Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэг 41 хороотой болох хүсэлт тавьжээ

Сонгинохайрхан дүүргийн эдийн засаг, нийгмийн үндсийг бэхжүүлж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тогтвортой хөгжлийн орчныг бүрдүүлэх зорилгоор 10 мянгаас дээш хүн амтай хороог хувааж, хилийн цэст өөрчлөлт оруулах замаар шинээр 9 хороо байгуулах тооцоо, судалгааг гаргасан байна. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн дүүргүүд дундаа хамгийн олон буюу 41 хороотой болох юм. Хороодыг хувааж шинээр хороо байгуулах асуудлыг шийдэж өгөхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр хотын даргаас хүсчээ.

Сонгинохайрхан дүүргийн хүн амын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа тул өнгөрсөн 2018 оноос оршин суугчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, хороо, дүүрэг, нийслэлийн ИТХ-ууд шат шатандаа хэлэлцэж дүүргийг хоёр хуваах саналаа УИХ, Засгийн газарт өргөн мэдүүлэхээр ажилласан юм байна. Хэрвээ хуваагдах юм бол Баянхошуу, “Өнөр” хороолол хамтдаа нэг дүүрэг болох төсөөлөл бий ажээ.

Сонгинохайрхан 321 мянган хүн амтай, нийслэлийн хамгийн том дүүрэг. Орон нутгаас нийслэлд шилжин ирэх хөдөлгөөнийг зогсоосон ч хотын дүүргүүд хооронд шилжих хөдөлгөөн их байдаг юм байна. Дүүргийн хэмжээнд жил бүр найман мянга орчим шинэ хүн мэндэлдэг. Энэ бүх өсөлтийг нэмээд үзвэл тус дүүрэг яах аргагүй хоёр хуваагдахаас өөр аргагүй гэж үзэх хүн цөөнгүй. Ямар ч байсан дүүрэг хуваагдах асуудлыг шийдэхийн өмнө хэт олон хүн амтай хороодыг хоёр хуваах талаар албан ёсоор санал тавьж байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *