Одоогоос таван жилийн тэртээ бидний өнөөгийн хэрэглээнд ашиглаж буй 4G сүлжээний дараагийн үе болох 5G-г Өмнөд Солонгосын “Samsung” корпораци нэвтрүүлэхээр ажиллаж буй талаар “BBC” агентлаг мэдээлж байв. Мөн тус мэдээлэлд 5G нь асар хурдтай бөгөөд 2 км-ын орчинд 1Gbps датаг дамжуулах хүчин чадалтай, энэхүү шинэ технологийг нэвтрүүлсэн олон төрлийн бүтээгдэхүүнээ 2020 оноос эхлэн хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж буй бөгөөд уг төсөлд нийтдээ 35 сая фунт стерлинг зарцуулна хэмээн бичсэн байв.
Эдүгээ Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр, энэ оны эцсээр солонгосчууд 5G сүлжээг хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ. Одоо ашиглагдаж буй 4G сүлжээтэй харьцуулвал 5G нь өгөгдлийг 20 дахин өндөр хурдаар дамжуулах техникийн боломжтой юм байна. Ингэснээр гар утсан дээрээ өндөр чанар, нягтралтай дүрсийг хэд хэдэн сувгаар ямар ч гацалтгүйгээр хүлээн авч үзэх боломжтой болох ажээ.
Бэйсбол зэрэг солонгос хүмүүсийн үзэх дуртай спортын тэмцээнүүдийн үед бөмбөг цохиж буй тоглогчийг хэд хэдэн талаас нь шууд харуулах боломжтой болвол фэнүүд нь гар утсан дээрээсээ нэвтрүүлэг үзэхийн тулд гар утасны үнэтэй үйлчилгээг байнга хэрэглэх нь дамжиггүй. Иймд БНСУ-ын оператор компаниуд ийм хэрэглэгчдийг урьдчилан татахын тулд эртнээс хүчтэй өрсөлдөөнд орсон талаар салбарын шинжээч нар онцолжээ.
Солонгосын Засгийн газар “Солонгост хязгааргүй хэрэглээтэй үйлчилгээ хямдарч байгаа тул дагаад гар утасны төлбөр буурч, иргэдийн халааснаас гарах холбооны зардал багасна” гэж үзэж байгаа аж.
5G сүлжээний хурд жирийн интернэтийн хурдаас бараг 1000 дахин илүү байх тухай мэдээлэл нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байгаа юм. Өмнөд Солонгост 5G сүлжээний хэрэглээ бусад улсуудтай харьцуулахад илүү шаардлагатай байгаа ажээ.
Саяхан тус улсын Засгийн газраас хийсэн мэдэгдэлдээ Өмнөд Солонгос улс 1.5 тэрбум ам.долларыг 2020 он хүртэл 5G сүлжээг хөгжүүлэхэд зарцуулна гэж дурдсан байна.
Ухаалаг утасны хэрэглээ ихэссэнээр 5G сүлжээний хэрэглээ илүү их шаардлагатай болсон байна. Анх 3G сүлжээ хэрэглэж байсан бол ухаалаг утасны хүчин чадал, үзүүлэлтүүд нэмэгдэхийн хэрээр интернэтийн хэрэглээ, хурдыг өсөх шаардлага тулгарчээ.
1990-ээд оноос Өмнөд Солонгост интернэтийн хэрэглээ олон нийтэд тархаж эхэлсэн байна. Эхэн үедээ суурин интернэт болон 2G сүлжээ хэрэглэдэг байсан бол 2000 оноос 3G ашиглаж, 2010 оноос 4G ашиглаж буй.
Европын холбооны улсууд 5G сүлжээг 2020 он гэхэд иргэдэд хүргэхийн тулд 160 сая ам.доллар төлөвлөөд байгаа нь Өмнөд Солонгосын төсөвлөсөн мөнгөтэй харьцуулахад бага юм.
Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад интернэтийн хэрэглээ хамгийн өндөртэй улсаар Өмнөд Солонгос улс тодорсон. Тус улсын нийт хүн амын интернэтийн идэвхтэй хэрэглээний 97 хувийг 18-24 насныхан эзэлдэг байна.
5G сүлжээнд шилжих гол давуу талууд:
Шинэ бодит байдал. 5G сүлжээ нь Augmented Reality, Virtual Reality хэрэглээнүүдэд томоохон түлхэц болно. Өөрөөр хэлбэл, ухаалаг төхөөрөмжийн дурангаар харж байгаа бодит эд зүйлс дээр бодит бус хийсвэр зүйлс нэмэгдэж харагдана гэсэн үг. Жишээлбэл, гар утасныхаа камераар урдаа байгаа эд барааг харахад түүний тухай бүх мэдээлэл, дээр нь нэмэгдэж харагдана. Машины салхины шилэн дээр урд харагдаж байгаа газрын мэдээлэл дүрслэгдэнэ. Энэ бүхэнд ямар ч сааталгүй ажиллах хурдтай сүлжээ хэрэгтэй.
Агшин зуурын үйлчилгээ: Мэдээлэл татах хурд 4G сүлжээнд дээд тал нь секундэд 150 Мегавит хүрдэг. Тэгвэл 5G сүлжээнд энэ хурд доод тал нь 10 Гигабит хүрэх юм байна. Бүрэн хэмжээний киног 6 минут татахын оронд 4 секундэд татна гэсэн үг.
Аянга цахилгаан мэт хурдан хариу: 5G сүлжээнд секунд бүрд урсах мэдээллийн хэмжээ их тул ямар нэг үйлдэлд тэр дороо хариу үзүүлэх чадвартай. 4G сүлжээнд видео эхлэхдээ хэдэн секунд хүлээлгэх нь асуудал биш. Гэтэл жолоочгүй машин зэрэг үйлдэл болгон нь тасралтгүй, сааталгүй хийгдэх ёстой хэрэглээнд энэ нь хангалтгүй. Жишээ нь, нэг машин нөгөө машиндаа даруй тормослох хэрэгтэй тухай дохио дамжуулахад 4G сүлжээнд 15-25 миллисекунд шаардах бол 5G сүлжээнд 1 миллисекунд хэрэгтэй аж.
Үүрэн холбооны салбарынхан 5G сүлжээнд шилжих хугацааг 2020 гэж товлож байна. “AT&T”, “Nokia Networks” компаниуд энэ хугацааг боломжийн гэж үзэж байгаа бол “Deloitte & Touche” зөвлөх компани 2022 гэвэл илүү бодитой гэж үзжээ.
“Alcatel-Lucent” компани бүр 2025 оноос нааш олон нийтийн хэрэглээ болохгүй гэж үзэж байгаа ажээ. Ямартаа ч мэдээллийн хувьсгалын тав дахь үед шилжих хугацаа хаяанд ирснийг бүгд хүлээн зөвшөөрч байна.