Монгол Улсад бие даасан, хараат бус, байнгын ажиллагаатай Сонгуулийн төв байгууллага байгуулагдаад өнөөдөр 26 жил болж байна.
1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, түүний дагуу төрийн эрх барих дээд байгууллагаас төрийн шинэ бүтэц, тогтолцоог бий болгох зохион байгуулалтаар байгуулагдсан анхны байгууллага бол Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо байв.
1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, түүний бүрэлдэхүүнийг баталсан тогтоолыг тэр үеийн хууль тогтоох дээд байгууллага- Улсын Бага Хурал гаргаж байсан билээ.
Түүнээс хойш Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо төрийн эрх барих дээд байгууллага- Улсын Их Хурлын 7, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 удаагийн сонгуулийг тус тус удирдан зохион байгууллаа. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 7 удаагийн сонгуулийг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж иржээ.
Өнгөрсөн хугацаанд иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүрэн хангах, сонгуулийн эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, сонгуулийн бүх шатны байгууллагад ажиллах мэргэжилтэнг сургаж бэлтгэх, нарийн мэргэшүүлэх, тогтвортой ажиллуулах зэргээр сонгуулийн байгууллагыг бэхжүүлэх, сонгуулийн бүхий л үйл ажиллагаанд сүүлийн үеийн техник, технологи нэвтрүүлж автоматжуулахад томоохон өөрчлөлт хийж чадсан билээ.
Үүний үр дүнд Монгол Улсад сонгуулийн ардчиллын мөн чанарыг улам бататгаж, түүнийг шинэ агуулгаар баяжуулж, сонгуулийн нэр хүнд, үнэ цэнэ, түүнд итгэх итгэл үнэмшил болон олон улсын үнэлэмжийг үлэмж нэмэгдүүлж чадсан билээ хэмээн СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.