Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Энгийн бүхэн гайхамшиг DNN.mn

Хүмүүс усан дээр алхахыг, агаарт нисэхийг гайхамшиг гэж боддог. Яг үнэндээ бол газар дэлхий дээр, хөрс шороон дээр алхахаас илүү гайхамшиг гэж байхгүй” гэж Бурхан багш айлджээ. Эв энгийн, өдөр тутмын зүйлийг Будда гайхамшиг гэж тунхаглажээ.

Үнэхээр ч энэхэн цэнхэр дэлхийд өнөөдөр бид амар тайван алхаж явна. Аавтай, ээжтэй, ах эгчтэйгээ, амраг хань, алагхан үрстэйгээ аз жаргалтай амьдарч байна. Хүүхэд балчир насандаа бид үргэлж иймээрээ, үргэлж инээж явах мэт л боддог, холын холд байгаа ямархан нэгэн аз жаргалыг мөрөөдөн мөрөөдөн өсдөг билээ. Өсөх тусам өдөр хоногоор амьдрал бидэнд хатуу хөтүүг мэдрүүлсээр, бас аз жаргалыг амсуулсаар байдаг.

Хамгийн хайртай хүмүүс маань нэг нэгээрээ алсран одовч, бас хайрлахгүй байхын аргагүй хүмүүс нэг нэгээрээ цуварч ирсээр л байдаг. Амьдарч буй энэ насандаа бид аав ээж, ах дүү, амраг садан, алаг үрс, найз нөхдийн ерөөлтэй иржээ. Эргэн тойрноо анхаараад нэг сайн хар даа, дандаа ойр дотны хайрлам сайхан хүмүүс. Муудахаа мууддаг ч миний амьдралыг утга учиртай болгож байгаа тийм л гайхамшигт хүмүүс хүрээлж байна. Цэнхэр тэнгэр, уудам тал, нар сар, байшин барилга, гэр орон, хайртай бүхэн маань бүгд надад зориулагдсан юм.

Хэн хэзээ ингэж мэдэрч чадах билээ. Хэзээ, хаанахын салхин дор ингэж тэнүүн амьсгалах билээ. Эргэж энэ дэлхий дээр төрдөг ч юм уу, төөрдөг ч юм уу бүү мэд. Хүн болж төрлөө гэхэд өнөөдрийн хайртай хүмүүсээс чинь өөр хүмүүс, өөр орчин байх ч юм уу. Эргэж төрснөө ер нь мэдээ ч үү, үгүй юү. Ийм л учраас хөхрөгч тэнгэрийн дор хөрс шороон дээр амьд яваагаа мэдэрч алхах л гайхамшиг гэж Бурхан Буддаа айлджээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *