Тээврийн цагдаагийн албанд энэ ажлын өдрүүдэд зам тээврийн осолтой холбоотой 1351 дуудлага иржээ. Үүнээс 764 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байгаа аж. Нийт бүртгэгдсэн ослын улмаас орон нутагт хоёр, нийслэлд нэг хүний амь нас хохирчээ. Мөн нийслэлийн хэмжээнд ослын улмаас 52 хүн хөнгөн, хүнд хэлбэрээр гэмтсэн бөгөөд нийт ослын 36 нь явган зорчигчийг мөргөж гэмтээх, 11 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан осол эзэлж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 140 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон аж. Зөрчлийн тухай хуулийн 14.7.5-д заасны дагуу 19 жолоочид шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулж ажиллажээ.