Японы Китакюшю хотноо спортын гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах 50 дахь удаагийн тэмцээн аравдугаар сарын 18-24 -нд болж өндөрлөлөө.
59 орны 312 тамирчин оролцсон уг тэмцээний хувийн олон төрөлтөд эмэгтэйчүүдэд ОХУ-ын Ангелина Мельникова, эрэгтэйчүүдээс БНХАУ-ын Жан Бохэн нар түрүүлж, алтан медаль авлаа.
Мельникова мөн чөлөөт дасгалд мөнгө, харайлтад хүрэл хүртсэн. Чөлөөт дасгалд алтан медалийг Японы гимнастикч, “Токио-2020” олимпийн хүрэл медальт Маи Мураками ердөө 0,066 баллаар Мельниковагийн өмнө орж, 2017 оны дэлхийн аваргын алтаа ихэрлүүллээ. Гэхдээ шүүгчдийн үнэлгээнд үнэмлэхүй аварга Ангелина нилээд бухимдсан. Тэрбээр доор хаяж түүний 0,3 баллыг шүүгчид дарсан гэж үзсэн юм.
25 настай Мураками Ангелинагийн дараа дасгалаа гүйцэтгэж, Мельниковагаас бага үнэлгээ авсан ч Японы баг гомдол гаргасны дараа оноог нь нэмсэн нь ийн дуулиан шуугианы үндэс болсон билээ.
Мураками өөрийн эх оронд болж буй ДАШТ-д түрүүлээд зодог тайлахыг хүсч байсан нь ийн биелэлээ олсон юм.
Дашрамд дурьдахад Олон улсын гимнастикийн холбооны ерөнхийлөгч нь Моринари Ватанабэ хэмээх япон эрхэм байдаг билээ.
“Токио-2020” олимпийн олон төрөлтийн мөнгө, харайлтын аварга, Бразилийн гимнастикийн түүхэн дэх анхны олимпийн медальтан Ребека Андраде энэ удаа харайлтад дэлхийн аварга болж, өндөр нам савлуурт мөнгөн медаль хүртсэн.
Олон төрөлтөд мөнгөн медаль зүүсэн АНУ-ын Линн Вонг чөлөөт дасгалд хүрэл медаль мөн авсан.
Энэ ДАШТ-д эмэгтэйчүүдээс Мельникова гурав, Андраде, Вонг нар хоёр медаль хүртсэн.
Харин өндөр нам савлуурт Вэй Сяо Юань, дамнуургад Японы Урара Асикава нар дэлхийн аварга боллоо.
Эрэгтэйчүүдэд БНХАУ-ын гимнастикчид давамгайллаа. Тэд долоон дасгалын зургаад нь медаль, үүнээс дөрвөн алт авлаа.
Шинээр гарч ирсэн Жан Бохэн олон төрөлтөд түрүүлж, үнэмлэхүй аварга болсон бол цагаригт Лань Ши Юй , суга савлуур болон савлуурт Ху Сюй Вэй алтан медаль зүүсэн. Лань Ши Юй , Ху Сюй Вэй хоёр хоёулаа 2019 онд манай Улаанбаатарт болсон Азийн аваргаар тодорч, алтан медаль авч байсан залуус.
Модон морины дасгалд Вэн Хао мөнгө, суга савлуурт Ши Цун хүрэл медаль хүртэн БНХАУ-ын багийн медалийн тоог нэмсэн юм.
Хятадын гимнастикчдын медаль хүртэж чадаагүй чөлөөт үзүүлбэрийн дасгалд Италийн Никола Бартолини түрүүлж, энэ дасгалд дэлхийн аварга болсон анхны итали гимнастикч боллоо.
Харайлтын дасгалд Филиппиний Карлос Юуло алтан медаль хүртсэн. 2019 оны ДАШТ-д чөлөөт дасгалд түрүүлж, Филиппиний төдийгүй Зүүн Өмнөд Азиас төрсөн анхны гимнастикийн дэлхийн аварга болж байсан Юуло Китакюшюд суга савлуурт мөн мөнгөн медалийн эзэн болов. Японд амьдарч, бэлтгэлээ хийдэг филиппин залуу ДАШТ-ий дөрвөн медальтай болж буй нь энэ.
Нийт багийн дүнгээр БНХАУ 8 (5 алт, 1 мөнгө, 2 хүрэл), Япон 8 (2 алт, 5 мөнгө, 1 хүрэл), Итали 3 (1 алт, 2 мөнгө,1 хүрэл) медалиар эхний гуравт орсон бол АНУ 5 (1,1,3), ОХУ 4 (1,1,2) -ын баг “айрагдлаа”.
Одоо үед нэг тамирчин нэгээс дээш медаль хүртэнэ гэдэг улам л ховор болж байгаа нь харагдана. Өрсөлдөөн их, ур чадвар жигд болсонтой холбоотой байх. Мөн нэг дасгалд дагнан бэлтгэж байж л өндөр амжилтад хүрч байгаа ч байх.
Үнэмлэхүй аварга болсон Хятадын Жан Бохэн өөр нэг ч дасгалд аварга болох нь байтугай медаль ч авч чадсангүй. Мельникова мөнгө, хүрэл авч байна.
А.Дитятин, В.Щербо, Кохэй Учимура, Д.Билозерчев, Л.Латынина, С.Байлз, С.Хоркина гээд үе үеийн гимнастикийн домгууд бол үнэмлэхүй аварга болох төдийгүй бараг бүх дасгалд л алт зүүж байдагсан.
Спортын гимнастикийн ДАШТ явагдсан Китакюшю хотноо өнөөдөр (10.27) уран сайхны гимнастикийн 38 дахь удаагийн ДАШТ эхлэх юм.