Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ургамлан хүмүүс DNN.mn

Хэн нэгэн өөрийг нь хайрлахгүй, халамжлахгүй, тоохгүй бол гундчихдаг, шальчийчихдаг, хүмүүсээс үргэлж хайр, анхаарал шаардаж, бусдаас үргэлж авч байдаг “шимэгчид” их болчихож. Аз жаргалгүй, гунигтай, уйтгартай байгаагийнх нь буруутан дандаа л дэргэдэх нь, ахан дүүс, эргэн тойрныхон, найзууд нь болчихдог. Нөхөр нь утсаа авахгүй, чатаа харахгүй бол сэтгэл санаа нь навс унаад л орчлонгийн хамгийн азгүй хүн болоод хувирчихна. Эсвэл ганц халамжтай үг хэлээд үнсчихвэл хөл нь газарт хүрэхгүй баярлаад дэгдчихдэг. Ийм хүмүүсийг “Ургамлан хүн” гэж тодорхойлдог.

Тасалгааны ургамал арчилгаа, тордлогоо ихтэй. Ус чийг нэхнэ, нарны гэрэл шаардана, тоосоо арчуулах гэнэ, шавжаа устгуулах гэнэ. Тэгэхгүй бол ургахгүй, дэлбээлэхгүй. Үхчих гээд эмзэг.

Яг ийм ургамал шиг бусдаас хамааралтай сэтгэхүй, сэтгэл зүйтэй хүмүүсийг ургамлан хүмүүс гэж үзнэ л дээ. Ургамлан хүмүүс үргэлж бусдаас хараат бөгөөд өөртөө итгэлгүй, сул дорой. Тэд өөрөө өөрийгөө сэргээх, босгох талаар ямар ч идэвхи санаачилга гаргахгүй бөгөөд дэргэдэх нь, найзууд, аав ээж нь цаг үргэлж анхаарч, урмын үгсээрээ “услах” ёстой. Гэтэл хүн бол оюун ухаантай, уураг тархитай, сэтгэл зүрхтэй. Ургамлаас тэс өөр шүү дээ.

Орчин цагт хүн байх, ургамал байх нь тэр хүний л сонголт. Гэхдээ эргэн тойрныхондоо ийм “ургамал”-ууд төвөгтэй, дарамттай. Ургамал шиг байхгүйн тулд, хүн шиг байхын төлөө хүчтэй сэтгэл зүйтэй, өөрөө өөрийгөө удирдаж, өөртөө эзэн байх ёстой л доо. Тусгаар тогтносон улс шиг дотоод, гадаад хүчийг хослуулсан бие хүн болно гэдэг маш том амжилт, ухаан юм даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *