Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд улс төрийн 13 нам оролцох хүсэлтээ хүргүүлсэн. Ингээд есдүгээр сарын 4-нд нэр дэвшигчид тодрох хуулийн заалттай. Одоогоор Сонгуулийн ерөнхий хорооноос /СЕХ/ нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг гүйцэтгэж байгаа ч энэ сонгуультай холбоотой маргаан Үндсэн хуулийн цэц дээр үүссэн билээ. Тодруулбал, нэр бүхий гурван иргэний зүгээс нөхөн сонгуульд төрийн албан хаагч нэр дэвших боломжийг хязгаарласан гэж үзээд, цэцэд хандсан билээ. Энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар наймдугаар сарын 22-нд хэлэлцэх юм. Хуралдаан болохоос өмнө дээрх асуудалтай холбоотойгоор СЕХ-ноос тайлбар ирүүлэхийг хүссэн ч “манай байгууллага хууль тайлбарлах чиг үүрэггүй” гэсэн утга бүхий тайлбарыг цэцэд хүргүүлжээ. Мөн дээрх хуулиуд батлагдсаны дараа УИХ-ын аль нэгэн тойрогт нөхөн сонгууль болоогүй гэжээ.