Хэсэг судлаач, эрдэмтдийн БНСУ-ын зах зээлд гаргахаар “онилсон” шинэ монгол брэндтэй танилц. Энэхүү шинэ брэнд нь ШУТИС-ийн хэсэг эрдэмтэд, үйлдвэрлэгчдийн хамтран бүтээсэн “Хагас нарийн ээрэх системээр” үйлдвэрлэсэн ноолууран утсаар сүлжсэн цамц, хувцаснууд байх юм. Шинэ брэнд нь уламжлалт ноолууран цамцыг бодвол маш нимгэн, зөөлөн, хөнгөн эд байна лээ.
Монгол ямааны ноолуурын урт, уян чанарт үндэслэн боловсруулсан ээрэх шинэ аргаар гаргаж авсан утас гэнэ шүү. 2015 онд “Шинэ бүтээлийн патент” авсан энэ бүтээл мөн “Шинжлэх ухааны 2015 оны шилдэг бүтээл”-ээр шалгарчээ. Энэ ээрмэл утсаар хөнгөн, нимгэн, бүрзийлт багатай, уян хатан сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй.
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Нэхмэл судлалын салбарын профессор, доктор Д.Энхтуяа, ахлах багш, доктор Р.Бадмаанямбуу, ноолуур боловсруулах “Санширо” компанийн захирал, доктор Р.Борхүү, инженер Ч.Жаргал нарын хамтын хүчин чармайлтаар бүтсэн энэ шинэ бүтээлд арваад жилийн хөдөлмөр шингэсэн гэнэ. Энэ бүтээлээр мөн докторын ажил ч хамгаалсан аж.
“100 хувь цэвэр ноолууран инновацийн бүтээгдэхүүн нь уламжлалт ноолууран сүлжмэлээс 3-4 дахин хөнгөн” гэж Д.Энхтуяа доктор тодорхойлсон. Уг технологи нь экспортын ноолууран шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг нээж байгаагаараа улсын эдийн засагт ач холбогдолтой. Шинэ төрлийн ноолууран цамц маш нимгэн харагдаж байсан учраас эдэлгээ даах эсэхийг нь сонирхлоо. Бас угааж цэвэрлэсний дараа хэлбэр нь өөрчлөгдөх болов уу?
“Бүтээгдэхүүний хэлбэрээ хадгалах чадвар өндөр гарсан. Эрсдэл бага, гэхдээ үнэтэй зүйлийг хэрэглэх, арчлах соёл чухал. Ноолуур бол өдөр тутмын хувцас биш шүү дээ” гэж Д.Энхтуяа хариулав.
“Бид шууд бие дээрээ өмсөх бүтээгдэхүүн хийж байгаа. Манайхны хийгээд байгаа ноолууран цамцыг гадуур сүлжмэл гэж нэрлэдэг. Биен дээр нэг хувцас өмсөөд гадуур нь өмсөнө гэсэн үг гэлээ. Дотуур сүлжмэл гэдэг нь шууд биен дээрээ өмсөхийг хэлдэг аж. Ноос ноолууран хувцас нь хөлс ялгарахад чийгийг хурдан шингээдэг давуу талтай. Чийг шингээж байгаа мөртлөө дулаан ялгаруулдаг шидтэй хэмээн тэр тайлбарлав. “Хүүхдийг дулаан байлгана гээд байцаа шиг олон хувцас давхарлачихдаг. Тэднийг эрүүл, дулаан байлгах үүднээс хүүхдүүдэд зориулсан ноолууран хувцас урлах санаа бий. Монгол хүүхдүүд урьд цагт нэхий өлгийд бойждог байсан. Шээсэн ч хайрахгүй, чийгийг нь шингээгээд дулаан байлгадаг онцлогтой. Монголчууд бөөрний өвчингүй, эрүүл байхад монгол гутал, нэхий дээл хувцас нөлөөлсөн хэмээн судлаач хуучлав. Тэрбээр өндөр зэрэглэлийн худалдан авагчдад зориулсан ноолууран унтлагын хувцас хийхийг ч мөрөөдөж байна. Шүдлэн, борлонгийн ноолуураар хийвэл бүр ч зөөлөн болно. Үүнийг хийж чадвал экспортоо нэмэгдүүлэх боломжтой гэлээ.
“Өнөөдөр монгол ямааны ноолуурын 15-20 хувьд нь эцсийн бүтээгдэхүүн хийж байна. Цаашдаа ийм төрлийн утас хийдэг ээрмэлийн үйлдвэрүүд орж ирэх ёстой” гэлээ. Өмнө нь бид герман, франц судлаачидтай хамтарсан судалгааны дүнд монгол ямааны ноолуураар, ямар ч хольцгүйгээр 100 хүртэл номерын ээрмэл үйлдвэрлэх, түүгээрээ 1500-3000 еврогийн үнэтэй дээд зэрэглэлийн костюм хийх боломжтойг тогтоосон. Энэ бол монгол ноолуурын давуу чанар, гэвч манайд тэр технологи нь хараахан орж ирээгүй байна. Цаашид боломжтой болно гэж Д.Энхтуяа доктор сонирхуулсан.
Солонгосчууд болон орос, хятадуудыг ноолууран бүтээгдэхүүний шинэ хэрэглэгчид гэж үздэг байна. Маш өсч буй зах зээл. Ноолууран бүтээгдэхүүний уламжлалт хэрэглэгчид нь европ, япончууд шүү дээ гэв.
Д.Энхтуяа доктор ярихдаа “48/2 номерын утсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компани Монголд бий. Гэхдээ 70 хувийн ноолуур, 30 хувийн торгоны хольцтой байдаг.
Харин тэд утсаа өөрсдөө үйлдвэрлэхгүй гадаадаас авдаг юм. Бид бол 48-68 номерын утсыг Монголдоо “Санширо” компанид хийж байгаа. 100 хувь монгол ямааны ноолуураар хийж байгаагаараа онцлогтой гэлээ. Солонгосын дизайнеруудтай хамтарч бүтээгдэхүүнийхээ дизайныг хөгжүүлж байгаа гэнэ. Тэдний шинэ бүтээгдэхүүнийг япон, солонгосчууд сонирхож байгаа. Хятадууд ч ирж үйлдвэрээс нь дээж авсан гэлээ. Илүү хөдөлмөр зарцуулдаг учраас шинэ брэнд нь зах зээлд нэлээд үнэтэй борлуулагдах аж.
Монгол ямааны ноолуураар хольцгүйгээр бүтээгдэхүүн хийх боломжтой. Хятадын судлаачид энэ чиглэлээр ажиллаж байгаа. Цэвэр ноолуураар дотуур сүлжмэл хийнэ гэдэг бол жинхэнэ инновацийн ажил гэж тэд хэлсэн.
Тэд яг цэвэр ноолуураар хийхгүй, торгоны хольцтой бүтээгдэхүүн хийж байгаа хэмээн судлаач ярилаа.
-Ч.АЛТАНЦЭЦЭГ: БРЭНД ЖИЖИГ ЗҮЙЛЭЭС ЭХЭЛДЭГ-
БНСУ-ын зах зээлд гаргах шинэ монгол брэнд бүтээх хамтарсан судлаачдын багийн гишүүн, СУИС-ийн дэд захирал, шинжлэх ухааны доктор Ч.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-Таныг олон улсын зах зээлд брэнд гаргах, монгол бүтээгдэхүүний загварыг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа гэж сонслоо. Брэнд юунаас эхэлдэг юм бэ?
-Брэнд бий болгохын тулд брэндийг хайх ёстой. Монгол брэнд бий болгохын тулд эх орныхоо түүхий эдээр хийнэ, Монголын онцлогийг тусгах ёстой, үндэсний хэв маягтай байх ёстой гээд эрэл хайгуул хийгээд явж байгаа үйлдвэрлэгчид ч бий. Брэнд бүтээгдэхүүн гэхээр монголчууд их том юм боддог. Гэтэл жижиг юмнаас эхлээд хөгжиж байж брэнд гардаг юм байна. Гадаад орнуудын амжилттай брэндийн туршлагуудыг харахаар жижгээс эхэлсэн нь амжилтад хүрдэг. Том бодлого яриад суувал зүгээр л яриа болж үлдэнэ. Дэлхийд гарах брэндийг бий болгохын тулд эхлээд ядаж нэг зах зээлд амжилттай гаръя гэсэн юм. Солонгосын зах зээлд монгол брэнд гаргахын тулд тэд юу сонирхдогийг мэдэх хэрэгтэй. Тийм учраас солонгос профессоруудыг урьж авчирсан. Эхний удаа бид хамтарч Монголын инновацийн долоо хоногийн үеэр “Дэлхийн дизайны чиг хандлага: хаягдлыг худалдах уу?” сэдвээр үйлдвэрлэл эрхлэгчдэд сургалт явуулсан юм. Солонгосын хувцас дизайны бизнесийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Чоннамын их сургуулийн профессор, доктор Бэй Сү Жон, доктор Бэк Жун Хун нар энэ сургалтыг удирдан явуулсан. Солонгос доктор маань Хятадад хэд хэдэн брэнд гаргаж байсан хүн. Энэ сургалтад амжилттай оролцсон хүмүүсээ аравдугаар сард БНСУ-д болох үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ танилцуулах боломжоор хангах юм. Би, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн профессор, доктор Л.Оюунцэцэг, Үйлдвэрлэл технологийн сургуулийн доктор Д.Энхтуяа гээд ноос ноолуурын чиглэлээр ажилладаг гурван профессортой хамтарч энэ төслийг хэрэгжүүлж байгаа юм. Гол зорилго нь бүтээгдэхүүний загварыг сайжруулаад, олон улсын зах зээлд брэнд гаргах судалгаа хийх. Бид ноос, ноолууртаа төвлөрч ажиллаж байгаа. Урьд нь ноос, ноолууртай холбоотой олон төсөл хэрэгжиж байсан. Биднийх бол арай өөр. Бид юу брэнд болох билээ гээд суух биш Солонгосын Чонбукийн их сургуулийн загвар дизайны профессоруудтай хамтарч ажиллаж байгаа. Манай судлаачид маш нарийн, нимгэн ноолууран утсыг бий болгож чадсан.
Үүний үр дүнд биед маш эвтэйхэн ээрмэлийг бий болгосон юм. Цэвэр ноолуураар ийм нарийн утас хийж болдоггүй. Олон жилийн судалгааны ажлын үр дүн. Үүндээ тулгуурлаж бид брэндээ гаргаж авах юм.
-Дэлхийн дизайны чиг хандлага хаягдлыг дахин боловсруулахад чиглэж байна гэсэн. Хаягдлыг худалдах боломж гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Одоо дэлхий нийт аль болох хаягдалгүй технологи нэвтрүүлэх болсон. Энэ чиглэлээр бид сургалт явуулсан юм. Монголчууд юмыг томоор хардаг. Гэтэл нэг хувцсанд жижигхэн чимэг хийчихэд үнэ нь өсдөг. БНСУ бол хувцасны үйлдвэрлэлээр тэргүүлэгч орон. Дэлхий нийтээрээ хаягдлаар үнэт зүйл брэнд бүтээгдэхүүн хийх болжээ. Хермесийг бид маш үнэтэй брэнд гэж боддог. Гэтэл Хермест хоёрдогч түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүний тусгай хэсэг бий болгожээ. Том брэндүүд дэлхийг бохирдлоос хамгаалах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс ийм бүтээгдэхүүнд анхаарал хандуулах болсон. Нэг спорт цүнх гэхэд л маш үнэтэй. Гэхдээ хүмүүс авах дуртай. Энэ цүнхийг үйлдвэрлэхдээ усан онгоцны бризентэн бүтээлгүүдийг дахин боловсруулж хийсэн.
Цүнхийг зарсан орлогын тодорхой хувийг нийгмийн сайн сайхны төлөө зориулдаг юм байна л даа. Чанар чансааны хувьд үнэхээр сайн. Загвар сайтай. Авч байгаа хүн ч сэтгэл хангалуун үлддэг. Энэ мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж байгаа гэхээр худалдан авалт хийхдээ ч буяны үйлсэд оролцож байгаа гэдэг утгаараа дуртай байдаг. Оёдлын үйлдвэрээс маш их өөдөс, даавуу гардаг. Түүнийгээ дахин боловсруулах боломжтой. Тийм учраас бид солонгос профессоруудтай хамтран эхний ээлжинд үйлдвэрлэлийн явцад хаягдаж байгаа ноолууран утсыг эдийн засгийн эргэлтэд оруулах, up-cycling загвар урлалын чиглэлээр сургалт хийсэн юм. Манай сургалтад хамрагдсан ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 16 үйлдвэрийг төлөөлсөн оролцогчид маань ноос, ноолуураас гарсан өөдсүүдээр хөөрхөн жижиг түрийвч, энгэрийн зүүлт, үсний даруулга хийсэн. Зарим жижиг үйлдвэрүүд агуулахад олон тоогоор борлогдохгүй үлдсэн бүтээгдэхүүнээ авчирч, зөвлөгөө авсан юм. Солонгос профессорууд манай ноос ноолуурын үйлдвэрүүдээр явж үзсэн. “Танайд жижиг юм дутаад байна. Жуулчид тэр болгон том, үнэтэй хувцас авахгүй. Гэсэн ч тэд дэлгүүрт ороод ямар нэг юм худалдаж авах сонирхолтой байдаг. Тийм учраас жижиг сажиг зүүлт чимэглэл, дурсгалын зүйлс авах боломж олгох хэрэгтэй” гэж тэд зөвлөсөн. Манайхан жижиг сажиг чимэглэл дурсгалын зүйлсийг тоодоггүй. Гэтэл их зардал орохгүй ч маш хурдан эргэлттэй, ашиг олдог бүтээгдэхүүн бол гоёл, чимэглэлийн зүйлс голдуу байдаг. Аливаа брэнд жижиг зүйлээс эхэлдэг.