Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуулийн тогтолцооноос дүн хамаарна

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Монголд чөлөөт ардчилсан сонгууль хийдэг болоод даруй хорин зургаан жил болчихжээ. Парламентын болон орон нутгийн сонгууль 1990, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012 онд болсон бол Ерөнхийлөгчийн сонгууль 1993, 1997, 2001, 2005, 2009, 2013 онуудад болжээ. Сонгууль болгоны дараа үр дүнг нь чамладаг нь ердийн хэвшил болсон эд. Эндээс хамаг бурууг хуульдаа тохож шинээр сонгуулийн хууль бүтээх талаар дөрвөн жил үглэн дуулдаг. Парламентад олонх болсон хэсэг нь энэ нөлөөгөө хадгалахын тулд өөртөө ашигтай шинэ хувилбарын эрэлд гарна. Ингэснээр сонгууль болохоос ердөө хэдхэн сарын өмнө л шинэ хуулиа хам хум баталдаг. Гэвч олонх голдуу л алдаж тооцон өөртөө ашиггүй хувилбар гаргаж ирэх нь ихэнхдээ.

Манайд болсон парламентын сонгуулийн системээс хамгийн олон давтагдсан нь абсолют мажоритар хэлбэр юм. 1996, 2000, 2004 онуудад энэ системээр сонгууль явуулжээ. Энэ нь парламентын суудлын тоогоор тойрог буй болгоод, тойргоос хамгийн олон санал авсан нь дивтаат болно. Энэхүү абсолют мажоритар системийг анх АНУ-д хэрэглэж эхэлсэн ба өдий болтол тэр хэвээрээ үргэлжилж байгаа. Тоймтойгоос энэ системээр санал хураадаг англо саксоны 4-5 орон байдаг нь Британи, АНУ, Шинэ Зеланд гэх мэт. Үүнээс гадна Африк, далайн орнуудад ингэдэг хэдэн орон байдаг гэсэн.

Абсолют мажоритар систем нь хоёр намын тогтолцоо юм. Голлох хоёр намын хооронд л тэмцээн болох ба гурав дахь улс төрийн хүчинд бараг шаанс байдаггүй. АНУ бол хоёр намын тогтолцоотой. Үүнийг Монголын жишээн дээр харж болно. 1992 онд бие даагч Зуунай, 1996 онд бие даагч Дашбалбар, 2000 онд бие даагч Гүндалай болон Эх орон нам, Иргэний Зориг нам тус бүр нэг суудал, 2004 онд Иргэний Зориг, Бүгд Найрамдах нам тус болгон нэг суудал авч байлаа.

Хэдэн сул тал бий. Гишүүн болгон өөрийн жижиг тойрогтой учраас улсын төсвөөс өөрийн жалга руу “юм зуух” гэж чармайдгаас төрийн нэгдсэн бодлого алдагддаг. Тойрогт хамгийн олон санал авсан нь ялдаг тул энэ босго Монголд дэндүү бага учир 25 хувийн саналтай ялахад сонгогчдын 75 хувь нь өөрийн төлөөлөлгүй хоцорно. Тойрог жижиг учир цөөн сонгогчийг худалдаж авахад илүү хялбар байдаг.

Монголд гурван удаа хэрэглэж үзсэн томсгосон тойргийн систем байна. Энэ нь нийт сонгогчдыг 26 тойрогт хуваагаад хүн амын тоонд харьцуулан 2-4 “орон тоо” гаргана. Гэхдээ туршлагаас үзэхэд хэрэв сонгогч заавал мандатын тоогоор санал өгвөл нэг янз (1992), сонгогч тухайн мандатын тоо хүртэл хэдэн ч нэр дугуйлж болдог бол нэг янз (2008, 2012) гэсэн хоёр өөр дүн гарна. Гэхдээ аль нь ч байсан эцсийн дүнгээрээ хоёр намын тогтолцоо юм.

Сул талууд нь абсолют мажоритараас илүү их. Юун түрүүн гишүүд өөрийн жалга руу төсөв чирэх үзэгдэл адилхан. Нэг намын доторх өвөр хоорондын өрсөлдөөн хүчтэй болдог учир намын программ хэрэгсэгддэггүй. Үүнээс болоод ялангуяа голлох хоёр намын хооронд хуйвалдаан үүсэх магадлал маш өндөр. Тойрог дээр нэр дэвшсэн нэг намын хүмүүс хоорондоо биенээ жийх, мөн хоорондоо бас л хуваагдсан нөгөө намынхантай тохиролцон гарч ирэх хүмүүсээ урьдчилаад үгсчихдэг. Сонгуулийн туршлага дутмаг байсан 1992 оны сонгуулийн дүн нэг янз гарч байсан бол 2008 оны туршлагажсан үеийн дүн шал өөр гарч байлаа. Энэ тогтолцоог сонгогчид харилцан адилгүй тооны санал өгдөг учраас иргэдийн тэгш эрхийг алдагдуулдаг гэж их шүүмжилдэг. 1992 онд томсгосон тойрогт сонгогч мандатын тоонд заавал хүргэж санал өгч байсан бол 2008 онд томсгосон тойрогт, сонгогч мандатын тоо хүртэл санал өгөхөөр зохицуулсан. 2012 онд 50 суудлыг нь мөн энэ хэлбэрээр явуулсан.

Хэрэв сонгогч заавал мандатын тоогоор санал өгөх болбол “хогийн цэг” гээч юм үүснэ. Энэ нь сонгогч өөрийн “хайртай” нэр дэвшигчид санал өгөөд үлдсэнийг нь далд оруулахын тулд хамгийн найдваргүй нэр дэвшигч рүү шиднэ. Энэ найдваргүй дэвшигч “олны олон таван цэн” гэгчээр дивтаат болоод гараад ирэх магадлал тун өндөр. Хэрэв сонгогч мандатын тоо хүртэл хэдэн ч санал өгдөг болох юм бол луйвар хийхэд маш амархан болдог. Ийм жишээ 2008 онд “нэг тэгийн арга” гэж өргөн хэрэглэгдэж байлаа. Энэ нь жишээ нь тухайн дэвшигч 100 санал авсан байхад ард нь нэг тэг нэмээд мянга болгоход хэн ч мэдэхгүй. Учир нь сонгогч болгон янз бүрийн тооны санал өгч буй учир нийтдээ хичнээн санал хураагдсан нь мэдэгддэггүй. Гагцхүү сонгуулийн хорооныхныг найрах хэрэгтэй.

Гурав дахь хувилбар нь 1990 онд Улсын бага хурлыг буй болгосон цэвэр пропорциональ систем юм. Сонгогчид зөвхөн аль нэг намын төлөө санал өгөх ба саналын хэмжээгээр тухайн нам парламентад суудал авна. Хэнийг дивтаат болгохыг нам сонгуулийн дараа нэр дэвшүүлэх ба үүнийг нь Ардын их хурал голж шилэн сонгоно. Нэг үгэндээ хоёр шаттай сонгууль. Шинэ Үндсэн хуулиас хойш хоёр танхимтай парламентын тогтолцоо байхгүй учир үүнийг дахин давтах бололцоогүй юм.

Дөрөв дэх хувилбар нь 2012 онд хэрэглэсэн холимог тогтолцоо юм. Энэ системийг дэлхийн ихэнх оронд хэрэглэдэг. Энэ нь тодорхой тооны суудлыг мажоритар хэлбэрээр тойргоос хүн тодруулах ба бусад хэсгийг нь намд өгсөн саналын дагуу хуваарилна. 2012 онд 76 суудлын 26 буюу гуравны нэгийг нь жагсаалтын нэрсийн дагуу хуваарилсан. Пропорциональ систем бол олон намын тогтолцоо юм. Пропорциональ хэмжээ хэдий их байна, парламентад төдий олон нам суудал эзлэх боломжтой.

Сул тал нь хэт олон нам парламентад суудалтай болбол Засгийн газар бүрдүүлэх хүчин буй болж чадахгүйд хүрдэг. Энэтхэгт ойрмогхон 30 гаруй нам нийлж байж арай гэж Засгийн газар бүрдүүлэх олонх болсон боловч мөнхийн хэрүүл дунд улс орныг удирдан авч явж чадахгүйдээ хүрч байсан. Түүнээс гадна намын жагсаалтыг хэрхэн бүрдүүлэхээс их хамаарна. Олон оронд эхэлж судалгаа хийгээд намыг төлөөлж хэн жагсаалтад орвол илүү олон санал авах вэ гэдгээсээ хамаарч хүнээ олж сонгодог. Тухайлбал алдартай жүжигчин хөөрхөн хүүхнийг жагсаалтад оруулснаар 18-30 насны залуучуудын төдөн хувь нь манай намын төлөө санал өгөх нь судалгаагаар батлагдсан тул нэрийг нь оруулъя гэх жишээтэй. Гэхдээ намын удирдлага өөрсдийгөө дэвшүүлэхийг хориглодог. Гол төлөв Европын орнуудад намаас гаргасан жагсаалтаа иргэдээс санал авах байдлаар тодорхойлдог. Үүнд сонгогч намын нэрийг дугуйлахаас гадна тус намын нэрийн жагсаалтаас хэн нэгнийг давхар онцлон дугуйлна. Чухам энэ үр дүнгээс намын жагсаалтын дугаарлалт тодордог. Зарим оронд жагсаалтыг нийтийн сонгууль болохоос өмнө намын дотор нээлттэй нэр дэвшүүлэлт ил тод явуулж хүнээ тодруулдаг.

Манайд 2012 оны сонгуульд намын нэрсийн жагсаалт гаргахдаа парламентад нэгэнт гишүүд болсон хэдэн нөхдүүд хоорондоо ашиг сонирхлын үүднээс “фракц” гэгч болон хуваагдаад, хэдүүлхнээ хаалгаа түгжиж сууж байгаад наймаа хуйвалдааны журмаар нэрс тодруулсан. Энэ бол пропорциональ сонгуулийн цаад утга учрыг бүрэн алдагдуулж байгаа хэлбэр юм. Үүнээс болж шинээр нэр дэвшигч буюу эцэст нь ард түмний нэрийн өмнөөс төрийн эрх баригч маань ард түмний шалгуураар ороогүй, магадгүй гэмт хэрэгтэн, сэтгэцийн өвчтөн “оймсонд хавчуулагдаад” төрийг товхинуулагч болчихдог аж.

Дээрх ерөнхий зарчмаас онц ихээр гажсан хоёр тохиолдол бий. 1992 оны сонгуулиар хүн амын тал хувийн санал авсан мөртөө МАХН нийт суудлын бараг 90 хувийг авч байсан. Энэ нь монголчууд сонгуульд дасаагүй, намууд туршлагажаагүй, элдэв муу санаа хэнд нь ч байгаагүй үед мажоритар системийн “яльгүй илүү авбал бүгдийг нь авна” гэсэн сонгуулийн өөрийнх нь тогтолцоо нөлөөлсөн юм. Тэгээд ч тэр үед МАХН-ын эсрэг хүчин нэгдээгүй тус тусдаа сонгуульд орж байлаа.

Өөр нэг гажиг 2000 оны сонгуулиар ажиглагдсан. МАХН сонгогчдын 50,03 хувийн санал авсан мөртөө нийт суудлын 90 гаруй хувийг авсан. Үүний тайлбар их энгийн. МАХН биш бүх нам тарж бутран тус тусдаа нам болон сонгуульд орсон учир үнэн хэрэгтээ тухайн сонгуульд ганцхан нам “өрсөлдсөн хэрэг”. Зарим тойрогт МАХН-аас цор ганц нэр дэвшигч бүртгэгдсэн байхад нөгөө талд нь ардчилсан хүчний гэгдэж байгаад тус тусдаа өөр намыг төлөөлсөн найман намын төлөөлөл өрсөлдөж байлаа. Энэ тохиолдолд “яльгүй илүү гарвал бүгдийг нь авна” гэсэн мажоритар тогтолцоо шууд нөлөөлж тойрог болгонд хоорондын өрсөлдөөнгүй хүчин нь бүгдийг нь хамах нь ойгомжтой.

Дээрх хоёр “гажигт” МАХН-ын сонгогчид үйлчлэх сэтгэл зүйн дарамт их байлаа. Олон жил төрийг ганцаар эзэгнэсэн, ард түмнийг айлгаад сурчихсан, төрийн албанд хэт олуулаа байсан зэрэг нь инерцээрээ дарамт учруулж чаддаг байв. МАХН нэрээ сольсон, ардчилсан тогтолцоонд ороод хүний нэг үе өнгөрсөн, төрийн алба болон, сонгуулийн хороон дахь тоон зөрөө арилсан зэргээс болоод одоо дахиж ийм “гажиг” гарах магадлал үгүй болсон.

Нэгтгээд товчоор хэлэхэд сонгуулийн ямар тогтолцоо сонгосноос хамаарч дүн хамаарна. Хиншүү Гамбаа улс даяар хамгийн нэр хүндтэй байх нь мажоритар тогтцод огт падлий байхгүй ч пропорциональ сонгуулиар ХҮН болж чадна.

2016.4.15

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *