НҮБ-ын Ерөнхий ассамблейн
шийдвэрээр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг дэлхий нийтээр 2009 оноос
хойш жил бүрийн аравдугаар сарын 13-нд тэмдэглэдэг болжээ. Энэ жил дэлхий даяар
“Аюулгүй амьдрах мэдлэг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлээд байгаа аж. Уг өдрийн хүрээнд
гамшгийн үед хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас
урьдчилан сэргийлэх газрын дарга Б.Ууганбаяр, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн
дарга Н.Болормаа нар өчигдөр мэдээлэл хийлээ.
Хурлын үеэр ОБЕГ-ын
Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Б.Ууганбаяр “Газар хөдлөлтийн үед чичиргээнийх
нь үеэр гүйж болохгүй. Чичиргээ дууссаны дараа барилгаас гарах ёстой. Мөн гэр ахуйдаа
тавилга сонгохдоо бөх батыг нь харж байх нь зүйтэй юм. Газар хөдлөлтийн үед хамгийн
түрүүнд ширээн доогуураа орох хэрэгтэй. Эсвэл тавцан нь хангалттай даацтай бол орон
доогуураа орсон ч болно. Хана нурлаа гэхэд ширээ, оронд тулж гурвалжин зай гарна.
Энэ зайг амьдралын гурвалжин ч гэдэг” хэмээн ярив. Түүнчлэн “Байгалийн гамшгийн
үед 15 төрлийн эд зүйл байх ёстой. Цэвэр ус, долоо хоног хэрэглэх хоол унд, гар
чийдэн, батерей хэрэгтэй. Мөн айлд сонин, гялгар уут, тор байх ёстой. Тухайлбал,
аюул гамшгийн дараа хүмүүст халуун шөл тараалаа гэхэд сониноо гурвалжилж нугалан
аяга хийж болно. Түүн дотроо жижиг гялгар уут хийгээд халуун шөл, цай зэргийг ууж
болох юм. Сонингийн цаасыг хуйлахад хатуурдаг. Түүгээр хэрэв гар хугарсан бол чиг
тавиад мөн л гялгар уутаар боочихно. Гялгар торыг ч сэнжнээс эхэлж цуулаад сойлт
болгон ашигладаг. Энэ мэтчилэн газар хөдлөлт, байгалийн гамшгийн үед гар доорх материалыг
ашиглахад анхаарах хэрэгтэй” хэмээв.
Харин бусад шаардлагатай
эд зүйлсийн талаар “Газар нурангид дарагдлаа гэхэд шүдэнз зураад гал гаргаж болохгүй
шүү дээ. Галын аюулгүй байдлаа бодсон ч тэр. Тиймээс гар чийдэн зайлшгүй хэрэгтэй
юм. Мөн гэрлээр нь дохио ч өгч болно. Нөөцний хоол ундаа ч аль болох муудахгүйг
сонгох нь чухал. Бичиг баримтаа нэг гялгар уутанд хийж хадгалах ёстой. Газар хөдлөхөд
тэнд байгаа эрүүл мэндийн дэвтэр, өөр газар байгаа үнэмлэхээ хайгаад байж болохгүй
шүү дээ. Барилга байшин дор дарагдсан тохиолдолд шүдээ тогшсон ч болно. Орчин үеийн
аврах хайгуулын багаж хэрэгсэл их доор байгаа дуу чимээг ч мэдэрдэг болсон. Гэртээ
хатуу цаасан хайрцаг хадгалж байгаад тавилгынхаа дээд талаар нугалаад хийчихвэл
чичирхийллийн үед унахгүй зэрэг олон зүйл бий” хэмээн сонирхуулав.
Мэдээллийн үеэр “Иргэд
аюулт үзэгдэл, осол, гамшгаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дутмаг
байна” хэмээн онцолж байлаа. Зөвхөн энэ он гарсаар эхний есөн сарын байдлаар манай
улсын хэмжээнд 4148 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож түүний улмаас 170 хүн
амь насаа алдан 49.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. ОБЕГ-аас төв, орон
нутгийн Онцгой байдлын анги байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран үйл
ажиллагаа явуулж байгаа гэнэ. Мөн www.ontsgoi.cov.mn сайтад, иргэдийн болзошгүй
аюул ослоос урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл байршуулж эхэлжээ. Түүнчлэн газар
хөдлөлтийн үеийн сургалтыг явуулж байгаа аж. Улаан загалмайн нийгэмлэгийн зүгээс
“Өвөлд бэлэн үү” нэг сарын аяныг зохион байгуулж байгаа юм байна.
ЦАС ИХ ОРСОН ҮЕД:
Хэрвээ хээр талд эсвэл ойд байхад
цас орвол намдахыг нь хүлээх, ойролцоох тодорхой шинж тэмдэг бүхий зүйлээр баримжаалан
зүг чигээ олох хэрэгтэй. Түүнчлэн аюулгүй газар очих боломжгүй тохиолдолд цас ухаж
түр хорогдох байр нүх, хонгил, агуй, овоохой зэргийг хийж хорогдох нь салхи, хүйтэн,
цасны хунгараас хамгаалдаг. Цасанд удаан хугацаагаар гадаа байхад хүний нүд гэмтэж
болзошгүй учраас нарны шилтэй явахад илүүдэхгүй.
ЦАСАН ШУУРГЫН
ҮЕД:
Өвлийн улиралд хол замд гарахдаа
цаг агаарын мэдээ харж хэвших нь чухал юм. Харин замд гарсан тохиолдолд чухал бичиг
баримт, хоёроос дээш хоног хадгалж болох илчлэг хоол, хүнс, ус, түлш, анхны тусламжийн
болон ариун цэврийн хэрэгсэл, лаа, шүдэнз, гар чийдэн, холбооны хэрэгсэл авч гарах
хэрэгтэй юм. Хэрэв автомашинтай явж байхдаа цасан шуургатай таарсан бол тусламж
иртэл машинаасаа буухгүй байх хэрэгтэй. Машин эвдэрч саатсан бол антенндаа тод өнгийн
даавуу уях, дуут дохио дуугаргах, гэрэл асаах зэргээр дохио, тэмдэг өгөх нь чухал.
Нойтон хувцас нь дулаан хадгалах шинж чанараа алдаж, биеийн дулаан алдагдуулдгийг
санаарай. Тиймээс осголт хөлдөлтийн шинж илэрч буй эсэхийг анхааралтай ажиглаж,
норсон хувцсийг сольж, биеийн дулаан алдагдахаас сэргийлэх хэрэгтэй.
Ж.БАЯРСАЙХАН