Уул уурхайн яамнаас асуудал үүсгээд буй 106 лицензийн асуудлаар мэдээлэл хийлээ.106 лицензийн асуудал төр болон компаниудын хооронд нэлээд маргаан үүсгээд байсан билээ. Шүүхээс эдгээр эрхийг цуцалсан гол шаптгаан нь лицензийг олгохдоо сонгон шалгаруулалтаар бус өргөдлөөр өгсөн нь холбогдох хуульд нийцэхгүй байна хэмээн үзсэн юм.
Тиймээс Ашигт малтмалын газрын дарга тусгай тогтоол гаргаж, сонгон шалгаруулалтын журмыг баталсан байна. Өөрөөр хэлбэл, уг журмын дагуу дээрх 106 лиценз эзэмших эрхийг сонгон шалгаруулалтыг дахин хийж эхлээд байгаа юм. Одоогийн байдлаар 23 лиценз эзэмших эрхийн төлөөх сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа бол өчигдрөөс эхлэн дараагийн 18 тусгай зөвшеөрлийг олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулах гэж буйгаа Ашигт малтмалын газраас зарлалаа. Өмнө нь олгосон 23 тусгай зөвшөөрлөөс 15-ынх нь эзэмшигч тодроод байгаа юм байна.
Өчигдөр зарласан тусгай зөвшөөрлүүдийн хувьд Өмнөговь аймагт тав, Өвөрхангай аймагт хоёр, Дорнод аймагт хоёр, Дорноговь аймагт хоёр, Булган, Төв, Завхан, Хөвсгөл аймгуудад тус бүр нэг нэг байгаа аж.
Дээрх тусгай зөвшөөрлүүд нь бүгд хайгуулын лиценз бөгөөд одоогийн байдлаар зарлагдаад буй 43 лицензийн нийт хамрах талбай нь 20 мянга орчим га газар аж. Өмнө нь цуцлагдсан сонгон шалгаруулалтын улмаас төр болон компаниудын үйл ажиллагаанд 23 тэрбум орчим төгрөгийн хохирол үүсчээ.