Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Цахилгаан машины ирээдүй хаалганы цаана ирчихжээ DNN.mn

Хүн төрөлхтний хөгжил дэвшил өдөр хоногоор ахиж, өчигдөр шинэхэн гэгдэж байсан зүйл өнөөдөр хуучинд тооцогдох нь холгүй байна. Дэлхий ертөнц цаг минутаар хувьсан өөрчлөгдөж байгаа өнөөгийн ертөнцийн гол түлхүүрийн нэг нь яалт ч үгүй технологийн шинэчлэл юм. Хэдхээн жилийн өмнө фэйсбүүк, твиттер өнөөдрийнх шиг өндөрлөгт хүрнэ гэхэд итгэх хүн цөөн байсан. Ухаалаг гар утас гэдэг зүйл хэзээ ч ингэж хурднаар хүний амьдралд нэвтэрч, хүн бүрийн хэрэглээ болчихно гэж алдарт “Нокиа” ч төсөөлөөгүй. Гэлээ ч энэ бүхэн ухаант хүний амьдралын салшгүй хэсэг болж чаджээ.

Сүүлийн хэдэн жилд цахилгаан машины хөгжил нэгэнт эрчийг авлаа. Заавал цахилгаантай утсанд “дүүжлэгдэж” явдаг троллейбуснаас өөр цахилгаан машины төсөөлөлгүй шахуу байсан монголчууд өнөөдөр бүрэн цахилгаан машин хэрэглэдэг болоод багагүй хугацааг өнгөрөөжээ. Эдийн засгийн хувьд асар хэмнэлттэй, байгаль орчин ээлтэй гэгдэх бүрэн цахилгаан машинууд хотын төвөөр хэдэн арваараа явахыг бид бүхэн харж байна. Нэг цэнэгээрээ 500 км хүртэл явдаг гэх машинуудын давуу талууд үнэхээр их юм билээ. Дугаарын хязгаарлалтад орохгүй, агаар бохирдлын татвар төлөхгүй, бас тун хүчтэй гэх мэт. Нэг цэнэглээд авахад бараг долоо хоногоо даачихдаг гэж байгаа. Өөр нэг чухал давуу тал нь дуу чимээ багатай. Дотоод шаталтын хөдөлгүүргүй учраас.

Монголын эрс тэс нөхцөлд асуудалтай байх гэж олон хүн эргэлздэг. Мэдээж хэт халуун, хүйтэнд цэнэгээ хурдан алдах магадлал өндөр. Гэхдээ хот дотор бол асуудалгүй гэж цахилгаан машины хэрэглэгч ярьж байсан. Мөн хотод суурин цэнэглэх станцууд цөөн байгаа нь энэ төрлийн машин сонирхож байгаа хүмүүст нэг бэрхшээл байх л даа. Яахав удахгүй цэнэглэх байгууламжууд энд тэндгүй баригдаад эхлэх биз. Саяхан бид эрлийз хөдөлгүүртэй машинд таатай бус ханддаг байсан бол одоо хүн бүхэн шахуу унаж хэрэглэж байна. Тиймээс бүрэн цахилгаан машин бидний хэрэглээ болох нь цаг хугацааны л асуудал биз. Ирээдүйгээ хараад цэнэглэх станцуудаа байгуулж эхлэх цаг нь болсон байх шүү. Цахилгаан машины ирээдүй хаалганы цаана ирчихжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *