Пхеньян сүүлийн саруудад хэд хэдэн удаа баллистик пуужин хөөргөснөөс Солонгосын хойгийн байдал хурцадсан билээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл сүүлийн нэг сарын хугацаанд гурван ч удаа яаралтай хуралдаж БНАСАУ-ын эсрэг тавьсан хоригийг улам чангатгах шийдвэр гаргалаа. Харин ОХУ зэрэг орнууд энэ шийдвэр тус болохгүй хэмээн үзсээр байна. Ингэж үзэх үндэслэлтэй. Урьд нь нэг бус удаа хориг тавьсан боловч нааштай үр дүн гараагүй. Аюулгүй байдлыг нь хангана гэсэн баталгаа гаргаж өгсөн нөхцөлд цөмийн хөтөлбөрөө зогсоох болзлыг Пхеньян тавьсан. Гэтэл баталгааг аль улс гаргаж өгөх вэ? БНАСАУ-ын эрх баригчид Вашингтонд бол яасан ч итгэхгүй. Ийнхүү Солонгосын хойгийн асуудал дэлхий дахины толгойны өвчин болсоор удлаа.
Ерөнхийлөгч Д.Трамп саяхан Солонгосын хойгийн асуудлыг шийдэхэд БНХАУ -ыг идэвхтэй оролцож хариуцлага хүлээх санал дэвшүүллээ. Хятадад хандан ийм уриалга гаргасан нь учиртай. БНАСАУ нь ердөө хэдхэн оронтой харилцдаг. Хамгийн гол түнш нь БНХАУ. Пхеньяны гадаад дахь хамгийн гол тулгуур нь Бээжин, Хятадын хөгжлийн загварыг ч үлгэр жишээ болгодог. Өөрөөр хэлбэл Пхеньян Бээжинд л итгэнэ. Гэвч сүүлийн үед хоёр улсын харилцаанд ан цав гарснаас Хятад тус улсыг хянаж чадахаа больсон тухай ажиглагчид ярьсаар байгаа. БНХАУ нь БНАСАУ-тай худалдааны бүх харилцаагаа зогсоож, нийлүүлж буй эрчим хүчээ хязгаарлах зэргээр арга хэмжээ авч болно. Энэ нь үр дүнд хүрэх үү гэдэг бас л эргэлзээтэй байна. Аюулгүйн баталгааг гаргаж өгөхгүй бол хойд солонгосчууд өвс идэж байгаад ч хамаагүй цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ хэмээн В.Путин саяхан ярьж байсан. БНХАУ-тай харилцаа нь тийм ч сайнгүй болсон хэдий ч Пхеньян ОХУ-д хандана гэдэг юу л бол.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ-ыг нөлөөгөө сэргээхийг шаардаад, хэрвээ БНАСАУ дахин пуужин хөөргөж дайны галыг өдөөлөө гэхэд БНХАУ-д хамгийн их хохирно гэсэн. Америк, Хойд Солонгос хоёр харилцан бие биерүүгээ пуужин харвалаа гэхэд БНАСАУ-аас юу ч үлдэхгүй. Тиймээс Д.Трампын гаргасан уриалгын цаад санаа нь Хятадыг БНАСАУ-руу цэргээ оруулж өөрсдийнхөө төдийгүй дэлхий нийтийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулахыг хэлсэн хэрэг. БНХАУ нь хүчирхэг армитай, цэргээ орууллаа гэхэд Хойд Солонгос хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй.
Хятад БНАСАУ-д аюулгүйн баталгаа гаргаж өгсний хариуд тодорхой болзол тавьж болох гэнэ. Эрх баригчдаа сольж, зэвсэгт хүчний удирдагчдтай хамтран ажиллах амлалтыг өгөх жишээтэй. Ким Жөн Унд үнэнч зүтгэдэг хүмүүст ийм саналыг хүлээж авахад амаргүй байх нь ойлгомжтой.
Хэрвээ БНХАУ Солонгосын хойгийг хямралаас гаргах асуудал дээр тодорхой, үр өгөөжтэй, шийдвэртэй алхам хийвээс бүс нутагтаа нөлөөгөө бэхжүүлж, цаашилбал дэлхийн тавцан дээр нэр хүндээ дээшлүүлэх боломжтой. Тэгээд ч Пхеньян Хятад руу пуужин харвахгүй гэдэг нь ойлгомжтой. Харвах гэвэл батлан хамгаалахын салбарт АНУ-тай хамтран ажиллаж болох юм.
Ер нь яаж ч бодсон АНУ-ын хувьд БНАСАУ-ын асуудлыг шийдэхэд БНХАУ-аас өөр тохирох улс байхгүй. Уг нь бол ОХУ Пхеньянтай гайгүй харилцаатай байдаг. Гэтэл “Washington Post” сонины өнгөрсөн даваа гаригийн дугаарт нэрээ хэлэхээс татгалзсан Америкийн албаны хүмүүсээс авсан нэгэн мэдээллийг нийтэлжээ. Тодруулбал Оросын дээрэмчид БНАСАУ-д янз бүрийн байдлаар тусламж үзүүлдэг болохыг тогтоосон байна.
Газрын тос, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг гэнэ. Иймэрхүү байдлаар БНАСАУ-д хоригийн амаргүй үеийг давахад нь тусалдаг аж. Өнгөрсөн хавраас БНАСАУ, Владивостокийн хооронд явдаг усан онгоцны тоо ч нэмэгдсэн гэнэ. Оросын бизнес эрхлэгчид иймэрхүү байдлаар ашиг олдог. АНУ-ын Сангийн сайдын терроризм болон эдийн засгийн тагнуулын асуудал хариуцсан туслах уржигдар Конгресст мэдээлэл хийхдээ БНАСАУ нь Хятад болон Оросын усан боомтыг ашиглан нууцаар нүүрс зөөж байгаа талаар ярьсан юм.