“Соёл урлагийн менежмент Монголд” Соёл урлагийн удирдлага, менежмент, залуу манлайлагчдын мэргэжил дээшлүүлэх ахисан түвшний сургалт, солилцооны хөтөлбөрийг Улаанбаатар болон Берлин хотноо хэрэгжүүлж, хөтөлбөрийн анхны төгсөгчид гэрчилгээгээ гардан авлаа.
Хөтөлбөрийг БСШУСЯ, Соёл урлагийг дэмжих сан болон ХБНГУ-ын “Freie Universitat Berlin”-ий дэмжлэгээр “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, ХБНГУ-ын “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн эдийн засгийн хүрээлэн”-гийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн юм.
Соёл, урлагийн салбарын байгууллагын менежмент, удирдлага зүй, хүний нөөцийн ур чадварыг олон улсын мэргэжлийн арга зүйгээр дээшлүүлэх замаар соёл урлагийн дэд бүтэц, түүний тогтвортой хөгжил, хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх зорилго бүхий энэхүү хөтөлбөрт тайз дэлгэцийн урлаг, галерей, энтертайнмэнт, орон нутгийн соёлын төв, сонсголгүй иргэдийн соёлын төв, соёл урлагийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага зэрэг төрийн болон төрийн бус соёл урлагийн олон талт үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын удирдлага, менежер зэрэг 9 мэргэжилтэн хамрагдсан юм.
Монгол Улс, ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд 2019 онд хэрэгжүүлж эхэлсэн “Соёл урлагийн менежмент Монголд” хөтөлбөр нь 2020, 2021 онд үргэлжлэх юм.