Categories
мэдээ нийгэм

Согтуу иргэн цагдаагийн албаны машинд дайруулан, амиа алдлаа

Энэ сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошууны Хөтөлийн замд цагдаагийн алба хаагч албаны машинтайгаа явж байгаад зам тээврийн ноцтой осол гаргаж, хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарлаа.

Эх сурвалжийн мэдээлснээр, тухайн үед зам хөндлөн гарч явсан явган зорчигч 25 настай залуу үзэгдэх орчин хязгаарлагдсан харанхуй үед гарцгүй газраар зам хөндлөн гарахаар гүйх үед эл харамсалтай осол гарчээ. Улмаар яаралтай эмнэлэгт хүргэгдсэн боловч хүнд гэмтэл авсан байсан учраас шархаа даалгүй нас барсан аж.

Одоо ослын шалтгаан нөхцлийг тогтоох шалгалтын ажиллагаа үргэлжилж буй бөгөөд шинжилгээгээр тухайн иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам хөндлөн гарахаар гарцгүй газраар гэнэт гүйснээс ийн амиа алдсан байна.

Осол гаргасан цагдаа Налайх дүүргийн Замын цагдаагийн албанд ажилладаг алба хаагч бөгөөд тухайн үед ажлаа тараад, албанд ашигладаг 06..УНҮ улсын дугаартай албаны автомашинтайгаа гэр лүүгээ харьж явжээ.

Уг хэргийн газар ТВ4 телевизийн сэтгүүлч газар дээр нь очиж сурвалжилсан бөгөөд хэргийн газрын үзлэг хийж байсан цагдаагийн алба хаагчид бичлэг хийхийг нь хориглож, мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Ослын талаар Замын цагдаагийн албаны эх сурвалжаас тодруулахад “Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлж, аюулгүй байдалдаа анхаарахыг иргэддээ байнга анхааруулдаг. Гэтэл явган зорчигчид өөдөөс ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрөөдөггүй, гарц гарамгүй газраар гүйж гардаг, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам гарч байгаад амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Эл удаад ч мөн иргэний хайхрамж болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй харамсалтай осол гарсан. Замын цагдаагийн алба хаагч ч гэсэн замын хөдөлгөөнд оролцогч иргэн хүн. Тиймээс цагдаа гэдэг утгаар биш замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч гэдэг утгаар иргэд та бүхэн асуудалд хандах нь зүйтэй.

Эл хэрэг хууль дүрмийн дагуу шалгагдаж, шийдэгдэнэ. Түүнээс биш замын цагдаагийн албан хаагч гээд хууль үйлчлэхгүй байх үндэслэлгүй юм. Хууль хяналтын байгууллага шалгаж байна” гэв.

Замын хөдөлгөөний дүрэм ганцхан жолоочид биш явган зорчигчид ч гэсэн хамааралтай. Замын хөдөлгөөний дүрэмд явган зорчигчдод дараах зүйлийг хориглосон байдаг. Үүнд гарц гарамгүй хэсгээр гарах. Түүнчлэн аюулгүй байдлаа хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэгт зогсох, эсвэл саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглосон байдаг. Мөн ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглодог.

Гэтэл иргэд яарч сандрах эсвэл зам товчлох гэж оролдсоноос гарцгүй газраар гарах зэргээс үүдэн зам тээврийн осолд өртөх, амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал нэлээд гарч байгаагийн нэгэн жишээ дээрх тохиолдол болов.

Иргэд гарцаар гарч байгаад зам тээврийн осолд өртлөө гэхэд учирсан хохирлоо төлүүлэх боломжтой. Харин явган зорчигч гарцгүй газраар явсны улмаас хохирсон тохиолдолд зорчигчийн буруу болдог гэдгийг иргэд та бүхэндээ дахин дахин анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *