Нийгэмд тулгамдсан асуудлуудыг улстөрчид нэг нэгээр нь барьж аваад шийдвэрлэхэд л болохоор гэж хүмүүс ярьдаг. Үнэхээр тийм үү гэвэл тийм. Жижиг гэлтгүй асуудлуудыг барьж аваад шийдвэрлэх боломж, эрх мэдэл тэдэнд бий. Гэвч дундаа хийж орхисоор он жилүүдийг үддэг. Бүр нийтийг хамарсан томоохон асуудлуудыг л шийдэх гэж хичээдэг, зүтгэдэг, тамираа бардаг.
Уг нь асуудлыг жижгээс эхлүүлж, жижиг чулуугаар том чулуу хөдөлгөнө гэж ярьдаг даа. Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэж байгаа нь энэ гээд хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөө олон жил зарцуулсан. Энэ ажлын дундаас хувьдаа завшсан нь ч олон. Ингэж явсаар сайжруулсан түлш үйлдвэрлээд л Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан. Ийм түлшийг аль эрт хийж болох л байсан. Бүх түүхий эд нь байсан шүү дээ. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар үүнийг зорилт болгон дэвшүүлж, үр дүнд хүргэсэн. Яг үүн шиг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шийдвэрлэхээр амлаж аваад байгаа тухай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэллээ.
Тэрээр “Өнгөрсөн пүрэв гаригт Ерөнхий сайдтай түгжрэлийн асуудлаар ярилцсан. Засгийн газар энэ асуудалд гол анхаарлаа хандуулна гэсэн. Ерөнхий сайд маань өөрөө ахалж ажиллана гэсэн. Энэ ажилд түгжрэл хариуцсан сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувьд баруун, зүүн талаас нь хүч нэмж ажиллана. У.Хүрэлсүхийн Засгийн газар утааг бууруулсан шиг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулахад бүх хүчээ дайчилна. Гэхдээ гэнэт өргөс авсан юм шиг асуудлыг шийднэ гэж худлаа ярьж болохгүй. Жилд 35-40 мянган иргэн Улаанбаатар хотод шилжин ирж хотын төсвөөс авч байгаа. Цахилгаан, дулаан татах, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хорооны барилгаас эхлээд бөөн зардал болдог. Тийм учраас Улаанбаатар хотод жилд ирж буй 35 мянган иргэнийг түр зогсоох асуудлыг УИХ дээр ярихаас өөр арга байхгүй. Бас жилд 80 мянгаар нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн тоогоо импортоор нь хязгаарлахаас өөр аргагүй” гэв. Ямартаа ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түгжрэлийн асуудалд хамаг анхаарлаа хандуулахаар төлөвлөж.