Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Итгэл DNN.mn

Энэ бол харилцааны амин сүнс. Найз нөхөд, дарга цэрэг, улс үндэстэн, бизнес хамтрагчдын амжилтын өнө удаан оршин тогтнох гол түлхүүр. Хар элгийн хүмүүсийг хамаатан садангаас ч илүү ойртуулдаг амьд харилцааг зөвхөн итгэл усалдаг. Итгэлцэл дээр соёолж, дэлгэрдэг харилцаа хамгийн зөв. Хүний амьдралд гайхалтай эерэг өөрчлөлтүүд, олон боломжийг ургуулж чаддаг. Архинд донтоод амиа хорлохоор оосор бүчдээ тулж байсан залуу өнөөдөр үндэстэн дамнасан бизнесмэн болжээ. Түүний амжилтын түүх “Биднийг өсч өндийх цорын ганц найдвар бол аав” гэсэн бяцхан үрсийнх нь итгэл байв.

Итгэл хүнийг ухааруулж урам зориг өгөхөөс гадна бас ичээдэг. Хүүхэд байхын ном уншихаар нойр нь хүрдэг байсан ангижав маань өнөөдөр эрдэмтэн болсон юм. Түүнийг ингэж өөрчлөгдөхөд номын санч эгч их нөлөөлж билээ. Ахлах ангиа төгсөх жил найзуудаараа шалгалтад бэлдээд номын санд хичээлээ давтдаг байв. Номноос зугтдаг ангийн хөвгүүн сурсан зангаараа нойрмоглон сууна. Номын санч эгчид хэдэн билет атгуулаад бид нэг, нэгээрээ асуугдаж, шалгалтдаа бэлддэг байв. Мань эрийн асуугдах ээлж болов. Номын санч асуулт тавьсны дараа өнөөх гайхлын битүүхэндээ харж явдаг нөгөө ангийн охин ороод ирдэг байгаа. Номоо уншаагүй хүн андашгүй. Нүүр нь минчийж улайгаад, шилээ байн байн маажаад л нүдний харц нь тогтож ядах нь тэр. Гэтэл номын санч эгч энэ байдлыг анзаарч, түүнийг зэмлэсэнгүй, харин ч магтав. “Маш сайн хариуллаа, онц” гэв. Сэтгэлтэй хүнийхээ нүдэн дээр онц сурлагатан шиг харагдсан тэрбээр яг үнэндээ номын санчаас тоймгүй их ичсэн гэдэг. Өөрийг нь аврах гэж худлаа хэлсэнд нь баярлаж даварч болохгүй гэсэн бодол тэр үед орой руу нь орох шиг болж. Номын санч түүнд “Чамд эгч нь итгэж байна. Маргааш асуугдахдаа сайн бэлдээрэй” гээд аминчлан захисныг ангижав маань сүүлд ярьж билээ. Магадгүй номын санч түүнийг “Хичээлээ уншихад яадаг усан толгой вэ” гээд хэлсэн бол ийм амжилтад хүрээгүй ч байж мэднэ.

Итгэл хүнийг ичээж амжилтад хүргэдэг бол хүмүүжүүлдэг өөр нэг жишээ хуваалцъя. Салбартаа шаггүй гавьяа байгуулсан нэгэн эрхэм дунд ангид байхдаа нууцаар тамхи татдаг байж. “Ээж маань дахиж намайг тамхи татвал аавд хэлэх байх. Нэг удаа боломж олголоо. Ээжийнхээ итгэлийг алдаж болохгүй” гэж бодон өөрийнхөө алдааг ухаарч, тэр цагаас хойш тамхи таталгүй 40 жил болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *