Ардын боловсролын тэргүүний ажилтан, дэд профессор Содномдоржийн Цэцэгмаа1982 онд Монгол Улсын их сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийг дүүргэсэн. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр өдгөө 35 дахь жилдээ багшилж байгаа. Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд сэтгэл зүрхээ зориулж яваа нэгэн. Хүүхэд багачуудыг ном уран зохиолд дуртай, уншигч хүүхдүүдэд “Аялагч” номын санг 10 гаруй жил ажиллуулж 60 гаруй мянган хүүхдэд үйлчилжээ. Одоо Монголын хүүхдийн ордны хэлбичгийн дугуйлангийн багшаар ажиллаж байна. Тэрээр “Жигмэд Тогмид хоёр”, “Норовын намтар”, “Аз жаргалын эрэлчин” тэргүүт зохиолын эзэн, хүүхдийн зохиолын нэрт төлөөлөгч, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Дамдинцоогийн Содномдоржийн охин юм.
-Та багш хүн. Ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн түүхээсээ сөхнө үү.
-Би 1977-1982 онд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангид суралцаж төгссөн Монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй хүн. Энэ мэргэжлийг сонгох болсон нь учиртай. Миний аав зохиолч хүн. Аав маань миний багын зураг бүхий цомогт “… би охиноо зохиолч, багш, эмч гурвын аль нэг нь болоосой гэж хүсдэг. Чадвал гурвууланг нь …” гэсэн гар бичмэл зургийн тайлбар байдаг. Дунд сургуульд байхаас номонд дуртай, гэрээр маань зохиолчид ирж очдог, аав маань бичсэн дуу шүлгээ уншиж өгдөг, гэртээ номын булантай байлаа. Бас эмч болохыг мөрөөдөж эмнэлгийн ном уншдаг байв. Гэвч тооны хичээлд жаахан маруухан болохоор эмч болж чадахгүй юм байна гэж бодоод монгол хэл, уран зохиолын ангийг сонгож аавынхаа хүссэн нэг мэргэжлийг эзэмшсэн дээ. Монгол бичгээ ихэд сонирхож монгол бичгийн сонгоны ангид сурсан. Миний аав монгол бичигтэй, кирилл, монгол бичгээр их сайхан бичдэг хүн байсан. Их сургуулиа төгсөхөд тэр үед хөдөө орон нутагт багшлах боловсон хүчин дутмаг байсан болохоор манай төгсөлтийнхнийг хөдөө хуваарилсан. Намайг Эрдэнэт хотод анх хуваарилахад би их дуртай байв. Учир нь бүүр хөдөө биш, шинэхэн хотод гэж баясч байв. Хуваариа сонсчихоод аавынхаа ажил дээр гүйж ирэхэд аав маань хөдөө нь дээр дээ гэсэн. Одоо бодоход эрх танхи охиноо хөдөөгийн амьдрал үзэг гэснийх болов уу. Тэгээд би бодлоо, аавын нутаг руу явдаг ч юм бил үү, хамаатан садан байгаа гээд л олон юм бодож байснаа гэнэт нөхөртэйгөө зөвлөе, эсвэл бүүр нөхрийнхөө нутаг Дундговьд багшилъя гээд энэ санаагаа хэлэхэд хань минь бололгүй дээ гэсэн. Ингээд л өөрийнхөө саналаар говийн аймагт сайн дураараа ажиллахаар болсон. Ажлын гараагаа Дундговь аймгийн Говь-Угтаал сумын найман жилийн сургуулиас эхэлсэн. Шинэ багшид заах арга зүй, ур чадвар, туршлага юм юм л дутаж байсан нь мэдээж. Анх заасан дөрөвдүгээр ангид уншиж бичиж сураагүй хүүхдүүд байлаа. Эхний улирлаар 45 сурагчаас 22 нь муу дүн авч хичээлийн эрхлэгчдээ зэмлүүлж байлаа.
Хөдөө нэг жил ажиллаад хотод шилжин ирж нийслэлийн 34-р сургуульд багшийн орон тоо үгүй тул пионерийн ахлах удирдагчаар ажилласан. Улаан бүчтэний удирдагч байна гэдэг сайхан. Хэдэн жилийн дараанаас Их, дээд сургууль, шашны дунд сургууль, ОХУ-д монгол хэл бичгийн багшаар ажилласан. 1989 оноос монгол бичиг бүх нийтээрээ сурах улсын бага хурлын тогтоол гарч тэр цагаас монгол бичгээ дагнан заах болсон. Хөдөөгийн дунд сургуулийн багш нар, Буриадын багш нарт монгол бичгээ зааж явлаа. Монгол хэл бичгийн дээд сургуульд багшилж байсан үе маань сэтгэлд илүү дотно байдаг. Учир нь миний олон шавь нар өнөөдөр дунд сургууль, дээд сургуульд монгол бичгээ зааж явна. Багш хүний хамгийн гол чанар бол сэтгэл зүрхээрээ хүүхдийн төлөө, бусдын төлөө гэсэн үнэнхүү сэтгэл байх ёстой. Тодруулбал, үндэслэж буй цэцгийг усалж тордож ургуулж, төлжүүлж байгаа гэсэн үг. Сүүлийн жилүүдэд зүрх сэтгэлийн боловсрол гэж ярих болсон. Зүрх сэтгэлээсээ хандаж, зүрх сэтгэлтэй зөв хүнийг төлөвшүүлэх нь багшийн гол хөдөлмөр, үзэл баримтлал юм. Би аавыгаа дурсмаар байна л даа. Миний аав бичсэн зохиол бүтээлээрээ олон зуун мянган хүүхдийг хүмүүжүүлсэн. Үе үеийн уншигчдад аавын минь олон сайхан ном хүрсэн. Өнөөдөр “Жигмэд Тогмид хоёр”, “Норовын намтар”, “Барилгачин Баяраа”, “Учран золгохын ерөөл”, “Цэцэгт нугын эрвээхий”, “Зун цаг”, “Баатарчуудын марш”-ийг дуулж, уншиж өссөн. Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуай аавын минь “Түм буман хүүхэд” зохиолын түүвэр номын өмнөтгөлд “Түм буман хүүхдийн эчнээ багш” гэсэн том нийтлэл бичсэн байдаг. Аав гэдэг агуу багш миний дэргэд байсан болохоор миний мэргэжил сайхан.
-Багш хүний жаргал нь юунд байдаг бол. Басхүү зовлонтой ажил гэдэг дээ?
-Шавь нар минь сайн сайхан явж байвал жаргал нь тэр. Шавь нараас нь аж амьдрал нь муу явж дуулдвал сэтгэл ихэд эмзэглэнэ. Миний зарим шавь нар ажил олдохгүй дэлгүүрийн лангуун дээр, зах дээр наймаа хийгээд явж байгааг мэр сэр харсан. Сайхан мэргэжил эзэмшээд, ээж аавын мөнгөөр сурч боловсорчихоод ингэж явах гэж харамсах үе байдаг. Одоо ч багшийн ажил тэр бүр олдохгүй болохоор ингэж яваа биз гэж бас бодогддог. Ер нь багшийн гол хөдөлмөр бол эрдэм мэдлэгтэй, эрүүл саруул, зөв үйлдэл, зөв сэтгэлтэй, зөв хүнийг төлөвшүүлэх юм. Хэдийгээр гэр бүлийн орчин хамгийн гол боловч багш хүн бол оюун сэтгэлгээний, амьдрах ухааны луужин нь байх учиртай. Багш хүн зөвхөн хичээлийн хэдэн цагт баригдах биш тухайн хүүхдийнхээ сэтгэл зүрхийг чагнаж, тэдний сэтгэл зүрхний инженер нь байх явдал. Багшийг хүндлэх, багшийг шүтэх ухаан гэж байдаг. Багшаа дээдэлж, хүндэлж, тэр хүмүний оюун тархинд буй талхыг сурч авах, судалж мэдэхийг үнэнхүү хүсэгч нь сурагч шавь нар нь байдаг.
-Та багшаа дээдлэх талаар ярьж байна. Энэ тухай тодруулах гэсэн юм. Сүүлийн үеийн хүүхдүүдэд багшаа хүндэтгэх чанар хэр байна вэ?
-Ний нуугүй хэлэхэд багшийг дээдлэх, хүндлэх, шүтэх энэ үзэл дордож байна уу даа гэж бодогддог. Багш хүн өөрийгөө хүндлүүлэх , хүүхдэдээ үлгэр дуурайлтай байх, мэдлэг чадвартай байх, чин сэтгэлээсээ ханддаг байх тэр зарчим алдагдснаас ийм байдал үүсдэг болов уу. Нөгөө талаар өнөөгийн эрин үед цахим орчноос элдэв мэдээлэл авдаг, ном зохиолоос хол, унших нь багассан, боловсролын бодлогын зарим нэг гажуудал нөлөөлдөг байх гэж бодогддог. Эртний ном сургаалд багшийг оройд нь тавьдаг байсан нь зүгээр нэг хэрэг биш юм. Хүн бүр л багштай. Цэцэрлэгийн, сургуулийн гээд л. Тэр ч байтугай аав, ээж ч багш. Багшгүй хүн гэж үгүй шүү дээ. Багшийн оюун тархин дахь мэдлэг, мэдээллийг хүлээн авч, өөрийгөө хөгжүүлж, амьдралын ухааныг заалгаж байгаа нь хүний амьдралын хамгийн том өгөөж, буян нь юм даа.
-Ахмад багшийн хувьд асуухад, залуу багш нарын алдаа дутагдлыг юу гэж харж байна?
-Байлгүй яах вэ. Би энд тэнд анзаарч л явдаг. Зарим нэг залуу багш нар мэргэжилдээ дургүй, цалингаа голсон, сэтгэлээсээ ажилладаггүй, хүүхдээ өнгө мөнгөөр ялгаварласан, дутуу дулим мэдлэгтэй харагддаг. Тодруулбал, ёс суртахууны доголдолтой багш гэсэн үг л дээ. Багш бол хүүхдийн амьд толь. Багшийн харилцаа, хандлагад өөрчлөх зүйлс харагддаг. Тэгэхдээ сайн багш нар үүнээсээ олон. Зүрх сэтгэлээ зориулж, олон сайхан шавь төрүүлсэн багш нар их ээ. Залуу багш нарт хэлэхэд хүүхдэд хайртай бай. Хүүхдээ өөрийн нэг үр шигээ хайрлах. Мэдсэн сурснаа бүгдийг хүртээх чадварыг эзэмших. Ингэхийн тулд байнга суралц, хүүхдээ дагаж биш дагуулж явмаар санагддаг.
-Багшийн эрдэмд хөтөлсөн ач буянтай хүмүүсээ дурсахгүй юу?
-Би нэн түрүүн мэргэжил рүү маань хөтөлсөн МУИС-ийн багш нараа дурсмаар байна. Монгол бичгийн А үсгийг заасан Монгол Улсын гавьяат багш Далхжав, ардын багш Чойжилсүрэн нар юм. Анх энэ хоёр буурал багшаар монгол бичгээ заалгаж өдгөө үүнийхээ үр шимийг үзээд явж байна.Удаа нь сургууль төгссөний дараа ардын багш Ш.Чоймаа, Т.Дашцэдэн мөн тухайн үед Боловсролын яамны монгол бичгийн сургалтын төвийн дарга асан Н.Батмагнай нарыг үргэлж санаж, эднийхээ үйл хэргийг үргэлжлүүлж, өнөөдөр олон мянган хүүхэд залууст монгол бичгээ түгээсээр явна.
-Та түрүүнд “Аав гэдэг агуу багш” гэж хэлсэн. Танай аав бол Монголын хүүхэд багачуудыг өөрийнхөө зохиолоор хүмүүжүүлсэн оюун санааны эцэг юм. Хүн бүгдийн багш гэж хэлж болно. Түдэв гуайн тодорхойлолт ч үүнд хамаарах нь мэдээж?
-Тийм ээ, миний аав Монголын үе үеийн хүүхэд багачуул дунд зохиол бүтээлээрээ мөнх оршиж чадсан хүн. Түүний олон зохиол дунд сургуулийн сурах бичигт байр сууриа баттай эзэлсэн. Ирэх онд Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ой болно. Энэхүү ойгоор аавын маань “Аз жаргалын эрэлчин” хүүхдийн анхны дуурийг тавина. Анх 1961 онд Монголын Пионерийн ордны багш, сурагчид энэ дуурийг анх удаа тоглож байсан юм билээ. Өдгөө дахин энэ том дуурь амилах гэж байна. Өнгөрсөн жил Драмын театрын М.Түвшин найруулагч, театрын жүжигчид “Норовын намтар” найраглалыг жүжиг болгон тавьж тоглосон. Их сайхан сонирхолтой жүжиг болсон. Олон сайхан жүжигчид тоглосон. Аавын маань “Жигмэд Тогмид хоёр” өнгөрсөн онд 60 нас хүрсэн. Энэ онд Норовын намтар нь 60 нас хүрч байна. Бие нь үгүй ч бүтээл нь мөнхөд оршино гэдэг агуу юм даа. Ирэх онд аавын маань 90 насны сүүдэр тохиож байгаа. “Монголын хүүхдийн утга зохиол ба Д.Содномдорж” гэсэн цогц судалгааны номоо эхэлсэн. Он гараад хэвлүүлэх бодолтой байна. Энэ сайхан хүний үр удам нь болж төрсөн учир ном эрдмийнх нь ажлыг үргэжлүүлж яваадаа сэтгэл бүлээн байдаг. Уран зохиолын номын амт шимтэнд хүүхэд багачуудаа дурлуулах гэж багагүй олон жил зүтгэж ирлээ. “Аялагч” номын санг ажиллуулж 60 гаруй мянган хүүхдэд үйлчилсэн байна. Тэр бүхэн “Номын багш минь” хэмээн хүндэтгэдэг. Хүүхдийн ордны хэлбичгийн дугуйлангийн багшаар ажиллаж байна.