Categories
мэдээ цаг-үе

Сонгодог урлагийн нэвтэрхий толь Бадарчийн Хишиг-Ундралынх

Энэ удаагийн “Танайд өнжье” булангийн маань зочин Бадарчийн Хишиг-Ундрал. Дэлхийн сонгодог зохиолуудыг гайхалтай судалсан арвин их мэдлэгийн сан түүнд бий. Анх Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Сонгох цаг”-аар үзэгчидтэй уулзаж эхэлснээс хойш өнөөдөр телевизийн арав орчим нэвтрүүлэгтэй болж, ард түмэнд хэдийнэ танил болсон хүн. Тодруулбал, “ТВ-9” телевизээр гардаг “Ялагдаагүй амьдрал”, “Огторгуйн цагаан гарьд”, “Эрдэмтэнтэй ярилцах цаг”, “Нобелийн шагналтнуудын лекц”, “Хүн гараг”, “Миний байшин”, “Өв соёл” зэрэг нэвтрүүлгүүдийн автор билээ.

Үүнээс гадна баримтат киноны орчуулгыг ч бэлтгэдэг юм. Б.Хишиг-Ундрал зохиолч дэлхийн сонгодог урлагийн томоохон төлөөлөгчдийн амьдрал, уран бүтээлийн тухай долоон ном, “Навчин шувуу” шүлгийн ном, “Ялагдашгүй ганцаардал”, “Би ганцаараа бүтээсэн юм биш”, “Ялагдаагүй хүмүүний алтан заяа” зэрэг уран бүтээлийн намтар, “Сонгох цаг” орчуулгын түүвэр гэх мэтчилэн олон номоо уншигчдын хүртээл болгосон. Тэр дундаас “Ялагдашгүй ганцаардал” ном нь дөрөв дэх удаагаа хэвлэгдэж байгаа аж. Үүнээс гадна “Зөн билигтэн”, “Эцсийн цэг” 26 ангит, “Хувилгааны эрэлд” 30 ангит уран сайхны кинонуудын зохиолыг бичсэн юм. Дэлхийн сонгодог урлагийн мастеруудын бүтээлийг орчуулж, олны хүртээл болгосон түүнд ОХУ-ын Соёл урлагийн академиас “Соён гэгээрүүлэгч” шагналыг олгосон билээ. МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч, соён гэгээрүүлч Б.Хишиг-Ундралынд бид энэ амралтын өдөр товлосон цагтаа очлоо.

УРАН ЗУРАГ, МОРИНЫ ХОРХОЙТОЙ ЗОХИОЛЧ

Б.Хишиг-Ундралынх Бэлхийн амны зуслан дахь хувийн сууцдаа өвөлждөг юм байна. Гэрийн эзэн энэ газраа эдлэн хэмээн нэрлэх дуртай аж. Тэрбээр “Манайх хоёр гэртэй л дээ. Хотын гэртээ хааяа очдог. Голдуу энэ эдлэн газартаа амьдардаг юм. Уран бүтээлч хүний хувьд цэвэр агаарт, чимээнээс хол, байгаль эхтэйгээ ойр байхыг илүүд үздэг дээ” гэв. Өөдлөх айл үүднээсээ гэгчээр тэдний хашаа нь бусдаас ялгарч харагдана. Байшингийнхаа хаалганы хоёр талд арслангийн баримал байрлуулжээ. Цэлгэр том хашааны нэг буланд дөрвөн машин уужуу багтахаар гарааш барьсан байв.

Энэ суурин дээрээ хоёр давхар хаус барьж, урлан байгуулахаар төлөвлөсөн гэнэ. Цаахна талд дахиад нэг том байшингийн суурь харагдав. Тэнд охиндоо зориулж байшин барих гэж буйгаа сонирхууллаа. Харин одоо амьдарч байгаа байшингаа хүүдээ өвлүүлнэ гэж ярив. Эднийх дөрвөн янзын нохой тэжээдэг юм байна. Өнгө, зүс ижилгүй бие томтой нохдыг нь харсан хэн ч сүрдмээр. Гадны хүн ирснийг мэдсэн ноход хуцаж байснаа гэрийн эзний дуугаар бүгд нам болов. Тэдэн дундаас Франц гэдэг нэртэй немц овчарк нь хүний хэл маш сайн мэддэг сургуультай нохой юм билээ. Гэрийн эзэд Францаас нуух шаардлагатай зүйлсийн талаар ярихдаа товч үсгээр ярьцгаадаг гэнэ. Жишээлбэл, дэлгүүр явахаар болбол “Д” гэдэг аж. Хоолны тухай бол “Х” гэхчилэн нууц хэлээр ярьдаг байна. Ингээд эрхэм зохиолчийн гэрт ортол үүдэндээ “Эмх цэгцтэй айлын нохой эмэгтэй хүн рүү дайрдаггүй” гэсэн пайз хаджээ. Цаашаа орвол ямар сонин, хачин зүйл олж харах бол гэхээр үнэхээр сонирхол татаад явчихлаа. Үүдэн хэсэгтээ нэмж барьсан зочин хүлээж авах танхимынхаа дотоод заслыг хийж байгаа бололтой. Том, том цэлгэр цонхтой болохоор гадна орчин тод харагдахаар. Эднийх дулаанаа шалны халаалтын системээр шийджээ. Тохилог дулаахан, дотроо халуун, хүйтэн устай гээд орон сууцнаас дутах юм алга.

Гэрийн эзний ганц сонирхол нь уран зураг гэнэ. Бас адуунд дуртайгаа сонирхуулав. Өнгөрсөн арваннэгдүгээр сард их зүйл амжуулсан гэж ирээд л нүд нь гэрэлтээд явчихав. Лавлаад асуутал “Би адуунд их хайртай. Багын мөрөөдлийн минь нэг. Намайг багад нутгийн хөгшчүүл хурдан морь захидаг байлаа. Тэгэхэд нутгийн залуус шоолдог байв. Хотын жаахан хүүхдэд хурдан морь захихдаа яадаг юм бэ гээд л. Жайжаа, Мижид гээд нутгийн хөгшчүүл Ундралын нүд та нарыг бодвол морь танина гэдэг байсан шүү. Сумын наадам болохоор гараан дээрээс энэ тав эхэнд орж ирнэ гэхэд яг таардаг тийм малын нүдтэй хүүхэд байсан. Сая би Архангай аймгийн Багшийн сургуулийн багш Батбаатарын хүүгээс хул зүсмийн эмнэг үрээ авлаа. Мянга орчим адуун дунд ороод энэ морийг сонгоход гэрийн эзэд инээлдээд явчихав. Аргагүй л чамд билгийн нүд байна шүү” гэдэг байгаа. Тогоруу халтрын угшилтай, Эрдэнэчулууны шарга азаргын цус орсон, тэр азаргын өвөг эцэг нь улсын наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан тийм адууны үргэлжлэл авлаа. Өвөг эцгийнхээ хурдан буяны удмыг залгуулах санаатай Өвөрхангай аймгийн Бүрд сумандаа аваачаад ирлээ” гэв. Түүний уран зургийн цуглуулгыг хараад байхад голдуу морьтой холбоотой бүтээл зонхилно. 200 гаруй уран зураг байдаг аж. Эдгээрээс хамгийн үнэтэй нь 15 саяар үнэлэгдэх Дугар Зайсангийн тухай бүтээл. Араатан барыг нүцгэн гараараа номхотгож байгаа ширүүн харцтай бадриун эрийн энэ зургийг зочны өрөөндөө өлгөсөн байв. Энэ мэтчилэн зочны өрөөний ханаа олон сонирхолтой уран зургаар чимжээ. Харин түүний унтлагын өрөөнд Б.Лхагвасүрэн гуайн “Гоо марал” бүтээл харагдав. Эрхэм зохиолч таалагдсан зургаа огт эргэлзэлгүй шууд авчихдаг шийдэмгий шийдвэр гаргачихдаг бололтой. Мөнгөн дүнгээр хэмжигдэхээргүй үнэ цэнтэй зургууд олон байгаа аж.

Эдний байшингийн зохион байгуулалт нь тун догь. Том өрөөнийхөө хананы нэг хэсэгт модны тайрдсыг нимгэн зүсч наажээ. Тэнд Монгол орны газрын зураг хэлбэртэй чулуун дээр “Идэх алим өөрөө ургадаггүй” гэсэн бичээс байв. Дор нь 2007-07-11 гэсэн он сар бичжээ. Энэ тухайгаа гэрийн эзэн “Тэр өдөр би ийм байшин барина гээд зэргэлдээх уулан дээрээ гараад ам тангараг өгч байсан юм” гэж тайлбарлав. Гэрийн хойморт хуучин цагийн оёдлын машиныг шилэн хоргонд хийж тавьсан нь нүдэнд тусав. Дээр нь “Борхон ходоодуудыг минь өлсгөөгүй буянт ээжийн минь оёдлын машин” гэж бичжээ. Б.Хишиг-Ундрал зохиолч “Ээж минь зургаан өнчин хүүхдийг тэртээх хүнд хэцүү он жилүүдэд ганцаараа тэжээхдээ энэ л оёдлын машинаар юм бүхнийг оёдог байлаа. Үүний ачаар бид өлсч, цангаагүй өссөн юм” гэж ээжийгээ дурсав. Мөн хоймортоо “Алтан гадас” одонгоор шагнуулсныхаа дараа бэлгэнд авсан морин хуур, багадаа унаж байсан хурдан мориных нь ташуур гэхчилэн нандин зүйлсээ залжээ.

Эрхэм зохиолчийн ажлын өрөө нь сонирхолтой ертөнц. Шилэн хаалгаар тусгаарлагдсан түүний өрөөнд номын хорхойтнуудын арааны шүлс гоожмоор бүх л цаг үеийн сонгодог бүтээлүүд байна. Тэдгээрийг агуулдаг шүүгээ нь гэхэд л Монголд хоёрхон айлд байдгийн нэг нь аж. Гадаадаас захиалгаар хийлгэж ирүүлсэн номын сангийн нөгөө ижил нь шог зураач Цогтбаярынд байдаг аж. Харин ширээн дээр шинэ уран бүтээлийн гар бичвэр харагдав. Б.Хишиг-Ундрал зохиолч огт компьютер дээр бичдэггүй аж. Зөвхөн ямар ч шугамгүй бичгийн цаасан дээр хар өнгийн бэхтэй үзгээр бүтээлүүдээ туурвидаг байна. Энэ намуухан өрөөндөө кофегоо дэргэдээ тавиад шөнө дөл болтол суучихдаг гэнэ.

Гэрийн эзэгтэйг Г.Мөнхжаргал гэдэг, Хэнтий аймгийн харьяат. Анаагахын сургуулийг сувилагч, МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ. Одоо МУБИС-ийн лицей дунд сургуульд зохион байгуулагч хийдэг байна. Анагаахын сургууль төгссөнийхөө дараа НХАЯамны эмнэлэгт сувилагчаар орж байхдаа ханьтайгаа танилцжээ. Тухайн үед Б.Хишиг-Ундрал зохиолч оюутан байж эмнэлэгт хэвтэж байгаад танилцжээ. Эднийх гурван хүүхэдтэй. Х.Эгшиглэн, Х.Гүнбилигт, Х.Гүнболор гэсэн нэр хайрлажээ. Эднийх маш эмх цэгцтэй айл болох нь алхам бүрт ажиглагдаж байлаа. Хүүхдүүдийн өрөө тус тусдаа бөгөөд хичээлийн ширээнүүд дээр аавынх нь зураг харагдана. Сонирхоод асуутал “Хичээлээ хийж байна уу гэдгийг аав нь анхааралтай харж байгаа шүү гэсэн утгатай” гэсэн хөгжөөнтэй хариу өгөв. Х.Гүнбилигт, Х.Гүнболор нар 23 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид аж. Х.Гүнбилигт хүү дунд ангиасаа ном орчуулж эхэлжээ.

Б.Хишиг-Ундрал зохиолчийнх 14 хоногт нэг удаа хуралдаж, ойрын хугацаанд хийх болон хэтийн төлөвлөсөн ажлуудаа ярилцдаг байна. Гэртээ аав, охин хоёр нэг тал болдог бол ээж, хүү хоёр нэг фракц гэнэ. Аав, охин хоёрын маркетингийн алба гэдэг бол ээж, хүү хоёрыг инженерийн алба гэж нэрлэдэг ажээ. Гэрийн эзэн номын хүн болохоор гал тогоо руугаа өнгийхгүй. Зөвхөн амралтын өдрөөр гарынхаа банштай цайгаар гэрийнхнийхээ ядаргааг тайлдаг тогтсон уламжлалтай юм байна.

Эрхэм зохиолч эхнэрээ “Хонгор ээж”, хүүхдүүдээ “Хосгүй сайхан” гэж дууддаг юм билээ. Гэр бүлийн харилцаа, халуун дулаан байх, энхрийллийн нэр гэнэ. Эхнэртээ анхны харцаар дурлаж, өрх тусгаарлахдаа алимны хайрцган дээр зурагтаа тавиад ганц төмөр ортой амьдрал эхлүүлж байсан нандин дурсамжаа зураглаж байгаад ярив. “Манай нөхөр маш шударга, өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, амлалтаа биелүүлдэг зан чанартай. Хэдэн жилийн өмнө бид хороололд явж байтал хоёр хүн хүүхдийн хувцас зарах гээд бариад хүрээд ирлээ. Архи үнэртүүлчихсэн, тэдгээр хувцсаа авчих гээд шалав. Тэгэхэд нөхөр маань “Би хувцсыг чинь авахгүй. Наад хувцаснуудаа хүүхдүүддээ аваачиж өмсүүл” гээд оронд нь 20 мянган төгрөг өгөөд явуулж байсан юм. Гэтэл өнгөрсөн наадмаар Хүй долоон худагт морины бариан дээр нөхөр маань зураг авалттай байхад нь нэг залуу гэр бүлтэйгээ ирээд талархаж явдаг шүү гэж байсан гэсэн. Гайхаад асуутал өнөөх хороололд явж байсан залуугийн нэг байж. Архинаас гарчихсан, сайхан амьдарч байгаагаа хэлэх гэж ирсэн нь тэр. Ер нь манай хүний номыг уншаад хүмүүс их ханддаг. Амьдралд нь ямар нэгэн сайхан үйл явдал, өөрчлөлт боллоо гээд л. Тэр тоолонд бид маш их баярладаг” гэж гэрийн эзэгтэй ярилаа.

БАГЫН МӨРӨӨДЛӨӨ ДАВУУЛАН БИЕЛҮҮЛСЭН НЬ…

Б.Хишиг-Ундрал зохиолч эцэг, эхээс зургуулаа. Нэг эгч, дөрвөн дүүтэй ажээ. Түүний бага нас тун ч ээдрээтэй байсан гэдэг. Багадаа эцгээсээ өнчирч, хүнд хэцүү амьдралыг туулсан бөгөөд хэзээ ч хүн чанараа гээж болохгүй, худлаа ярьж, хулгай хийхгүй гэсэн чин үнэнч бодол түүнд байжээ. Амьдралын ширүүн шуургыг сөрж өдий зэрэгт хүрснээ “Ялагдашгүй ганцаардал” номд нь өгүүлсэн байдаг юм. Долдугаар ангид байхдаа Боловсролын яамны тамгатай улсын шалгалтын цаасан дээр “Холбоочин Жанчив” гэдэг шүлэг бичээд явуулсныхаа төлөө нэлээд банга хүртэж байсан гэдэг. Үүнээсээ болж багштайгаа маргаад ангийнхаа хаалгыг саваад гарахдаа “Би Ломоносовын улаан дипломтой ирнэ дээ” гэж хэлж байсан гэдэг. Ингээд сургуулиасаа завсардаж, гутлын үйлдвэрт ажилд оржээ. Гэвч тэрбээр Москва явж сурах туйлын мөрөөдлөө огт гээгээгүй байна. Гэтэл арван жилийн гэрчилгээ байхгүй, мөрөөдлөө биелүүлэхэд ангал үүсэхээр болж. Харин жаал хүү юунд ч бууж өгөлгүй оройгоор суралцан аравдугаар ангиа онц дүнтэй төгссөн байна. Б.Хишиг-Ундрал зохиолч багын хөдөлгөөнтэй, ажилсаг, сэргэлэн хүү байж. Тарвага, хонины арьс элдэж өгөөд хэд гурван төгрөг олохоороо номд зориулдаг байж. Тэрбээр МЗЭ-ийн хорооны мундагчуудад тоогдож чадсан их эр. Үйлдвэрт гуталчин хийж байхдаа “Нийслэлийн сонин бичиг” сонинд үйлдвэрийнхээ даргыг шүүмжлээд биччихжээ. МЗЭ-ийн хорооны Удирдах зөвлөлийнхний хараанд өртөв. Тухайн үед Д.Пүрэвдорж, Д.Маам, Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, Очирхүү, П.Бадарч, Сампилдэндэв гуай нар Удирдах зөвлөлийн хурлаа хийж байхдаа гуталчин хүүгийн бичсэн шүүмжлэлт нийтлэлийг уншаад “Яасан сүрхий бичдэг хүүхэд вэ. Дуудаад үзье” гэжээ. Ингээд үйлдвэрийн ажилчин Б.Хишиг-Ундрал хүү гутал наах гээд сууж байтал мастер нь “Зохиолчдын эвлэлийн хорооноос чамтай ярья гэж байна” гээд дууджээ. Энэ тухай тэрбээр “Одооны бацаанууд хаалгыг нь өшиглөөд л ордог МЗЭ-ийн хороо миний хувьд бурхны диваажин байлаа. Ингээд хэдэн шүлгээ бариад зохиолчдын эвлэлийн хороо руу орлоо. Бөөн тамхины утаа, архи үнэртсэн өрөө байна. Шүлгээ унш гэхээр нь гурван шүлэг дуудав. Тэр том луугарууд нүдээ аньчихаад л сонсоод байна. Тэгснээ аймар асуултууд тавьж байв. “Нэг талхнаас салгаад, нөгөө талхыг өгье. Чи чадах уу” л гэж байна шүү. “Чадна аа” гэлээ. “Цаашдаа сургууль соёлд орох бодол байна уу” л гэж байна. Би Москвагийн их сургуульд сэтгүүлчийн ангид явмаар байна гэхэд нөгөөдүүл нирхийтэл инээлээ. Тэр үед Д.Маам гуай Р.Ганбат гээд Ломоносов төгссөн мундаг хүн рүү залгаж байна аа. “Нэг авьяаслаг хүүхэд оллоо. Хажуудаа аваад юм сургаадхаач, хавар Ломоносовын сургууль руу явуулъя” гэхээр нь өөртөө итгэж ядлаа. Ингээд “Үндэсний соёлын зам” сэтгүүлийн эрхлэгч нь Р.Ганбат гэдэг хүнтэй уулз гээд намайг явуулсан юм. Энэ тухайгаа ээждээ хэллээ. Гэтэл ээж маань загнаад “Тэр зохиолчид чамайг онгироож байгаа юм. Наад гутлаа хийгээд л байж бай” гэдэг байгаа. Ийм үг сонсгосон ээждээ гомдоод сууж байтал Жавзан эгч гаднаас ороод ирэв. Бурхан түүнийг илгээсэн байх гэж боддог юм. Москвад их сургууль төгссөн, ээжийн найз эгч л дээ. Би урвайчихсан сууж байтал “Яасан миний хүү” гэв. Ээж хажуугаас “Наадах чинь сэтгүүлийн газар ажилд орно гээд, зохиолчид баахан онгироожээ” гэтэл Жавзан эгч ээжийг тачигнатал загнав. “Тэр том хүмүүс хүүг чинь олж хараад байхад” гэх нь тэр. Ингээд Жавзан эгч ээж бид хоёрыг дагуулаад сонины газар очсон доо. Хамгийн анх “Сүү амсаж үзээгүй хүүхдүүд” гээд үр хөндөлтийн талаар бичиж байв. Р.Ганбат гуай надад их ч юм сургасан даа. Ломоносов руу явдгийн даваан дээр Оросын Дум руу танк ороод үймээн самуун боллоо. Ингээд гадаадаас оюутан авахгүй гээд ээж эсэргүүцээд сүйд болов. Тэр үеэс манай ангийн Ичинхорлоо, А.Эрдэнэ-Очир, Б.Мөнхцэцэг гээд “Болор цом”-д ороод ирлээ. Ингээд зохиолчдын хороо авьяаслаг арван хүүхдийг шилж аваад Утга зохиолын анги нээж, тэнд оюутан боллоо” гэж амьдралаа ярив. Тэрбээр нэгдүгээр курст байхдаа А.С.Пушкин, С.Ессенин гээд Оросын алдартай зохиочдын бүтээлүүдийг орчуулчихсан, хоёрдугаар курстээ “Зөн билигт” гээд уран сайхны киногоо хийчихсэн байж. Дэлхийн сонгодгуудыг уншчихсан, үеийнхнээсээ дээгүүр хардаг нэгэн байх нь ойлгомжтой. Ер нь томчуудтай хөөрөлддөг сэтгэхүй нь үеийнхнээсээ илүү задарчихсан оюутан байжээ. Хэтэрхий шударга зангаасаа болж ангийнхаа багштай маргалдаж, ёс зүйгүй авирыг нь шүүмжилснийхээ төлөө сургуулиа орхиход хүрсэн байна. Тухайн үед О.Дашбалбар багш нь түүнийг дуудуулж, Дорно дахины их сургуульд суралцаж төгсчээ. Дипломоо онц дүнтэй хамгаалаад Үндэсний телевизэд орсон байна. Тэндээ гурван жил ажиллаж байгаад Москва руу М.Горькийн сургуульд явжээ. Түүнээс гадна үргэлжилсэн үгийн их мастер Доржготовын Энхбат Москва руу явах болзол хангаад байж. Гэтэл оросын тал нэг хүн авна гэжээ. Энэ тухайгаа Б.Хишиг-Ундрал зохиолч “Тэр мундаг хүн би явна гээд зүтгээгүйд ээж маань одоо хүртэл баярладаг, хайртай байдаг юм” гээд ярингаа телевизийнхээ сувгийг сольтол Д.Энхбат зохиолч гарч байв. Тэрбээр сэтгүүлч Ш.Гүрбазарын “Хариулахгүй ч байсан болно” нэвтрүүлэгт орж байлаа.

М.Горькийн сургуулийг улаан дипломтой төгсч ирсэн Б.Хишиг-Ундрал өнөөх хаалгыг нь саваад гарч байсан 75 дугаар сургуулийнхаа ойн баярт уригдаж очоод үг хэлэхдээ “Би олон жилийн өмнө Ломоносовын их сургуулийн улаан дипломтой ирнэ гээд ангийнхаа хаалгыг саваад гарч байсан. Тэгвэл түүнээс ч мундаг М.Горькийн сургуулийг төгсөөд ирлээ” гээд дипломоо өврөөсөө гаргаж иртэл хүмүүс алга ташиж байсан гэдэг.

ЭРХЭМ ЗОХИОЛЧИЙН ФИЛИСОФИ

Б.Хишиг-Ундрал зохиолчийн амьдралдаа баримталдаг зарчим нь мундаг зохиолчдын өөрт нь зориулан хэлж байсан сургаал, тодотголуудтай шууд холбоотой ажээ. Жишээлбэл, “Ялахын төлөө ялагдах ёсон байна. Гэвч эцсийн тулаанд ялсан байх ёстой” гэж түүнд зориулж хэлсэн Д.Пүрэвдорж гуайн үгийг амьдралдаа мөрдлөг болгодог байна. Мөн Сампилдэндэв багшийнх нь “Нэг жил зовоод насаараа жаргах уу, нэг жил жаргаад насаараа зовох уу” энэ сонголтоо чи өөрөө хий. Оюутан байхдаа их унш, өөрийгөө ялтай хүн гэж тооцох хэрэгтэй. Цагийн хулгайчтай нөхөрлөхгүй, ном их унш гэдэг байсан” гэсэн үг оюутан ахуй цагаа маш үр бүтээлтэй өнгөрүүлж, насныхаа өв хөрөнгийг олж авахад нөлөөлж чаджээ. Тиймээс “Ялагдашгүй ганцаардал” хэмээх номоо дөрөв дэх удаадаа хэвлэхдээ Сампилдэндэв багшийнхаа гэгээн дурсгалд зориулсан байна. Б.Хишиг-Ундрал зохиолчийн хамгийн ихээр хүндэлж явдаг хүний нэг бол О.Дашбалбар багш нь ажээ. Оюутан байхад нь түүнийг хажуугаасаа огт салгадаггүй байж. М.Горькийн сургуульд явахад нь хүртэл О.Дашбалбар гуай УИХ-ын гишүүн байсан бөгөөд “Гэгээн сэтгэлтэй хүү. Соён гэгээрүүлэгч” гэж тодотгож байсныг нь номдоо онцолжээ. Б.Хишиг-Ундрал зохиолч одоо хүртэл О.Дашбалбар багшийнхаа номыг дэрэн дороо хийж унтдаг юм билээ. Түүний амьдралын зураглалыг хөөрөлдөн өнжихөд олон сайхан найзаа дурсан ярьж байсан. Утга зохиолын ангийн эрхэм найзуудтайгаа элгэмсэг дотно гэнэ. Тэдэн дундаас Ц.Хуланг маш их хүндэлдэг дотнын сайхан найз нь аж. Учир нь түүний үзэл бодолдоо үнэнч байдал, тууштай шударга, өөртөө итгэлтэй байдал гээд Б.Хишиг-Ундрал зохиолчтой адил зан чанар байдаг бололтой.

Зохиолч, яруу найрагчид эхнэртээ, гэргийдээ, найз бүсгүйдээ зориулж шүлэг, захидал их бичдэг. Энэ тухай эрхэм зохиолчоос асуутал “Захидлыг хүмүүс “Сайн байна уу” гээд л эхэлдэг. Харин миний хувьд зохиол шиг бичихийг эрхэмлэдэг. Гэхдээ эхнэртээ захидал бичиж байгаагүй юм байна. Харин гэргийдээ зориулж нэвтрүүлэг хийгээд Орос, Монголын телевизээр нэвтрүүлж байлаа. Мөн “Чив чимээгүй хавар” гэдэг шүлэг бичиж, нэвтрүүлэг дундуур гаргаж байсан.

…Чив чимээгүйхэн хавраар

Чи бид хуримын хувцсаа өмсөх болно

Чив чимээгүйхэн намраар

Чи бид хуримын хувцастайгаа өтлөх болно… гэж бичсэн шүлэгтээ үнэхээр их хайртай” гэлээ. Ер нь эрдэм номын хүмүүсийн амжилтын нэг үндэс нь гэр бүлийн хүн нь байдаг. Амьдралын өдөр тутмын ачааг нуруун дээрээ үүрч, хань ижил, үр хүүхдээ мөр бүтэн явуулахад яах аргагүй эхнэр хүний үүрэг оролцоо чухал. Тиймээс Б.Хишиг-Удрал зохиолч эхнэрээ тодорхойлохдоо “Бурхнаас надад илгээсэн сахиусан тэнгэр” хэмээн зүйрлэж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *