Дундговь аймгийн музей соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч иргэдээ бүртгэжээ. Өвийн 5 ай савд одоогоор 219 иргэнийг бүртгэсэн. Цаашид өвлөн уламжлагчдыг илүү нарийн илрүүлж бүртгэлжүүлэх шаардлагатай байгаа гэж музейн мэргэжилтэн Ж. Мөнхцэцэг хэллээ.
Ардын язгуур урлаг, уламжлалт гар урлал, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, уламжлалт арга, зан үйл баяр наадам зэргээр соёлын биет бус өвийг бүлэглэдэг байна. Дундговь аймгийн хувьд морин хуур, уртын дууны өв соёлыг өвлөн уламжлагч иргэд олон байна. Түүнчлэн шагай харваа, бии биелгээ, исгэрээ, хөөмий, аман ташилт, дандилдах, ардын бүжиг, тэнгэр шинжих уламжлалт арга, уран хатгамал зэрэг олон төрлийн биет бус өвийг уламжлан хөгжүүлж яваа иргэд бүртгэлд багтжээ.Тэд гол төлөв өөрийн эмээ өвөө, эцэг эх, нутгийн ард иргэдээсээ сурч, биет бус өвийг уламжилсан гэсэн байна.
Одоогоор бүртгэлд хамрагдаад байгаа 219 иргэний хамгийн өндөр настай нь Гурвансайхан сумын Суугаант багийн иргэн Х. Равжир бөгөөд тэрээр ардын уламжлалт анагаах ухаан, арга заслыг ааваасаа өвлөн, гуч гаруй шавь төрүүлсэн байна. Хамгийн залуу нь Луус сумын 3- р багийн иргэн 16 настай Б. Бавуудорж байна. Тэрээр шагайн харвааг өвлөн уламжилжээ.
Ганцхан хүн бүртгүүлсэн биет бус өв бол аман ташилт, дандилдах урлаг байна. Үүнийг Өлзийт сумын иргэн Ц. Хадхүү өвлөн уламжилж байгаа нь бүртгэгджээ.