Categories
мэдээ цаг-үе

“Snow melody” шинэ жилийг мэдрүүлнэ

Ардын жүжигчин, төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармони гурав дахь жилдээ шинэ жилийн баярыг тохиолдуулан хамгийн олон уран бүтээлчид оролцсон “Snow melo­dy” хөгжмийн концертыг тоглох гэж байна. Тоглолтод Улсын филармонийн Симфони найрал хөгжим, “Баянмонгол” жааз найрал хөгжим, Морин хуурын чуулга, Филармонийн гоцлол дуучид зэрэг 200 гаруй уран бүтээлч оролцож, шинэ жилийн сэдэвт дэлхийн болоод Монголын шилдэг бүтээлүүдээс толилуулах ажээ. Маргааш болох энэхүү тоглолтын талаар Улсын филармонийн маркетингийн менежер Б.Билгүүн, тус тоглолтын ерөнхий найруулагч төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатар нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. “Snow melody” шинэ жилийн баярын концертын тоглолтын тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 20-30 мянган төгрөгийн ханштай байгаа ажээ.

Монгол Улсын төрийн шагналт С.Сүхбаатар: -Шинэ жилийн баяр нь Европоос гаралтай баяр. Тийм ч учраас бид дэлхийн томоохон улс гүрнүүдийн адил энэхүү баярыг тэмдэглэдэг билээ. Тэр дундаа Монгол Улсын Филармони жил бүрийн шинэ жилийн баярыг угтан энэхүү тоглолтыг хийдэг болсон. Энэ жилийн тоглолт нь дэлхийн сонгодог хөгжмийг, орчин үеийн жааз оркестртэй, үндэсний бахархал болсон Морин хуурын чуулгатай хамт гайхамшигтай аялгууг тоглохоороо онцлог юм. Мөн үндэсний дуу болон дэлхийн сонгодог дуунуудаас хүргэхээр бэлдэж байна. Монголын хөгжмийн зохиолчдын бичсэн зарим мартагдсан дуунууд болоод бид бүхний багадаа сонсож өссөн шинэ жилийн тухай дуунууд дуулагдана. Миний хувьд энэ тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллаж байна.

Улсын филармонийн маркетингийн менежер Б.Билгүүн: -Монголдоо хамгийн том гэж хэлж болохуйц шинэ жилийн концертыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өмнө манай оркеструуд маань тус тусдаа шинэ жилийн тоглолт зохион байгуулдаг байсан. Харин өнгөрсөн жилээс энэ гурван оркестроо бүх гоцлол дуучид маань нийлээд нэг том тоглолт хийх ёстой юм байна гэж үзээд “Snow melody” гэх энэ тоглолтыг зохион байгуулж үзэгчдэд нэлээд сайн хүрсэн. Одоогоор уран бүтээлчид сургуулилтадаа ороод явж байна.

Тоглолтод филармонийн гоцлол дуучид бүгд ая дуугаа өргөх аж. Мөн Морин хуурын чуулга “Хачатурян Вальс маскарад”, “Дурлалын вальс” зэрэг уран бүтээлүүдийг тоглох юм байна. Харин Филармонийн симфони найрал хөгжим шинэ жилийн холбогдолтой дууны цоморлигийг сьют хэлбэрт оруулсан бүтээлүүд тоглох бол “Баянмонгол” жазынхан шинэ жил, цас, өвлийн холбогдолтой бүтээлүүдийг өөрсдийнхөө жанраар тоглохоор бэлдэж буй аж. Мөн энэхүү тоглолтод урилгаар ардын жүжигчин Б.Зангад, Монгол Улсын гавьяат жүжигчин, поп хатагтай Б.Сарантуяа нар оролцох юм байна.

Л.НАСАНБУЯН: “ALL WANT FOR CHRISTMAS” ДУУГ ҮНДЭСНИЙ ХӨГЖИМТЭЙ ХОСОЛЖ ДУУЛНА

Ингээд тус тоглолтод Америкийн алдарт дуучин Мариан Керигийн “All want for Christmas” хэмээх уран бүтээлийг толилуулах гэж буй Филармонийн гоцлол дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Л.Насанбуянтай ярилцлаа.Зууны манлай страдын дуучин поп дива Б.Сарантуяагийн гарын шавь гэдгээр нь түүнийг олон хүн мэдэх болов уу.


Та хэзээнээс Улсын филармонд гоцлол дуучнаар дуулж эхэлсэн бэ?

– Монгол Улсын филармонид анх 2010 онд дагалдан гэрээт дуучнаар дуулж эхэлсэн. Улмаар 2011 оноос эхлэн албан ёсны гоцлол дуучнаар эхлэн ажиллаж байна. Одоо зургаа дахь жилдээ ажиллаж байна даа. Мэргэжлийн сургуулиа төгссөн залуу дуучны хувьд энэ том байгууллагын гоцлол дуучнаар ажиллана гэдэг бол гайхалтай нэр хүнд. Тэгээд энэ хугацаанд өөрийн бие даасан хоёр ч тоглолтоо хийсэн. Цаашдаа ч өөр өнгө аястай сонирхолтой тоглолтууд хийхээр төлөвлөж байна.

-Анхны цомгоо хэдэн онд гаргаж байв. Мөн одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-2012 онд поп урсгалаар дуулсан есөн дуунаас бүрдсэн “Хэзээ ч мартагдашгүй” хэмээх нэртэй анхны цомгоо гаргаж байлаа. Одоогоор хоёр дахь цомог дээрээ ажиллаж байна. Эхнээсээ ганц хоёр дууны дүрс бичлэг хийгдээд явж байна. Цомог гэж ярихаасаа илүүтэйгээр өөрийн уран бүтээлдээ нухацтай хандаж, олон түмэндээ жинхэнэ хит болох сайхан дуунуудаа өргөн барих зорилготой ажиллаж байгаа. Мөн Насаа гэдэг дуучныг илэрхийлсэн гайхалтай уран бүтээл гарахын тулд өдөр шөнөгүй бэлдэх болно. Хоёр дахь цомгоо ирэх онд багтаагаад гаргахаар төлөвлөж байгаа. Гурав дахь бие даасан тоглолтоо мөн энэ ондоо амжаад хийх санаатай байна. Их л ажилтай завгүй хүн л явна даа.

-Та 2004-2005 оны үед болж байсан “Оддын эрэлд”-д тэмцээнд оролцож байсан. Тэр үеэ дурсахгүй юу. Хүмүүст хуучны сайхан цаг үеийг сануулсан сонин, содон дурсамж байх болов уу?

-Тухайн үед би Соёл урлагийн их сургуулийн нэгдүгээр курсnaн оюутан байсан юм. Тэр үед “Оддын эрэлд” гэдэг тэмцээн болж байна чи ороод үзээч” гэж ойр дотны хүмүүс маань хэлсэн. Тэгээд дуртай нь аргагүй явж очоод л бүртгүүлж байсан. Эхлээд өөрийгөө ч нэг их хүчлээгүй л дээ. Харин шат шатны шалгаруулалт бүрт ороод яваад л байсан. Тэр уралдаан ч маш олон сар үргэлжилсэн шүү дээ. Тэмцээнд ороод түрүүлнэ гэж ер бодоогүй ээ. Зүгээр л өөрийгөө сорих зорилготой орсон чинь шилдэг дөрөвт үлдсэн. Тэр уралдаанд орсон маань надад их урам зориг өгсөн дөө.

-Таныг уран бүтээлчид болоод олон түмэн Зууны манлай дуучин поп хатагтай Б.Сарантуяагийн шавь хэмээн үнэлдэг. Маргааш болох тоглолтод таны багш хүрэлцэн ирж, ая дуугаа өргөх юм байна. Та багштайгаа хамт тайзан дээр гарах уу?

-Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа багшийнхаа шавь нь болсон би үнэхээр азтай, хувьтай хүн. Тийм мундаг дуучны шавь болсондоо өөрөөрөө бахархдаг. Анх 1996 онд “Хайрын бурхан” тоглолтыг нь үзэж байлаа. Тэр цагаас хойш Сараа эгчийн бүх дууг сонсдог, үнэнч фэн нь болсон юм. Тэгж явсаар 2007 онд анх нүүр тулан уулзаж байв. Тухайн үед багшийнхаа утасны дугаарыг нь олж аваад, олон ч удаа залгасан. Тэгээд л нэг сайхан өдөр хадаг, сүү барьж очоод шавь орж байсан юм. Монголын рок попын амьд бурхан болсон багшийнхаа 60 гаруй тоглолтод оролцож, олон газар хамт явж, их ч юм сурсан даа. Өнөөдөр ч энэ хүнээс сурч мэдэх, үлгэр дууриал авах зүйл их бий. Багштайгаа хамт дуулах үгүйг маргааш болох тоглолтод хүрэлцэн ирж үзээрэй.

-Тоглолтын тухайд ярихгүй юу. Таны хувьд ямар уран бүтээлээр хүрэлцэн ирсэн үзэгчдээ бэлэг барих гэж байна вэ?

-Улсын филармони жилдээ “Бид нэг гэр бүл”, “Snow melody” “Өвөл цагийн нээлт” хэмээх хэд хэдэн том тоглолт хийдэг. Үүний нэг нь яах аргагүй “Snow melody” юм. Учир нь манай филармонийн бүх уран бүтээлчид болоод Морин хуурын чуулга, “Баянмонгол” жааз орекестр, симфони найрал хөгжим, дуучдын бүрэлдэхүүн бүгдээрээ оролцдогоороо энэхүү тоглолт онцлогтой байгаа. Гурван оркестртэйгоо манай дуучид өөр өөрсдийн төрөл жанраараа дуугаа дуулах байгаа. Мэдээж хэрэг “snow melody” буюу цасан аялгуу тоглогдох учраас хүн болгоны зүрх сэтгэлд хоногшсон шинэ жилийн тухай гайхалтай уран бүтээлүүдийг амьдруулж үзэгчдэд хүртээл болгохоор бэлтгэлдээ ороод явж байна. Миний хувьд энэхүү тоглолтод дуучин Мариан Керигийн “All want for Christ­mas”, “Содура” киноны дуу “Хайр” хэмээх дууг бусдаас өөр өвөрмөц найрууллагаар буюу Морин хуурын чуулгын ятгын дөрвөл тэй хамтраад дуулж байгаагаараа онцлог. Учир нь хүмүүс энэхүү уран бүтээлийг өмнө цахилгаан хөгжмөөр сонсож байсан бол маргааш болох “Snow melody” тоглолтын тайзан дээрээс үндэсний хөгжим, тэр дундаа ятгын дөрвөл хөгжимтэй хамтран дуулах болно.

Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *