Аймаг, сум, сургууль, цэцэрлэгийн тэгш ой шил шилээ даран тохиож байна. Тухайн аймаг сумдын удирдлагууд тэгш ойн баяраа дэнж хотойтол дэлгэр сайхан зохион байгуулахаар хэрэндээ л хичээж байгаа бололтой. Зарим нэг нь сумынхаа брэнд хонин сүргийг харуулахын тулд хүүхдүүдийг хонь болгоод талаар нэг бэлчээсэн бол зарим нь хүчит бөхийн барилдааны эхний даваанд 10 гаруйхан настай бяцхан хүүхдүүдийг ч барилдуулж олон түмнээ цэнгүүлж байна. Энэ мэт ойрд харагдаж үзэгдээгүй сонин содон нээлтүүд цаашид их л үзэгдэх бололтой. Бэлтгэлтэй л байгаарай та нар минь. Үнэндээ Монголчууд бидний тэгш тоо шүтсэн баяр наадмын хэнээрхэл хаана очиж дуусах юм бол. Бүхэл бүтэн нэгэн зууны түүхтэй суманд нь дэлхийд байтугай монголдоо танигдсан ганц ч үйлдвэр, брэнд бүтээгдэхүүн байхгүй, ажилгүйдэл, ядуурал нүүрлэчихсэн байхад юугаар огшиж, юугаараа ондооших гэж…
Тэгш ойн жилд зориулж тэрбум төгрөгөөр бурхан багшийн хөшөө босгосон түүх Сүхбаатар аймгаар л дуусаасай билээ. Өвлийн хүйтэнд бяцхан хүүхдүүд цэцэрлэгийнхээ гадна дагжин чичирч модон жорлондоо дугаарласаар байхад 100 жилийн ойгоо тэмдэглэхээс ичих хэрэгтэй. Байнгын ажиллагаатай ганц ч халуун ус, шүдний эмнэлэг, бүтэн биеийн оношилгооны аппарат ч байхгүй эмнэлгийн байгууллага 100 байтугай 1000 жилийнхээ ойг тэмдэглээд яах юм бэ. Хот хөдөөгийн ЕБС-ийн сургалтын чанар алд дэлэм байтугай хол зөрүүтэй байхад тэгш ойд зориулсан төгсөгчдийн хандиваар ширээ, сандал, ширдэг, буйдан авч байгааг ойлгох ухаан хайрла. Бид тооноос илүү чанарт ач холбогдол өгч үзүүлэнгээр биш үр дүнгээрээ бахархдаг, уралддаг цаг болсон л баймаар сан. Техник технологи, шинжлэх ухааны эрин үед зуун жилийн ойгоо 100 жилийн хоцрогдолтой баярлаж, хөөрч өнгөрүүлмээргүй байна.