БНСУ-ын
Сөүлийн их сургуулийн зүрхний мэс заслын профессор Ким ахлагчтай 11
хүний бүрэлдэхүүнтэй баг долдугаар сарын 21-26-ны хооронд П.Н.Шастины
нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт
ажиллалаа. Багийн бүрэлдэхүүнд хүүхдийн зүрхний мэс засалч хоёр,
хүүхдийн зүрх судасны эмч нэг, хагалгааны ба эрчимт эмчилгээний найман
сувилагч иржээ.
Мэс заслын баг нь Зүрхний төрөлхийн маш хүнд
гажигтай 1 сар 23 хоногтойгоос 8 сар хүртэлх насны нийт 7 хүүхдэд
зүрхний хүнд хэлбэрийн мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ.
Тодруулбал, хагалгаанд орсон хүүхдүүд ховдол тосгуурын таславч нээлттэй
байх гажиг, зүрхний төрөлхийн дөрвөлсөн гажиг, уушигны артерийн атрези,
ховдол хоорондын таславчийн цоорхойтой өвчтөн маш хүнд хэлбэрийн зүрхний
хэм алдагдалтай зэрэг оноштой байв.
Долдугаар сарын 29-ний
өдрийн байдлаар хоёр хүүхэд эмнэлгээс гарч, дөрвөн хүүхэд эмчилгээний
тасагт, нэг хүүхэд мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасагт хэвтэн
эмчлүүлж байна. Өмнөд Солонгосын хүүхдийн зүрх судасны эмч нар мөн
Монголын хүүхдийн зүрхний эмч нартай хамтарч хот, хөдөөгийн 100 гаруй
хүүхдэд зүрхний хэт авиан оношилгоо, үзлэг хийжээ.