Categories
мэдээ нийгэм

Спорт аяллын тэмцээн болно

Монголын адал явдалт спорт аяллын холбооноос Нийслэлийн Ардчилсан намын нэрэмжит “Оюутны алтан намар” сэдэвт спорт аяллын тэмцээнийг 10 дахь жилдээ энэ сарын 19-21-нд Гачууртад зохион байгуулахаар боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ тэмцээнд аль ч их, дээд сургууль, коллежийн оюутнууд баг бүрдүүлж оролцох боломжтой. Оюутан залуусыг эрүүл мэнд, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, эх орон газар нутгаа хайрлан хамгаалдаг, өөртөө итгэлтэй өөдрөг тэмүүлэлтэй иргэд болгон төлөвшүүлэх, амьдрах ухаанд сургах, спорт явган аяллыг шилдэг баг тамирчдыг шалгаруулах, залуучуудын нөхөрлөл, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тэмцээний зорилго чиглэж буй юм. 

Энэ жилийн тэмцээнийг Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойг угтан зохион байгуулж байгаагаараа онцлогтой аж. Спорт явган аяллын тэмцээнд их, дээд сургуулиудаас эрэгтэй, эмэгтэй тус бүр гурав, нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж оролцоно. Чингисийн талбай-Гачуур-Туулын таван салаа гэсэн чиглэлийн аялал буюу гурав хоногийн турш багууд хурд, хүч, оюун ухаан сорьсон долоон төрлийн тэмцээнээр өрсөлдөх бөгөөд тэмцээн тус бүрээр аваргуудаа тодруулах юм байна.        

Тэмцээнд оролцох их, дээд сургуулиуд баг, тамирчдынхаа мэдүүлгийг энэ сарын 18-нд буюу маргааш Монголын адал явдалт спорт аяллын холбоонд аваачиж өгөх ёстойг зохион байгуулагчид нь санууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *