Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 460 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 326 дуудлагыг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирч, нийслэлд 14 хүн бэртэл гэмтэл авсан ба эдгээрийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 7, мөргөлдөх хэлбэрээр 10, онхолдох хэлбэрээр 1 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна. Нийт гэмтсэн хүний 3 нь бага насны хүүхэд байсан бөгөөд 2 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ. Мөн цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 зөрчлийг илрүүлэн саатуулж ажилласан ба “Сар шинэ” арга хэмжээний хүрээнд 7 гэмт хэргийг илрүүлжээ.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба