Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Сонсголын эхэнд Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төслүүдийн хэрэгжилтийн үр дүн Эрчим хүчний яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Гудамж төслийн талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа.
УИХ-ын 2011 оны 15 дугаар, 2014 оны 30 дугаар тогтоолыг үндэслэн Хөгжлийн Банкнаас 2012-2017 онд нийт 355 төсөл, хөтөлбөрт хоёр их наяд 540 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүнд:
- Зам, тээврийн хөгжлийн яамны 86 төсөлд 1.3 их наяд төгрөг
- Эрчим хүчний яамны 50 төсөлд 582.6 тэрбум төгрөг
- Барилга хот байгуулалтын яамны 37 төсөлд 171.8 тэрбум төгрөг
- Гудамж төслийн 99 арга хэмжээнд 138.9 тэрбум төгрөг
- Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 46 төсөлд 107.9 тэрбум төгрөг
- Сангийн яам, Гаалийн ерөнхий газрын таван төсөлд 118.8 тэрбум төгрөг
- Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 26 төсөлд 59 тэрбум төгрөг
- Шадар сайдын хүрээний нэг төсөлд 20 тэрбум төгрөг
- Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам гурван төсөлд 11.1 тэрбум төгрөг
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нэг төсөлд найман тэрбум төгрөг
- Эрүүл мэнд, спортын яамны /БШУСЯ/ нэг төсөлд хоёр тэрбум төгрөгийг тус тус хөрөнгө оруулжээ.
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Солонго хороолол, Баянголын амны орон сууцны хороолол, Ирээдүй цогцолбор, Буянт-Ухаа орон сууцны хороолол, Яармаг орон сууцны хороолол, 14 дүгээр хорооллын дэд бүтцийн 74 төсөлд нийт 354.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Дээрх 74 төслийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт 2017 онд хүлээлгэн өгөхөд 50 нь бүрэн хэрэгжсэн байжээ. Харин 24 төсөл нь 5-96 хувийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд тэдгээрийн хэрэгжилтийг нягтлахад 13 төсөл хэрэгжиж дуусаагүй, зарим нь хэрэгжээд дууссан ч ашиглалтын байдал хангалтгүй байна гэж дүгнэжээ.
Бүрэн хэрэгжээгүй төслийн хувьд:
- Барилга, хот байгуулалтын яам – гурван төсөл, арга хэмжээ
- Эрчим хүчний яам – дөрвөн төсөл, арга хэмжээ
- Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар – найман төсөл, арга хэмжээ байгаа юм.
Тухайлбал, Барилга, хот байгуулалтын яамны Ирээдүй цогцолбор хороолол, Яармаг орон сууцны хороолол, Яармагийн гүүр орчмын хорооллын дэд станцын ажил саатсан байна.
Харин Эрчим хүчний яаманд харьяалагдах Ирээдүй цогцолбор хорооллын дулааны шугам, “ДЦС-4”-өөс “У-18” хүртэл дулааны шугамын ажил, Ханын материал орчмын гэр хорооллын дулааны ажил бүрэн хэрэгжээгүй байна.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хамаарах орон сууцны 14 дүгээр хорооллын барилга угсралтын ажил, цэвэр усны шугам мөн усан хангамжийн зэрэг ажлын хөрөнгө оруулалт үр ашиггүй, төсөвт өртөг өсөх эрсдэлтэй байгааг гэсэн дүгнэлтийг шинжээч гаргажээ.
Үргэлжлүүлэн шинжээч “Гудамж төслийн санхүүжилтийн зарцуулалтыг нягтлах, ашиглалтад хүлээн авах шаардлагатай байна. Үүнд:
“Үйлдвэрчний эвлэл гудамжийг Москва хорооллын арын далангаар явуулж, Өнөр хороолол 33-р байрны арын замтай холбох, нэг км авто зам” төсөлд 702.1 сая төгрөгийн санхүүжилт олгосон боловч газар чөлөөлөлт, санхүүжилтийн эх үүсвэр зэргээс шалтгаалан бүрэн дуусаагүй.
“Доржийн гудамж, Монелийн дөрвөн замын уулзвар өргөтгөл, шинэчлэлт” төсөл нь зам болон замын уулзвар хийгдэх гэрээтэй ч “Гудамж төсөл” зогсонги байдалд орсны улмаас зөвхөн уулзвар хийгджээ.
Өөрөөр хэлбэл, уг төслийн хүрээнд 10 тэрбум 959 сая төгрөгийн авто замын зураг төсөл, ТЭЗҮ боловсруулсан боловч төслийн нэгж болон Нийслэлийн авто замын хөгжлийн газар хүлээлцэх ажил дуусаагүй төдийгүй тухайн зураг төслийн ашиглалт шаардлага хангахгүй байгаа” гэлээ.