Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 7-нд болно. Харин энэ удаагийн сонгуульд дахин ирц хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явуулах юм байна. Ауульд ингэж заажээ. Тухайлбал, сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол нэмэлт санал хураалт явуулна гэж хуульд заажээ. Тиймээс Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн ярихдаа “Сонгуулийн тухай хуульд тавин хувь гэсэн заалт бий. Тухайлбал, сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол нэмэлт санал хураалт явуулахаар хуульчилсан. Гэхдээ нэмэлт санал хураалтыг зөвхөн 50 хувь нь хүрээгүй хэсэгт л явуулна. Санал хураалтад оролцоогүй сонгогчид л нэмэлт санал хураалтад оролцоно. Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн хэсэг дэх санал хураалтын дүнг гаргана. Монгол Улсын Үндсэн хуульд иргэний сонгох эрхийг хуульчилсан. Сонгуулийн тухай хуульд сонгогч сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж саад учруулахыг хориглоно гэж заасан. Тийм учраас иргэдийг сонгуульд оролцуулахгүй байх, санал өгөхгүй байхыг уриалах нь хууль бус үйлдэл юм. Манай иргэд сонгогчид ийм хууль бус уриалга, нөлөөнд автаад байдаггүй шүү дээ. Тэд хуулиа дээдлэн сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгсөөр ирсэн” гэжээ.