Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Монголд казино хэрэггүй шүү DNN.mn

Казиногийн хууль энээ тэрээ гээд яриад эхлэх боллоо. Монгол нутгийн хөрсөнд огт таарахгүй эд нь тэр казино чинь шүү. Нэг хэсэг зөвшөөрөлтэй газрууд нээгдэж, мэр сэр тоглож их олон айлын амьдралыг нурааж байснаа мартсан уу.

Монгол эрчүүд мөрийтэй тоглоомонд хотлоороо дуртай, хожигдоод ирхээрээ хамгаа гөвж байж зогсдог муу зуршилтай тул тээр жилийн тэр зэвүүн цагт олон ч залуучууд орон сууцаа хүртэл алдаж байсныг мартамгүй. За тэгээд хол газар зөвхөн гадны хүмүүст зориулсан, монголчууд ордоггүй тийм тоглоомын газар нээнэ ч гэх шиг үлгэр яригдаад байх юм.

Хууль тогтоох наад танхимд чинь хүртэл хүний нутагт очоод өчнөөн саяар нь алдчихдаг хүнд гарууд сууж байгаа, тэд болон тэднийг даган баясагчид нээгдэж магадгүй казиногийн чинь вип зааланд сууж л таараа.

Мөрийтэй тоглоом жуулчид татдаг гээд бураад байгаа хүмүүст Турк, Тайланд гээд жилдээ өчнөөн сая жуулчин авчирдаг улсууд казиногүй болоод байдгийг сонордуулчихья. Тэрбум хүн амтай Хятад улс мөрийтэй тоглоомыг хориглодог, арлын Макао явж тоглосон хүмүүсээ бүртгэж хатуу хяналтанд авдаг нь угтаа муу зуршлыг дэлгэрүүлэхгүй гэсэн бодлого мөн. Мэргэн түшмэлүүд суурьтайхан бодож, нухацтай хандаарай даа.

Д.Бат-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *