэсэн зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд олон улсын стандартад нийцсэн спортын барилга, байгууламж баригдах эхлэл үүгээр тавигдаж буй аж.

Шинэчлэгдэн баригдах Спортын төв ордон нь 50 метр усан бассейн, 2500 хүний суудалтай спорт, урлагийн төв заал, 1000 хүний суудалтай туслах заал, Үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчдын бэлтгэл, дасгалжуулалт хийх зориулалт бүхий бэлтгэлийн 30 гаруй заал, тамирчдад үйлчилгээ үзүүлэх спортын эмнэлэг, бэлтгэл дасгалжуулалтад хяналт тавих лаборатори, спортын сургууль, албан тасалгаа, зочид буудал бүхий цогцолбор байхаар төлөвлөжээ.

Одоогоор Спортын төв ордонд Эрүүл мэнд, спортын яамны харьяа Спортын бэлтгэлийн төв болон Жүдо бөхийн холбоо, Чөлөөт бөхийн холбоо, Боксын холбоо, Хүндийн өргөлтийн холбоо, Гимнастикийн холбоо, Оюутны спортын холбоо, Паралимпийн хороо гэх төрийн бус байгууллагууд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *