Сонгуулийн шинэ хуульд сонгуулийн сурталчилгааг 14 хоног байхаар заах төлөвтэй. Ийм богино хугацаанд сонгогчид хүнээ таних нь байтугай хүн, хонь хоёроо ялгаж чадахгүй байлгүй дээ. Сонгуулийн сурталчилгаа гэдэг ямар учиртай, ямар үнэ цэнтэй, хүний эрхийн ямар чухал хэсэг болох, яагаад сурталчилгаа хийдэг, огт хийхгүй бол яахав зэргээр бодож үзсэн хүн хууль санаачлагчид дотор байгаа болов уу. Ер нь нэг бодож үзвэл яасан юм бэ. Сонгууль гэдэг бол товчхондоо иргэд өөрсдийн итгэж таньсан хүмүүсээ төр удирдуулахаар шигшин сонгож, төрийн ордондоо суулгахыг хэлнэ. Сонгуулийн сурталчилгааны хэд хоног бол ард түмэн нийтээрээ төр засгаа шинээр эмхлэн цэгцэлж байгаа алтан хором мөн. Хуй салхи шиг хуйрнан шуугиж ирээд гурав хоногт барьж байгуулчихдаг төр засаг, парламент гэж хаана ч байдаггүйг дэлхийн бүх хүмүүс мэднэ. Энэ үйл явц бол тухайн ард түмний амин чухал ажил шүү. Яагаад гэвэл орчин үеийн төр засаг гэдэг нь ард түмний өдөр тутмын амьдралынх нь идэх хоол, авах цалин, амьдрах орон байранд шууд нөлөөлдөг болсон. Ард түмний сонгосон төр дэх төлөөллүүд нь нэг өдөр хууль гаргаад ард түмнийхээ амьдралыг доройтуулж, эрх чөлөөг нь хасч чадна, эсвэл хууль гаргаад ард түмнийхээ амьдралыг диваажин болгож ч чадна. Төр дэх төлөөллүүдээ хэр зэрэг таньж сонгосноос шалтгаалах хэрэг юм. Үүндээ орчин үеийн төр засгийн үнэ цэн, хамгийн чухал нь оршиж байна. Соц нийгэмд бол төрийн хамаарал харьцангуй өөр байсныг хүмүүс мэднэ. Өнөөдөр ийм их эрх мэдэл төр дэх төлөөллүүдийн маань гарт байгаа учраас л монголчууд бид тэр хүмүүсээ хангалттай таньж авмаар байна. Тэгэхгүй бол өнөөдрийн УИХ-ын гишүүд өөрөөсөө өөрийг таниулахгүй, өөрсдөө эргээд сонгогдох боломжийг сонгуулийн шинэ хуулиар хийх гээд байна. Анхны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа хоёр сар байлаа. Дараа нь 30 хоног болгосон. Одоо 14 хоног болох нь. Өөрсдийг чинь солих хүсэл, сонголтыг ард түмэнд өгөөч. Бусдадаа нийгэмд танигдах боломжийг олгооч. Нэр дэвшигчийн төр засаг удирдах хэмжээнд хүрсэн эсэхийг таних амьдралынх нь замнал гэж байдаг. Ямар гэр бүлд төрж өссөн, ямар сургуулиудад боловсрол эзэмшсэн, ямар найз нөхдийн хүрээлэл дунд ажиллаж амьдардаг, эрхэмлэдэг үнэт зүйлс нь юу юм, ажил амьдралын туршлага… гээд сонгогчид нь заавал уншиж, мэдэх ёстой стандарт мэдээллүүд байна. Дээр нь тэр нэр дэвшигчийн өөрийн болон намынх нь мөрийн хөтөлбөр байна. Эдгээрийг 14 хоногт авч судалж, танилцаж яагаад ч амжихгүй. Нэр дэвшигчээ доторлох нь бүү хэл гадарлах ч үгүй өнгөрнө. 14 хоног гэдэг бол “Чи зөвхөн өнөөдрийн Их хурлын гишүүнийг дахин сонго, бусдыг нь ямар мэдэх биш” гэсэн бүдүүлэг тулгалт. Хуулиар сонголт хийх эрхийг чинь хязгаарласан хэлбэр. Хэрэв энэ хууль батлагдлаа гэхэд Монгол улсын Үндсэн хуулийн Цэцэд хандахаас өөр аргагүй хууль зөрчсөн үйлдэл болно. Энэ хуулийг ийм л хувь тавилан хүлээж байгаа.
Ийм л явцгүй хугацаа байдаг учраас дэлхийн бүх улс оронд төрөө, төр дэх төлөөллөө сонгох боломжийг 14 хоногоор хязгаарладаггүй юм. Харин ч эсрэгээрээ сонгуулийн сурталчилгааны хоног нь бусад улс оронд жил, сараар үргэлжилдэг. Тэгж хуульчилсан байдаг. Жишээ нь бидний үлгэр дуурайл болгож ярьдаг АНУ-д аль нэг жилийн өмнөөс Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Хиллари Клинтон, тэрбумтан Трамп, гурав дахь Буш… гээд олон хүн сурталчилгаагаа эхлүүлснийг бид харж, уншиж байна. Хамгийн цөөн хоногт буюу 30 хоногт сонгуулийн сурталчилгаагаа явуулдаг Япон улс бол жижигхэн арал орон. Нэг захаас нөгөө захад нь хүрэхэд ердөө хоёр цаг хагас л давхидаг. Хүн ам шигүү. Цаг хугацаа орон зайн хувьд ийм баримжаатай учраас л 30 хоногийн хугацаанд сонгуулийн сурталчилгаагаа явуулдаг юм билээ. Япончуудаас бид үлгэр загвар авах мөн ч дуртай даа. Тэгвэл япончууд төр дэх төлөөллөө сонгохдоо юунд найддаг гээч. Сонгуульд оролцож байгаа нам, нэр дэвшигчийнхээ амлалт, мөрийн хөтөлбөрийг цаасан хэлбэрээр буюу сонин хэвлэлээр авч уншиж судалдаг, бүр хадгалдаг тогтсон уламжлалтай, хууль журамтай байдаг. Хаа байсан хязгаар тосгоны эмгэн хүртэл нэр дэвшигчийнхээ танилцуулга, мөрийн хөтөлбөрийг сонинд хэвлүүлснээр нь хадгалаж, түүнийгээ бариад уулзалт дээр нь очдог зуршилтай. Тэгээд мөрийнх нь хөтөлбөртэй сонинг харуулаад “Үүнийгээ хэрэгжүүлжээ” хэмээн баяр хүргэж, дахин дэмжиж байгаагаа илэрхийлдэг. Энэ нь дараагийнх нь сонгуульдаа дахин ашиглах ганц баримт нь болдог учраас улс төрийн намууд, улстөрчид сонгуулийн сурталчилгаандаа сонин хэвлэлийг хамгийн түрүүнд ашиглаж, номер нэг ач холбогдол өгдөг нь ганц Японд бус бусад улс оронд ч тогтсон, төлөвшсөн үзүүлэлт юм. Дөрвөн жилийн дараа телевиз, сайтын алинд нь ч баримт үлдээгүй, устсан байдаг. Дэлхийн улсуудад сонгогч хүнд ганц баталгаатай мэдээлэл түгээдэг хэрэгсэл, баримт болдог нь сонин хэвлэл байдгаараа нийгэмдээ үнэ цэнтэй байж өнөөдрийг хүрчээ. Үе үеийн бүх сонгуулийн амьд архив, бүх цаг үеийн нийгмийн толь нь сонин хэвлэл юм гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрөөд байна.
Өнөөдрийн Монголын нийгэм үнэн хэрэг дээрээ завсрын үеэ гаталж чадахгүй яваа учраас сонин хэвлэлийн үнэ цэнийг бага мэдэрч байж магадгүй. Тун удахгүй хэвлэмэл мэдээллийн үнэ цэнийг голдоо ортол ойлгоцгоох болно. 14 хоногт л сонгуулийн сурталчилгаагаа явуулахгүй бол хөрөнгө мөнгө их гарч байна гэсэн шалтгийг төсөл санаачлагчид ярьдаг юм билээ. Тухайн нэр дэвшигч ямар хөрөнгө гаргах нь төрд ямар хамаатай юм бэ. Ямар төсвийн хөрөнгөөр сурталчилгаагаа хийж байгаа биш. Манай хуульчид хуулийг нь хуулбарлах дуртай Герман улс шиг төрөөс нь улс төрийн намууддаа “Сонгуульд оролц” гээд мөнгө өгдөг бол өөр хэрэг, ярьж болох асуудал. Төсвөөс мөнгө гарч байгаа учраас. Дээр нь Монголын өргөн уудам нутаг, талаар нэг тарж бутран амьдардаг ард түмнийхээ онцлогийг бодож үзсэн үү. Сонгогчдын насны 24 хувь нь хөдөө мал хариулж яваа шүү дээ. Тэдэнд сонин хэвлэлээр л сурталчилгаагаа хүргэхээс биш тэд нийтээрээ сайт ухаад сууж байх уу, хамар толгой дээрээ телевиз үзээд суух уу. Монголын амьдралаас мөн ч холуур хүмүүс л сонгуулийн сурталчилгаа 14 хоног байхыг дэмжих байх даа. Ер нь бол та бүгдийг дахин сонгох албагүй. Хуульчлах чинь бүр хориотой. Үндсэн хуульд заасан хүний сонгох, сонгогдох эрхийг та хэд увайгүйгээр зөрчих учраас Монголын ард түмэн энэ эрхийнхээ төлөө Үндсэн хуулийн Цэцэд хандах нь тодорхой.
Бас сонгуулийн санал өгөх өдөр сурталчилгаа явуулдаггүй хуультай. Тэгвэл өнөөдөр Монголд твиттерийн жиргээ, сошиал медиаг хязгаарлаж хянах боломжгүй. Санал өгөх өдөр бүх л хаягаас “АН цөм яллаа, бут авлаа” гээд шуугиж, давалгаа үүснэ. Үүнийг хэн зогсоох юм бэ. Ямар хуулиар хазаарлаж, хянаж, хариуцлага тооцох юм бэ. Хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэвэл твиттерт байдаг хоёр, гурван зуун мянган хүний асуудал яригдана. Ийм олон хүнд хуулийн хариуцлага тооцох уу. Гадны аль ч улс оронд санал авч дуусах эцсийн мөч хүртэл сурталчилгаа явдгийг бүгд мэднэ. Тэгээд ч сонгуулийн сурталчилгааг хамгийн хүчтэй хүлээж авдаг супер мөч нь сүүлийн гурван өдөр байдаг.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, америк, япончууд тэнэг учраас сонгуулийн сурталчилгаагаа нэг жилээс нэг сарын хугацаатай явуулдаг хэрэг үү, тэнэг болохоороо телевиз, сайт гэхээсээ урьд сонин хэвлэлээр сурталчилгаагаа тогтвортой, аажуу тайван явуулж нийгмийн эд эс бүхэндээ хүргэдэг хэрэг үү. Би лав тэднийг тэнэгтээ тэгдэг гэж бодохгүй байна. Төрийг удирдах төлөөний хүнээ сонгохын тулд урт удаан хугацаанд судалж, мөрийн хөтөлбөрийг нь уншиж, буурь суурьтай ханддаг учраас гарт баригдаж, оюун ухаанд нь нэвт шингэдэг сонин хэвлэлийн сурталчилгаанд итгэж найддаг байна. Тиймдээ тэдгээр улс орны иргэд төрдөө чадвартай хүмүүсээ танин сонгож, тэдгээр нь улс орноо дэлхийн түвшинд аваачдаг нь тогтсон зүй тогтол болжээ. Тэрнээс манай хэд шиг сонгуулиас сонгуулийн хооронд сурталчилгааны хоногоо улам хумьж, өөрсдийг нь дахин сонгохоос өөр боломжгүй болтол ард түмэндээ тулгалт хийж, танихгүй бурхнаас таньдаг чөтгөр чинь дээр шүү гэж муйхарладаггүй. Үүгээрээ та бүгдийг чөтгөр шуламтай зүйрлэж байгаа юм биш, ер нь бол Монголын ард түмэн энэ удаагийн сонгуулиар хүн, хонь хоёроо ялгаж авмаар байна шүү дээ гэдгийг л хэлэх гэсэн юм.