Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д “Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох”, мөн зүйлийн 28.9-д “Дэд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байх ба түүнийг улируулан сонгож болно” гэж тус тус заасан байдаг.
Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу УИХ- гишүүн, тус Дэд хорооны гишүүн Г.Ганболдыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргад нэр дэвшүүлж буйгаа Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүдэд танилцуулсан юм.
Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь УИХ-ын гишүүн Гочоогийн Ганболдыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар сонгохыг дэмжсэнээр Байнгын хорооны тогтоолын төслийг батлагдсанд тооцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.