Улс төрийн намууд сонгуульд нэр дэвшүүлэх эрхээ гишүүддээ зардаг. Үүнийгээ сонгуулийн санхүүжилт болгох гэж гоёор нэрлэдэг. Цаашлаад төрийн албан тушаалыг гишүүддээ зарсан тохиолдол ч гарсан удаатай. Үүнийг 60 тэрбумын хэрэг гэдгээр монголчууд андахгүй. Энэ бол “Сонгуульд ялсан тохиолдолд чамайг тийм албан тушаалд томилно” гэж хэлээд гишүүдээсээ сонгуулийн зардлаа босгосон МАН-ын түүх.
Харин сүүлийн үед энэ нам зарим улстөрчийн нэр дэвших эрхийг төрийн албан тушаалаар бартердаж авдаг болж. Намаас нь нэр дэвшигчид саад тотгор болж мэдэх бие даан нэр дэвшигчийн нэр дэвших эрхийг нь “худалдан авч” намдаа элсүүлээд оронд нь төрийн албан тушаал буюу даргын суудал амладаг технологи. Хамгийн сүүлд гэхэд яг энэ зарчмаар НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулууныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилов. Өмнө нь МАН-ын гишүүн байсан тэрээр өнгөрсөн онд болсон Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшихээр ажиллаж байв. Гэвч МАН түүнийг намаас нь нэр дэвшигчийн саналыг хуваана гэж үзэн намдаа элсүүлсэн. МАН-ын зорилго ч биелж, Э.Батшугар Сонгинохайрхан дүүрэгт явагдсан УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан.
Нэр дэвших эрхийг нь төрийн албан тушаалаар бартердаж авсан бас нэг жишээ нь УИХ-ын сонгуулиар Хэнтий аймагт бие даан нэр дэвшихээр ажиллаж байсан хуульч Л.Батжавыг намдаа элсүүлсэн явдал. Түүнийг нэр дэвших эрхээсээ татгалзаж, МАН-д элссэнийх нь төлөө өнгөрсөн аравдугаар сард “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн Хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар томилсон. Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт “Төрийн өмчит компаниудын удирдлагын бүтэц дэх дэд захирал болон шаардлагагүй албан тушаалтнуудыг хуулиар хязгаарлана” гэж мэдэгдсэн. Төрийн өмчит компаниудын дэд захирлын цомхотголд нэр дэвших эрхээ МАН-д “худалдсан” Л.Батжав багтах эсэхийг харж л сууя. Түүний ажилладаг “Монголын төмөр зам” төрийн өмчит компани гурван дэд захиралтай юм билээ.