Өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын байрны “Иргэний
танхим”-д хүүхэд харах үйлчилгээний эрх олгох хүндэтгэлийн арга хэмжээг
Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвөөс хамтран
зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн
Л.Эрдэнэчимэг, дүүргийн Засаг дарга М.Чинболд нар оролцов. “Хүүхэд харах
үйлчилгээний тухай” хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 175
иргэнийг сургагч багшаар бэлтгэн 37 ажлын байранд 74 багш өнөөдөр үйл
ажиллагаа явуулах эрхийн бичгээ гардлаа.
Тус хууль хэрэгжсэнээр настан буурлууд
ач, зээгээ харах ажлаас чөлөөлөгдөж, гэртээ хүүхдээ хүмүүжүүлдэг эцэг,
эхчүүд ажил хийх боломжтой болон өнөөдрийн нөхцөлд ажил олдохгүй байгаа
40-өөс дээш насны иргэд ажлын байраа өөрсдөө бий болгох зэрэг олон ач
холбогдолтой гэдгийг энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлж байлаа.
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэд нь 2-5 насны таван хүүхдийг гэрээр
болон тусгай байранд өдрийн цагаар харахаар зохицуулагдсан байна. Нэг
хүүхдэд оногдох хувьсах зардлыг 116 мянган төгрөгөөр тооцон улсаас олгож
байгаа ч эцэг, эхээс гаргуулах нэмэгдэл төлбөрийг энэхүү дүнгийн 60
хувиас хэтрүүлэхгүй байхаар тус тус заажээ.