Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг түр хойшлуулав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хороо дэгийн туульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулав. Уг хуулийн төсөл нь хоёр заалттай бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол Төрийн албаны тухай хуулийн 46.4 дэх хэсэгт заасан хугацаанд өргөдлөө гаргаж төрийн албанаас болон ажлаасаа чөлөөлөгдсөн байна” гэж, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн сонгуульд нэр дэвших бол Төрийн албаны тухай хуулийн 46.4 дэх хэсэгт заасан хугацаанд өргөдлөө гаргаж төрийн албанаас болон ажлаасаа чөлөөлөгдсөн байна” гэж тус тус өөрчлөн найруулахаар тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж, үг хэлсэн гишүүд нэгэнт цэцийн тогтоол гарч хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон гарц, боломжийг ашиглаад Сонгуулийн тухай хуулийн бүрхэг, тодорхойгүй, ойлгомжгүй заалтуудыг нэг мөр болгож цэгцлэх шаардлагатай, ингэхдээ ээлжит сонгуулийн хугацааг эргэн харж шат шатны төлөөллийн байгууллагууд нь мэдэж зохицуулдаг болгох, сонгуульд нэр дэвшиж өрсөлдөөд ялагдсан төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтнууд төрийн албанд эргэж ордог, төрийн алба хаагч болдог явдлыг тодорхой хугацаанд хориглосон хуулийн хаалт хийж өгөх нь зүйтэй, энэ үүднээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж дахин сайтар нягталж ярилцах нь хэрэгтэй байна гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Иймээс гишүүдээс гаргасан саналын дагуу хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *