Монгол Улсын соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг хэлэлцэх зорилготой “Орчин үеийн соёлын илэрхийллийн олон төрөл, бүтээлч үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих нь’’ үндэсний зөвлөлдөх уулзалт өчигдөр болжээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар ЮНЕСКО, БСШУСЯ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулсан уг зөвлөлдөх уулзалт ЮНЕСКО-ийн “Суурь эрх чөлөө ба соёлын илэрхийллийн олон төрлийг хөхиүлэн дэмжихэд соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” төслийн хүрээнд Шведийн олон улсын хөгжлийн агентлагийн сангийн санхүүжилтээр зохион байгуулагдсан байна. Монгол Улс Шведийн хөгжлийн агентлагийн сангаас SIDA-II төслийг хэрэгжүүлэх 16 орны нэгээр сонгогдсон бөгөөд энэхүү төсөл нь Монгол Улс дахь бүтээлч үйл ажиллагааг хамгаалах, хөхиүлэн дэмжих бодлого, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, мөн иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, уран бүтээлчид зэрэг соёлын салбарын үндсэн оролцогч талуудын чадавхыг дээшлүүлэх зорилготой юм байна.
Зөвлөлдөх уулзалтыг нээн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Хималчули Гурунг нар үг хэлсэн байна. Үүний дараа ЮНЕСКО-ийн соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Рейко Ёшида соёлын илэрхийллийн олон төрөлд оролцооны бодлогын хяналт шинжилгээний дүнг танилцуулжээ. Мөн үйл ажиллагааны үеэр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга ЮНЕСКО-ийн “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцын үндсэн баримт бичгүүд” номын танилцуулгыг хийсэн аж.
Зөвлөлдөх уулзалтын үеэр соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарын бодлогын өнөөгийн нөхцөл байдлыг хөндсөн танилцуулгууд хийгдсэнээс гадна салбарын оролцогчид өөрсдийн ажлын туршлага, санал бодлоо нээлттэйгээр хуваалцах хэлэлцүүлгүүд өрнөжээ. Салбар хуралдаанаар оролцогчид Монгол Улс дахь бүтээлч үйл ажиллагааны ирээдүйн чиг хандлагад бодлого хэрхэн дэмжлэг үзүүлж болох талаар дараах 4 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.
Үүнд:
• Хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон төрөл
• Соёлын болон бүтээлч үйлдвэрлэл дэх дижитал технологи
• Соёлын мэргэжилтнүүд, уран бүтээлчдийн шилжилт хөдөлгөөн, тэдний нийгэмд эзлэх байр суурь
• Соёлын болон бүтээлч үйлдвэрлэл ба жендэр
Мөн зөвлөлдөх уулзалтаар Монголын соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарын оролцогчдод олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээллийг танилцуулав. Тухайлбал, “Соёлын олон төрлийн олон улсын сан”-ийн танилцуулга, Европын Холбоо, ЮНЕСКО-оос хамтран зарлаж буй олон улсын шинжээч, мэргэжилтэн бэлтгэх төслийн мэдээллийг хүргэжээ. Эдгээр төслүүд нь хөгжиж буй орнуудад соёлын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, үйлдвэрлэх, түгээх, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шинэ бүтээлч санаачилгуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мөн соёлын бодлого боловсруулалт, хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн техникийн туслалцаа үзүүлэх зэрэг зорилготой юм.