Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Үндэсний үзэл гаргая DNN.mn

“Би хүнсний дэлгүүрт орохоороо Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг л сонгодог. Мэдээж, энэ нь гаднаас орж ирсэн барааг бодвол хямдхан байдаг. Зарим хүмүүс намайг харамч нарийн л гэх байх. Гэхдээ бид л өөрсдийнхөө хийсэн бүтээгдэхүүнийг авахгүй бол үйлдвэрлэл явуулж байгаа энэ хэдэн бизнесмэнийг хэн дэмжих вэ. Аминдаа үндэсний үзэл гаргаж байгаа хэрэг”. Энэ бол “Монос”-ын Л.Хүрэлбаатар захирлын хэлдэг үг. Өөрөө дотооддоо үйлдвэрлэл явуулж алдаж онож юм юм л үзсэн болохоор тэрбээр бусдыгаа бага гэлтгүй ингэж дэмждэг ажээ. Тэгэхээр дэмжлэг гэдэг тун энгийн хэрнээ утга учиртай байдаг байх нь.

Манай дарга нар “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гээд л тууз хайчлаад байдаг. Тэдний гэртээ хэрэглэж байгаа хоол хүнс нь хаанахынх байдаг юм бол. Энэ нь хувь хүний сонголт ч гэлээ эдийн засгийн хямрал болж мөнгөгүйдээд байгаа одоо цагт эх оронч санаачилга нэгийг гаргамаар санагдах юм. Зурагтаар байнга хэрэгтэй хэрэггүй юм ярьж байдаг олны танил хүмүүс “Монголдоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ хэрэглэе” гээд яриад баймаар. Үндэсний гэдэг цөөхөн хэвлэлдээ чадах хэмжээгээрээ сурталчилгаагаа хэвлүүлж, үгүй ядахдаа олонтой газар сурталчилж явмаар.

Реклам сурталчилгааны нэг ид шид нь үзэж байгаа хүн хичнээн дургүй байсан ч хэзээ нэгэн цагт заавал тэр барааг сонгодогт байдаг. Тэгэхээр хүн болгон дотооддоо үйлдвэрлэсэн хүнс сонгож, дотоодын хэвлэлээ дэмжих гэх мэтээр үндэсний үзэл гаргадаг болбол мөнгөний урсгал гадагшаа биш дотроо эргэлдэх нь. Толгой эргэм их мөнгөний дүн энд сонсдохгүй. Гэхдээ л бид бие биенийхээ дэмэнд урагшлаад байна гэсэн үг.

Дашрамд тодруулахад, яагаад хэвлэл бичээд унав гэхээр, гадны fa­cebook, Instagram, twit­ter зэрэгт монголчуудын сурталчилгааны мөнгө ховх сорогдож, ардчиллын үнэт зүйл болсон үндэсний хэвлэлүүд нь сөхөрчих гээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *