Categories
мэдээ нийгэм

Солонгод овогт Л.Хурцбаатарыг алтан гадас одонгоор шагнав

Монгол Брахми Бичгийн Олон Улсын Эрдэм Шинжилгээний Нийгэмлэгийн тэргүүн Солонгод Л.Хурцбаатар багш монголчуудын уугуул үсэг бичгийн соёлыг судалж, монгол брахми бичгээр бичсэн “Хүйс толгойн бичээс”-ийг судалж, тайлан уншсанаар “Монголчууд нийтийн тооллын 6-7 дугаар зуунаас өөрийн үсэг бичигтэй байжээ” хэмээн дүгнэж, монголчуудын үсэг бичгийн үүсэл гарлыг 13-р зуунаас даруй 600 жилээр урагшлуулсан билээ. Энэ талаар түүний “1400 жилийн өмнөх Өвөг Монгол-Хүйс толгойн бичээсийн судлал” тэргүүт ном бүтээлд дэлгэрэнгүй буй.

Хурцбаатар багш Өвөг Монгол үг хэл, үсэг бичгийг зөвхөн судлаад зогссонгүй, эрдэм шинжилгээний ололт амжилт, онол аргаа нууж хаалгүйгээр Монгол, Казак, Буриад, Орос, Герман, Япон, Америк, Польш, Чех, Швед, Ирланд, Франц, Энэтхэг, Сингапур зэрэг улсад суугаа 80 гаруй эрдэмтэн судлаачид монгол-брахми бичгийг зааж сургасан юм. Энэ 80 судлаач Хурцбаатар багшийн хичээлд сууснаар Хүйс толгойн бичээсийн брахми бичгийг уншин тайлснаар барахгүй Монголын түүх, утга зохиолын бусад сурвалж бичгийг монгол брахми бичгээр сэргээн бичиж чадахуйц болжээ.

Монгол Улсын төр Л.Хурцбаатар багшийн Монгол хэл соёлын түүхэнд оруулсан энэхүү гавьяаг үнэлэн Алтан гадас одонгоор шагналаа. ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд доктор Дамбын Ганбат 2021-08-05-ны өдөр Берлин хот дахь Монгол Улсын Элчин Сайдын яамнаа Солонгод Л.Хурцбаатар багшийг хүлээн авч, шагналыг гардуулав.

Л. Хурцбаатар багш:

“Миний бие Монгол Улсаас гадаадын иргэнд олгодог Төрийн дээд шагналыг хүртсэндээ туйлын их баяртай байна. Энэ бол зөвхөн миний гавьяа биш харин 1400 жилийн өмнөх монгол брахми бичгийг хөшөө чулуун дээр сийлж үлдээсэн Монголын дээдэс хийгээд 1974 онд тус хөшөөг анхлан илрүүлэн мэдээлж, хадгалсан М.Шинэхүү, Д.Наваан, миний номын нөхөр Базилханы Напил, Герман улсын эрдэмтэн Дийтер Мауэ болон А.Вовин, мөн монгол брахми бичгийг сурч эзэмшсэн 80 гаруй эрдэмтэн мэргэдийн хамтын гавьяа зүтгэл болно. Миний хувьд бол ердөө Хүйс толгойн бичээсийг агуулгаар нь тайлан уншиж, монгол брахми бичгийн хэл зүйн дүрмийг анх сүвэгчлэн судалсан төдий юм” хэмээлээ.

Шинжлэх Ухааны Академийн Түүх, Археологи, Хэл зохиолын Хүрээлэнгийн судлаачид, МУИС, МУБИС-ийн багш нарын бүрэн дэмжлэг хийгээд Монголын талын санаачилгаар, Солонгод Л.Хурцбаатар багшаас брахми монгол бичиг суралцсан багш судлаач нар ардчилсан системээр хэлэлцэн тохиролцож, 2021-07-14-ны Бурхан багшийн номын хүрд эргүүлсэн өлзий билгэт сайн өдөр “Монгол Брахми Бичгийн Олон улсын Эрдэм Шинжилгээний Нийгэмлэг”-ийг Герман улсад байгуулав. Ингэхдээ Монгол, Герман, Япон, Америк улсад суугаа эрдэмтэд Герман улсад биеэр хүрэлцэн ирж, Герман улсын хуулийн дагуу бүртгүүлэн баталгаажуулж, дэлхийд дансалсан билээ. Нийгэмлэгийн судлаач эрдэмтэд Өвөг монгол хэл, үсэг бичиг, монгол брахми бичгийг хамтран судалж, үргэлжлүүлэх болно.

Монгол хэл соёл дэлхийд түгж, өнө удаан жилийн үүх түүх нь балран доройтох бус бадран дэгжих болтугай.

“Монгол Брахми Бичгийн Олон Улсын Эрдэм Шинжилгээний Нийгэмлэг”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мягмарын Саруул- Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *