Оюутан ахуй цаг
Их сургуулийн босгыг алхан орсон 18 настай охид өдгөө 40 жилийн намрыг үдэж буй ч бие биенээ үгүйлэн санаж амьдралын жаргал, зовлонгоо хуваалцсаар л явна. МУИС-ийн Худалдаа эдийн засгийн факультетийн Бараа судлалын ангид 1978 онд элсэн ороод 1982 онд төгссөн ангийнхныг өнөөдрийнхөө зочдоор урьж оролцуулсан юм. ОХУ-ын Плехановийн их сургуулийн эдийн засгийн ангийг төгсч ирсэн Ж.Сүхбаатар багш оюутнуудаасаа ялгагдахгүй шахам хэдхэн насаар ахмад анхныхаа ангийг дааж авч байсан байна. Ингэхдээ анги даасан Оролмаа багшаас хоёрдугаар курсын 26 оюутныг хүлээн авчээ. Нэг хөвгүүнтэй, 25 охинтой худалдааны ангийнхан сургууль дотроо цовоо цолгиун, сурлага, спорт, урлагаараа магнайлж явжээ. Улс төрийн дуу дуулдаг “Нарлаг” охидын хамтлагийнхан баярын бичиг, хүндэт жуухад дарагдчихдаг байсан гэнэ. Ангийн дарга Н.Оюунчимэг насаар арай эгч, урьд нь худалдааны байгууллагад ажиллаж байгаад ирсэн бөгөөд их сургуулиа төгсөөд сүлжмэлийн үйлдвэрт хуваарилагдан ажиллах болжээ. Ангийн Эвлэлийн үүрийн дарга Г.Буянхүү Завхан аймгийн худалдааны барааны ахлах мэргэжилтнээр ажилласан. Энэ мэтээр худалдааны анги учраас их сургуулиа төгсөөд 21 аймаг, Улаанбаатарт хуваарилагдаж худалдааны томоохон мэргэжилтэн, хэлтсийн даргаар тус тус ажилласан байдаг. Тухайн цаг социализмын үе учраас хувийн худалдаа эрхлэгчид гэж байхгүй, хүнс бараа гээд бүхий л бүтээгдэхүүнүүд улсын дэлгүүрүүдэд тоо ширхэгтэйгээр ижилхэн хуваарилагдан очдог байв. Худалдааны мэргэжилтэн гэдэг бол хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг, эрх мэдэл нэлээн өндөртэй ажлын нэг байсан нь мэдээж. Төгсөгч нар Монголын хамгийн томоохон дэлгүүрүүдэд барааны мэргэжилтнүүдээр ажиллаж эхлээд удаагүй байтал 1990-ээд оны эхээр аж үйлдвэрийн худалдааны нэгтгэлүүд задарч эхнээсээ хувьчлагдаж эхэлжээ. Энэ үеэс зарим нь хувиараа ажил эрхэлсэн бөгөөд өнөөдрийн өндөрлөгөөс харахад дийлэнх нь худалдааныхаа мэргэжлээрээ ажиллаж, эхнээсээ гавьяаныхаа амралтад гарцгааж байна. Ардчилал гарч хувийн бизнес, худалдаа цэцэглэж эхлэх үед манай улсад анхны бөөний барааны төвийн үйл ажиллагааг эрхлэн явуулах үүрэг тэдэнд хувь тохиолоор ирж байсан ба одоо хувийн бөөний төвийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс нэлээн хэд бий. Тухайлбал, О.Энхтунгалаг Хэнтий аймагтаа “Цэнэ трейд” ХХК бөөний худалдааны төв болон зочид буудал, дэлгүүрийг эрхлэн ажиллуулж байна. О.Содномцэрэн “Эрдэнэт” үйлдвэрийн ГОК-д хангамжийн мэргэжилтнээр насаараа ажилласан бол Д.Бодь хотын худалдааны дөрвөн контороос ажлаа эхлэн хожмоо “Наран трейд”, Ханбүргэдэй, Улаанбаатар шуудан ХХК-д худалдааны мэргэжлээрээ ажиллажээ. Г.Буянхүү ажлын гараагаа Завхан аймгийн худалдааны нэгтгэлээс эхэлж хожмоо “Даян” бөөний хувийн төв ажиллуулж байгаад өдгөө Хан-Уул дүүрэгт мэргэжилтнээр ажиллаж байна. Ц.Цэрэндомбо хотын худалдааны удирдах газар мэргэжилтнээр ажиллаж дараа нь ХИД-1 дэлгүүрийн эрхлэгчээр ажиллажээ. “Нарлаг” хамтлагийн охидын нэг болох З.Буян-Дэлгэр Дархан-Уул аймгийн Шарын голд худалдааны байгууллагад мэргэжилтэн, дэлгүүрийн эрхлэгчээр ажиллаж байв. Тэрээр Японд нүүрний иог заах олон улсын эрхтэй багшаар төгссөн ба “Дэлгэрэх” нэртэй нүүрний иогийн төв нээн ажиллуулж байна. Их сургуулиа улаан дипломтай онц төгссөн Б.Наранцэцэг аж үйлдвэрийн материал хангамжийн ерөнхий газарт Чанарын хэлтсийн даргаар шууд томилогдон ажилд орж байсан бол хожмоо “Авто чанар” хувийн бөөний төвийг эрхэлж байв.
Манай улс зах зээлийн эдийн засагт шилжих үндсэн нөхцөл бол хувийн бөөний барааны төв байгуулагдсан явдал гэж үздэг. Монголчууд ганзагын наймаанаас дотоодын үйлдвэрлэл үйлчилгээний сүлжээтэй болж чадсан. Энэ бүхэнд энэ ангийнхан томоохон хувь нэмрээ оруулсан юм. Ангийнхан баяр, жаргалтай өдрүүдээ хуваалцан одоог хүртэл байнга уулзалддаг. Өнгөрсөн жил гэхэд ангийн багш Ж.Сүхбаатар багшийгаа урьж ангиараа “Улаан-Үүд”-д амраад ирсэн аж. Хөдөө орон нутагт байгаа ангийн охины ээж нь нас барахад ч ангийнхан очсон гэх. Он цаг улиран өнгөрсөн ч оюутан цагийн алтан сайхан нөхөрлөлөөрөө бат гагнагдсан тус ангийнхны анги даасан багш боловсролын ухааны доктор, профессор Ж.Сүхбаатар өдгөө боловсролын салбартаа буюу СЭЗИС-ийн Эрдэм судлал хамтын ажиллагаа хөгжлийн дэд захирлаар ажиллаж байгаа аж. Оюутнууд ангийнхаа хоёр багшийн тухай дурсахдаа “Анхны багш болох Оролмаа багш маань биднийг маш эв нэгдэлтэй, нэгнээ гэх сэтгэлийг бий болгож чадсан аугаа багш юм. Анги төгсгөсөн багш болох Ж.Сүхбаатар багш маань Орост сургуулиа төгсөөд ирсэн залуухан багш байсан. Биднээс хэдэн насны ах. Манай ангийн охид заримдаа багшийгаа ичээчихнэ. Нүүр нь улайгаад л явчихдаг байж билээ. Одоо бид багштайгаа цуг нас нэмсээр явна даа” гэж ярьсан юм. Соц үеийн “бүтээгдэхүүн”-үүд болохоор жилдээ хавар, намартаа сангийн аж ахуйд ажилладаг мартагдашгүй нандин дурсамж тэдний зүрх сэтгэлд хадгалаастай байна. Нэгэн удаа Жаргалантын сангийн аж ахуйд төмс хураах үеэр үтрэмийн машины тэвш ангийн охин Буянхүүгийн толгойг шүргэн багагүй сандралдаж байсан гэнэ. Ногоо хураах ажлаа дуусаад оройдоо зав гарвал гитар нүдэж дуулалдаад суучихдагсан. Ангийн охин Г.Бадам гарын ур дүйтэй их сайхан юм оёно. Ангидаа загвар мода дэлгэрүүлдэг Бадамын үс засалт, хувцаслалтыг анги төдийгүй сургуулиараа дуурайх нь олонтаа. Юм ховор цагт нэг ижил загвартай цамц худалдаанд гарлаа гэхэд сургууль дотор ижлийг нь өмссөн олон охинтой таарах нь энүүхэнд. Сээгий малгай, үнэгэн захтай пальто үнэхээр мода байлаа шүү дээ гэх мэтчилэн тухайн цаг үеийг санагалзуулсан сонирхолтой дурсамжаасаа хуваалцсан. Ангийн охин Энхтунгалаг нэг удаа үнэгэн захтай пальто бараг ганцаараа өмсөөгүй байна гэж ээждээ тунихад аймгийн намын хорооны дарга ажилтай ээж нь “Миний охин гаднах байдлаар гоёх яахав. Толгой доторх оюун ухаанаа гоёх нь чухал” гэж хэлж байсан талаар олоон жилийн дараа өндөр настай болсон ээж дээр нь ангийнхан эргэж очихдоо дурсан ярьж баахан инээлдсэн гэнэ. МУИС-ийн охид дотроо царай зүс, цоглог байдлаараа харааг булаасан 25 охин Цэргийн их сургуулийн танкийн ангийн сонсогч нартай тухайн үеийн жишгээр шефийн харилцаа тогтоож байжээ. Сонирхолтой нь одоог болтол шеф ангийн хөвгүүдтэйгээ буюу хурандаа цолтой цэргийн найзуудтайгаа уулзалдаж бага залуу насны хөгжилтэй үеэ дурсдаг юм байна лээ. Цэргийн сургуулийн залуухан сонсогч нар Их сургуулийн шинэ жилийн үдэшлэгт оролцож чөлөө авсан цагаасаа хоцорч очин гадаа “нүцгэн” зогсох сахилгын шийтгэл хүртэж. Үүнийг нь мэдсэн их сургуулийн охид цэргийн даргад захиа бичиж “Бидний буруу” гэж анд найзуудаа хамгаалахыг хичээж байсан гэнэн томоогүй насны хөгжилтэй дурсамж тэдэнд бий. Шеф ангиас хоёр ч хос төрөн гарчээ. Сүхээ, Цэрэнчимэд болон Энхтөр, Ганболд нар өдгөө олон сайхан хүүхдүүдийн аав ээж болж, ангийнхаа шефийн уулзалтад хамтдаа хөтлөлцөөд очдог гэсэн. Ангийн ганц хүү болох Ц.Баасансүрэн аялал жуулчлалын чиглэлээр хувийн бизнес эрхэлдэг. Өдгөө ангийн даргаар томилогдсон Т.Соёлмаа ГЕГ-ын ахлах байцаагчаар, Хорлоо “Марс” худалдааны төвд зохион байгуулагчаар гэх мэт тус тусын ажил хөдөлмөрийг хийж, эхнээсээ тэтгэвэртээ гарцгааж байна. Ангид нэг орос оюутан суралцаж байсан бөгөөд Климова Людмила төгсөөд нутаг руугаа буцжээ. Ийн зах зээлийн нийгэмд шилжих үед худалдааны салбарыг хөл дээрээ бат зогсоход хувь нэмрээ оруулсан Бараа судлалын ангийнхантай уулзаж, социалиаст худалдаанаас зах зээлд шилжсэн үеийн намтар түүхийг эргэн нэг дурсах завшаан тохиосон юм.