Categories
мэдээ цаг-үе

Содномдоржийн Цэцэгмаа: Миний аав Монголын орчин үеийн хүүхдийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг

Монголын үе үеийн хүү­хэд багачуудын дуулж, уншиж өссөн “Жигмэд, Тогмид хоёр”, “Норовын намтар” туульсын найраглал зэ­рэг гайхамшигт уран бүтээлүүдээрээ уншигч­дын дунд мөнхөрсөн МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч, хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн том охин С.Цэцэгмааг “Миний аав” булангийнхаа хойморт урилаа.

-Таны аавын шүлгийг нь бичсэн “Жигмэд, Тогмид хоёр” дууг дуулж өсөөгүй хүүхэд гэж үгүй. Том болсон хойноо ч хүүхдүүдтэйгээ мөн л дуулж сууна. Энэ дууг аав тань ямар учрал тохиолоор зохиож байсан юм бол оо?

-Аав анхны номоо 1956 онд “Гол дээр”, “Энх” гэсэн нэртэйгээр дан шүлгийн ном болгон гаргаж байсан гэдэг. Хоёр номоо гаргачихаад урам орсон залуу зохиолч жимсэнд явсан Жигмэд, Тогмид хоёрын бяцхан адал явдлаас сэдэвлэн хүний нүдэнд тусаж, сэтгэлд буухаар шүлэг бичсэн нь “Жигмэд, Тогмид хоёр” байсан юм. Хожим аавын энэ шүлгийг Хөдөлмөрийн баатар, эрдэмтэн, зохиолч Л.Түдэв “Энэ шүлэгт ямар нэгэн ёс суртахууны сургаал, номлол байхгүй. Гэвч бяцхан уншигчдаа өөрийн хэмжээнээс нь илүү сургамж өгдөг. Энэ шүлгийн бас нэг онцлог нь үйл явдалт чанартаа байна” хэмээн дурссан байдаг юм.

Шүлэг гарснаас хойш нэг их удалгүй аавын нутгийн хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатар аяыг нь хийсэн. Хэдийгээр энэхүү уран бүтээл нь дуу ч гэлээ тухайн үеийн хүүхэд багачуудын уран зохиолын баатар болж чадсан гэдэгт би итгэлтэй байдаг. Тиймээс ч хүүхдийн аман зохиолд амилсан ардын аман зохиолын Боролдой хүү, атгаалжин хар мангас зэрэг цөөхөн баатрууд дээр Жигмэд, Тогмид хоёр нэмэгдсэн гэж би боддог юм. Одоо хоёр жилийн дараа энэ дуу нь 60 нас хүрэх нь ээ.

-Таны аавын талаар ярихад шууд л сэтгэлд буух өөр нэг зохиол бол “Норовын намтар”. Энэ зохиолыг мөн л уншаагүй хүүхэд байхгүй биз ээ. Бидний үеийнхэн ч таны аавын зохиолын баатраар хичээлдээ шамддаггүй нэгнийгээ “Норовын намтар” гэж хочилдог байж билээ…

-Аав “Жигмэд, Тогмид хоёр” дуугаа бичсэнийхээ дараахан буюу 1957 онд “Норовын намтар”-аа бичжээ. Норов хүүгийн хичээл номондоо хайнга, нямбай бус байдлыг шоглон өгүүлж, өөрийнхөө дутагдлыг эцэст нь ойлгож байгаагаар дүрслэн үзүүлсэн бэсрэг найраглал нь тэр даруйдаа л сургуулийн сурах бичгүүдэд хэвлэгдсэн гэдэг. Түүнээс хойш 50 жил тэр байрандаа байж, сургуулийн багачуудад хүрсээр байсан юм. “Норовын намтар” гарснаас хойш үнэхээр л хүүхдүүд бие биенийгээ шоолдог байсан шүү. Хичээлдээ тааруу, нямбай бишийн дээр Норов нэртэй нэг хүүг ангийнхан нь чиний тухай биччихсэн байна гэж хэлээд уйлуулж байсан тохиолдол ч бий хэмээдэг юм. Ерөөс энэ бүхэн нь уг найраглалын хүүхдийн хүмүүжилд нөлөөлж, айж ичих мэдрэмжийг төрүүлж чадсанаараа туйлын ач холбогдолтой гэж хэлж болохоор санагддаг юм.

-Ерөөс таны аав эргээд хүүхэд болж байж зохиолоо бичсэн мэт санагддаг. Ер нь яагаад хүүхдийн зохиол бичих болсон юм бол?

-Миний аав Хэнтий аймгийн Мөрөн сумын хүн. Аав сумынхаа сургуулийг төгсөөд 1945 онд Улаанбаатар хотод ирж Аж үйлдвэрийн техникумд суралцан нарийн төмөр замчны мэргэжилтэй боллоо. Тэгээд нэг хэсэгтээ мэргэжлээрээ ажиллаж, станцын жижүүр, сумчнаар ажиллаж байв. Энэ үед нь Налайх, Хонхор дахь цэргийн ангийн цэргүүд аав руу ирж, охидод өгөх захиагаа бичүүлдэг байсан байгаа юм. Ингэхдээ бүр эхлэл, төгсгөлийг нь хэмээн “захиалан” бичүүлдэг байсан гэж байгаа. Энэ үед л аавын шүлэг бичих авьяас анзаарагдаж эхэлжээ.

Ингээд аав маань нэг хэсэг нийслэлд ойр зуурын ажил хийж байгаад нутаг буцаж, аймгийн клубт найруулагчаар ажиллажээ. Энэ үед харин урлагийн авьяас нь ил гарч, хэд хэдэн жүжигт тоглож, улаанбуланд болдог үдэшлэгүүдэд баяан хөгжим дарахаас гадна өөрөө их сайхан дуулдаг байсан гэнэ лээ. Тэгээд бас зав чөлөөгөөр нь өөрийн зохиосон шүлгээ уншиж, энд тэндхийн уулзалт ч хөтөлж байсан удаа бий гэдэг. Энэ үед хүмүүс алга ташин баяр хүргэхэд их урам ордог байж билээ хэмээн хожим бидэнд ярьж байсан.

1950-аад оны үед “Цэцэг”, “Дурлал”, “Аянчин” гэсэн гурван шүлэг нь аймгийн сонинд хэвлэгдэж ихэд урам орсон залуу найрагч 1951 онд “Солонго” дуугаа зохиосон нь олны дунд ихэд түгсэн дуу болж чадсан.

Ингээд л сурагчийн дэвтэр дүүрэн бичсэн шүлгээ бариад тухайн үед хийж байсан аймгийн номын худалдааны даргаасаа хэд хоногийн чөлөө аваад нийслэлийг зорьж. Тэгээд Зохиолчдын хороогоор орж тэр үед дарга байсан Ц.Дамдинсүрэн гуай дээр оржээ. Тэгэхэд нь Ц.Дамдинсүрэн гуай орлогч дарга Д.Сэнгээгээ дуудан “Шүлгийг нь үзээд, шийдэж өг” гэж гэнэ. Гэтэл Д.Сэнгээ гуай аймгийн сонинд хэвлэгдсэн, олонд түгсэн дууг нь “Чиний шүлэг дотор болсон шүлэг нэг ч алга. Чи ер нь бодож сэтгээгүй, санаанд орсон болгоноо тоочиж бичсэн байна. Шүлгийг маш их бодож, бүр толгойгоо өвдтөл бодож байж бичдэг юм. Хоёулаа ажиллаад үзье” гэж гэнэ. Хэдхэн хоногийн чөлөөтэй ирснээ аав хэлэхэд Д.Сэнгээ гуай шууд л утас цохиод зохицуулчихсан гэсэн. Ингээд л аав маань Д.Сэнгээ багшдаа шавилсан юм. Багш нь ааваар “Цэцэрлэгийн багачууд” шүлгийг нь уншуулаад, одоо харин чи өөрөө цэцэрлэгээр явж үзээд ир гэсэн байгаа юм.

-Тэгвэл энэ үеэс эхлэн хүүхдийн ертөнцөд “орсон” байх нь ээ?

-Тийм ээ. Аав маань ингэж л хүүхдийн гэх тодотголтой болсон юм. Д.Сэнгээ багшийнхаа хэлснээр хэд хэдэн цэцэрлэгээр орж үзэхэд урьд нь бичсэн шүлэг нь таамаг төдий зүйл байсан гэдэг. Тэгээд нөгөө шүлгээ дахин бичиж өгчээ. Багш нь дахиад бич гэж. Аав дахиад л бичив. “Болоогүй байна. Дахин зас. Сайн бод” гэсэн үгсийг хэдэнтээ сонссоны эцэст “Энх” шүлгээ бүтээсэн түүхтэй юм.

Үүний дараа Д.Сэнгээ багшаараа удирдуулан хүүхдэд зориулсан дараагийн бүтээлүүд болох “Цолмон хүүгийн цоохор даага”, “Гол дээр”, “Аз жаргалын эрэлд” зэрэг сор болсон бүтээлүүдээ туурвисан хүн дээ, миний аав.

-“Аз жаргалын эрэлд” гэдэг чинь хүүхдийн анхны дуурь бил үү?

-Тэгэлгүй яахав. Энэ дуурь 1961 онд Пеонерийн ордны тайзнаа 70 гаруй багш, сурагчийн хүч, авьяасаар бүтэж байсан юм. Дуурийн хөгжмийг “Жигмэд, Тогмид хоёр” дууны ая зохиогч Ц.Сүхбаатар бичиж, найруулагчаар нь пеонерийн ордын багш Н.Чүлтэмсүрэн, Н.Дарьсүрэн нар ажиллаж байжээ.

Энэ дуурь их сонин түүхтэй. Аав өөрийгөө их чамлаж байж бичсэн гэнэ лээ.

-Түүхийг товчхон сонирхуулаач?

-1960-аад оны үед Ардын гэгээрлийн орлогч сайд П.Хорлоо дараа жил нь болох Монголын пеонерийн байгууллагын 40 жилийн ойд зориулан хүүхдийн жүжиг бичих үүргийг тухайн үед “Долоодой хүү”, “Жаргалыг хүссэн Мөнхөө”, “Далан худалч” зэрэг хэд хэдэн жүжиг биччихсэн байсан Ч.Ойдов, манай аав хоёрт өгчээ. Аав ч өөрийгөө чамлаж, “Би ер нь чадахгүй байх аа” гэж хэлж үзсэн гэж байгаа. Гэтэл орлогч сайд аавд “Чи чадна, хүн эхлээд чадаж байж хийдэггүй юм” хэмээжээ. Ингээд аав маань хэд хоног бодсоны эцэст Боролдой хүү ээждээ болон хүмүүст мөнхийн усыг эрж хайж олоод урт наслуулж удаан жаргуулахаар алсын замд гарч байгааг өгүүлдэг зохиолоо бичсэн гэдэг. Бичиж дуусаад яаманд танилцуулахдаа аав өөрөө жүжгийнхээ дүрд тоглон, дуулж, бүжиглэж үзүүлжээ. Энэ бүхний эцэст орлогч сайдаас “Сайн бүтээл болжээ. Нийтэд хүргэе” гэсэн шагналын үгсийг сонссон гэдэг.

Дуурийг анх тоглоход одоогийн гавьяатууд болох Лхасүрэн, Отгон, Цээнямбуу, Ичинхорлоо нар хүүхэд ахуйдаа Хүүхдийн ордны тайзан дээр тоглож, урлагийн хүн болох анхны гараагаа эхэлсэн юм.

Аавын дуурийг тухайн үеийн утга зохиол судлаачид хүүхдийн аялгуут жүжиг, аялгуут цомнол, дуулалт жүжиг гэх мэт янз бүрээр нэрлэсэн байдаг ч “Монголын хүүхдийн анхны бүтээл” хэмээн номзүйн бүтээлүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм. Тэр ч утгаараа судлаач, доктор Д.Оюунбадрах “Д.Содномдорж “Аз жаргалын эрэлчин” дуурийн цомнолоороо шинэ үеийн хүүхдийн утга зохиолд шинэ төрлийн эхлэл хийсэн хүн” хэмээсэн нь бий.

Түүнээс хойш аав маань “Чин хүсэл” хөгжимт жүжиг, “Маргад эрдэнэ” хүүхэлдэйн жүжиг, “Орхон түшээ гүн” дуурь зэрэг жүжгийн төрөл, “Цэцэгт нугын эрвээхэй”, “Учран золгохын ерөөл” зэрэг дууны шүлэг, “Барилгачин Баяраа”, “Төмөр гутал”, “Дэвтрийн ар дахь Дэндэв” зэрэг олон арван зохиол бичиж байсан хүн дээ. Ерөөс миний аав Монголын орчин үеийн хүүхдийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг байсан билээ.

-Таны аав дэлгэцийн уран бүтээл хийж байсан уу?

-“Улаан дарцаг” кино бол миний аавын дэлгэцийн бүтээл л дээ. Уг киног Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин гуай найруулж, 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор үзэгчдэдээ хүргэж байсан гэдэг. Уг нь уран бүтээлчид хамтран “Улаан туг” нэртэй хоёрдугаар ангийг нь хийхээр төлөвлөж байсан ч хийж чадаагүй юм билээ.

-Таны аавын найзууд ямар хүмүүс байсан бэ. Р.Чойном найрагчтай их ойр байсан гэж сонссон. Тэр үнэн үү?

-Тэд бол нэг нутгийн хүмүүс. Аймгийн номын дэлгүүрт хамт ажилладаг байсан гэнэ лээ. Р.Чойном гуай орос номын тасагт нь ажилладаг байсан бол аав монгол номын тасагт худалдагч хийж байжээ. Хожим аав Р.Чойном гуайг Улаанбаатарт дагуулан ирж их утга зохиол руу алхахад нь нөлөөлсөн гэж Р.Чойном гуайн ээж нэгэн сонинд ярилцлага өгөхдөө дурсан ярьсан байна лээ.

Аав Р.Чойном гуай хоёрын сайхан нөхөрлөдөг байсны нэг нотолгоо нь Р.Чойном гуай аавд зориулан их олон зураг, шүлэг бичсэн байдгаас харагддаг юм.

Түүнчлэн Монгол Улсын төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Л.Түдэв, Төрийн шагналт зохиолч Д.Гармаа, зохиолч Ж.Дашдондог, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Д.Давааням, Д.Сосорбарам, Ш.Энхбаяр, Л.Ожгоош, С.Бодоош зэрэг нэр цуутай олон найрагчтай найзалж, нөхөрлөж явсан даа.

Түүгээр ч зогсохгүй гадаадын олон зохиолчид аавын бүтээлийг орчуулан хүүхэд багачууддаа хүргэснийг би бахархан ярих дуртай байдаг юм. Аавын “Шуурган дундуур” өгүүллэг казах хэлээр гарсан бол “Норовын намтар” найраглал Өмнөд Монголд, мөн хэд хэдэн шүлэг нь болгар, чех, буриад хэлээр орчуулагдаж байсан юм. Мөн захидал бичин нөхөрлөдөг байсан оросын алдарт зохиолчид ч бий. К.И.Чуковский, Агния Барто, С.Михалков, Лев Ошанин гэх мэт дурдаад байвал олон нэр хөвөрнө.

-Аавын тань овог Дамдинцоо гэж таны эмээгийн нэр гэсэн бил үү?

-Аав 1928 онд З.Наваанлувсан гэдэг айлын ганц хүү болон мэндэлсэн юм. Дөрвөн настай байхад нь өвөө маань Улаанбаатар явсан байдаг. Нийслэл рүү явсан үе нь 1932 он. Лам хүн учраас их хэлмэгдүүлэлтээс зугтсан хэрэг. Тэр цагаас хойш сураг тасарсан гэдэг. Тиймээс эмээ хүүгээ Дамдинцоо гэж өөрөөрөө овоглосон гэнэ лээ.

-Аав, ээж хоёр тань хэзээ гэр бүл болсон бэ?

-Миний ээж ааваас 10 насаар дүү л дээ. Ээж маань Б.Баасан гэж тухайн үеийн циркийн жүжигчин хүн байлаа. Гэхдээ аавтай ханилснаас хойш мэргэжлээ бүр мөсөн орхиж, гэрийн эзэгтэй, халамжит ээж болсон юм. Миний дээр нэг ах байх байсан ч хүн болж чадаагүй гэдэг. Түүнээс хойш аав, ээж хоёр маань хоёр охин, хоёр хүүтэй болсон нь өдгөө өнөр олуулаа болжээ.

-Аав тань хүүхдийн зо­хиолч учир хүүхдүүдтэйгээ их ойр байсан уу?

-Бид бүр заримдаа аавыг найз шигээ л боддог, тоглодог байлаа. Ямартаа л зарим хүмүүс ээжийг маань таван хүүхэдтэй хэмээн шоглодог байж билээ. Аав яг л жаахан хүүхэд шиг тоглодог болохоор тэр л дээ. Гэрт зочид ирэхээр бид концерт тоглоно оо. Аав зарлагч, хөгжимчин, дуучин гээд л гол дүрд нь тоглоно. Ирсэн зочид маань ч алга ташилт харамгүй хайрлана.

Хүүхэд насны нэг сайхан дурсамж сэтгэлээс гардаггүй юм. Аав нэг удаа бид дөрөвт цаас, харандаа өгөөд “Хүссэн зүйлээ зураарай, хамгийн гоё зурсанд нь шагнал өгнө” гэнэ. Бид чадлынхаа хэрээр зурсан ч дөрвүүлээ нэгдүгээр байр эзэлсэн. Гэхдээ бид тухайн үед “Дөрвөн сайхан зураг” шүлгийн гол баатар болж байсан гэдгээ яахин мэдэх билээ дээ.

Аав маань “Хүүхэд бол том болохын хүсэлтэй байдаг. Гэтэл хүүхдийн зохиолч бол бага болохын хүсэлтэй байдаг. Хоёр тэс өөр энэ хүслийн нэг нь биелж, нөгөө нь биелдэггүй ч хүүхдийн зохиолч бол юуны түрүүнд, бичсэн зохиолоороо, санаа сэтгэлээрээ, ааш араншингаараа, их мөрөөдлөөрөө ямагт хүүхэд шиг байдаг” гэж нэгэн гар бичмэлдээ дурдсан байдаг юм. Мөн “Хүүхдийн зохиолчийн номыг амтархан уншиж байх шиг өндөр шагнал, уншихгүй байх шиг хатуу шийтгэл байхгүй” хэмээн хэлсэн нь ч бий.

-Та өөрөө ямар ажил эрхэлдэг вэ?

-Миний аав Хүүхдийн төв номын сангийн захирал байсан учир аавынхаа үйл хэрэг, айл үйлсийг нь үргэлжлүүлж, хүүхдийг номтой нөхөрлүүлэх, зохиолч, ном, хүүхэд гурвыг холбох зорилгоор “Сод номун” төв төрийн бус байгууллагыг байгуулан, явуулын номын сан ажиллуулж байна. Анх 2004 онд гэрээсээ 300 ном авчирч, номын сангаа байгуулж байлаа. Тэр үеэс эхлэн хүүхдийн зохиолчидтой хамтарч, сангаа арвижуулан өдгөө зөөврийн номын сангаа ажиллуулж байгаа. Монгол гэрт байрлах энэхүү номын сан маань хөдөөд бол нийслэлийн захын хорооллын хүүхэд багачуудыг ном уншуулах эрхэм зорилготой ажилладаг юм.

Т.ГЭРЭЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *